Д.Дагвадорж : Монголчууд Ц.Элбэгдоржийг дахин төрийн тэргүүнээр сонгосон цагт улс орон хөгжих юм шүү

23725_37737Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр орой Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд ажиллалаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Өвөрхангай аймагт хүрэлцэн ирэхэд Арвайхээр сумын цэргийн хүрээнийхэн хүндэтгэн жагсч, орон нутгийн удирдлагууд угтан авлаа. Түүний дараа нэр дэвшигч Богдхаант Монгол Улсын Ерөнхий сайд, Сайн ноён хан Намнансүрэн, Ерөнхий сайд асан П.Гэндэн нарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг, УИХ-ын гишүүн М.Батчимэг, Мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга асашёорюү Д.Дагвадорж, Даян аварга А.Сүхбат, Монгол Улсын гавьяат тамирчин Ч.Дамдиншарав нар дээрх аймагт ажилласан юм.

Өвөрхангай аймгийн иргэд сонгогчидтой хийсэн уулзалтыг нээж УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дахин сонгох хэд, хэдэн бодитой шалтгаан бий болсныг онцлон тэмдэглэсэн юм.

Нэгдүгээрт, Монголын ард түмний өмнө ардчиллын том давалгаа бий болсон. Энэ бол бүтээн байгуулалтын давалгаа. Үүнийг айл гэрийн хүн бүрт хүргэх ёстой.

Хоёрдугаарт, дэлхий дахин Монгол орныг ардчилсан улс гэдгийг орчуулгагүйгээр мэддэг болсон. Дэлхий дахинд Монгол ардчилсан орон гэдгийг таниулсан хүн бол өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж.

Гуравт, авлигагүй, архигүй, алагчлалгүй нийгмийг байгуулах нийгмийн захиалга ирээд байгаа. Тийм учраас эхлүүлсэн ажлыг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоор гүйцээн хийлгэх сонголт Монгол ард түмэн та бидний гарт ирсэн шүү гэдгийг онцлон захисан юм.
УИХ-ын гишүүн М.Батчимэг “Ерөнхийлөгч хүн бол хүний төлөө сэтгэлтэй хүн байх ёстой. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, тэргүүн хатагтай Н.Болормаа нар тийм л хүмүүс. Дөрвөн хүүтэй байхдаа нэг охин өргөж авсан, дараа нь эцэг, эхээсээ өнчирсөн, хүнд хэцүү амьдрал туулсан 20-иод хүүхдийг үрчилж авч өсгөсөн. Хүнээр хүн хийнэ гэдэг бол хамгийн хэцүү ажил. Гэвч тэд халгасангүй тэр бүх хүүхдэд ээжийнх нь оронд ээж, эцгийнх нь оронд эцэг болж яваа хүмүүс” гэдгийг тодотгосон бол асашёорюү Д.Дагвадорж “Монгол хүний үнэлэмж бол хүний эрх, эрх чөлөө байх ёстой. Энэ эрх чөлөөг бий болгож чадсан хүн бол өнөөгийн тэргүүн. Тэр спортод ч элэгтэй. Өвөрхангайчууд та бүхэн маань өнөөгийн Ерөнхийлөгчөө дэмжээрэй, монголчууд бид энэ хүнийг дэмжиж дахин төрийн тэргүүнээр сонгосон цагт улс орон хөгжих юм шүү” гэсэн бол Даян аварга А.Сүхбат “Залуусаа дэмждэг, спортод элэгтэй Ерөнхийлөгчөө Монголын залуучууд, өвөрхангайчууд мөн дэмжинэ гэдэгт итгэл дүүрэн байна хэмээлээ.

УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж “Ерөнхийлөгч байна гэдэг юм бодоод суралцдаг ажил биш. Мориноосоо буух завгүй ажиллах ёстой алба. Цай сүүнийхээ дээжийг өргөн өвөрхангайчууд маань Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дэмжиж сонголт хийгээрэй” гэдгийг онцлон хүслээ.

Харин нэр дэвшигч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Өвөрхангайд ирэхэд бороо шивэрч хураар угтан их сайхан угтан авлаа. Сэтгэл минь их хөдөлж байна. 2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхад Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрийн 19 хувь нь ашигт малтмалын лицензит талбайд хамаарч байсан бол одоо таван хувь болж буурсан. Хууль бусаар олгогдсон ашигт малтмалын лицензийг цуцлах, хориглох, шинээр олгохыг хориглосон энэхүү шийдвэрийн дүнд Өвөрхангай аймгийн лицензт талбайн хэмжээ өнөөдөр таван хувь болж дөрөв дахин буурсан байна. Энэ бол мал бэлчээртэй, малчид өвөлжөө, хаваржааны нутагтай байна гэсэн үг. Улс орон хөгжинө. 2015 он гэхэд 21 аймаг Улаанбаатар хоттой авто замаар холбогдсон байна. Зам дагаж хөгжил гэдэг. Үүнийг Ардчилсан нам хийнэ. Мөн хүүхдээ харж байгаа эхчүүд рүү хандсан төрийн үйлчилгээг бид илүү сайжруулна. Хүүхэд харах үйлчилгээг нэвтрүүлнэ. Авлигатай тууштай тэмцэнэ. Зөвхөн газрын наймаанаас авлигачид 294 тэрбум төгрөг идсэн байна. Энэ бол 100 сургууль, эмнэлэг барих хэмжээний мөнгө авлигачдын ханцуйд орсон гэсэн үг. Цаашдаа би авлигчдыг байж суух газаргүй болтол нь тэмцлээ үргэлжлүүлнэ. Ачаагаа анх авч гарсан хүн л бүтнээр нь зорьсон газартаа хүргэж чаддаг юм. Надад ганц нам бий, тэр нь Монголын ард түмэн та нар юм” гэснийг өвөрхангайчууд уухайлан дэмжиж, авлигачидтай хийх тэмцлийнхээ эрчийг бууруулж болохгүйг сануулснаар энэ удаагийн уулзалт өндөрлөлөө.

Арвайхээр хотоос Улаанбаатар хот руу хөдлөх замдаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дагалдан яваа хүмүүсийнхээ хамтаар Зэвсэгт хүчний 256 дугаар ангид зочилж оройн тоонд оролцлоо.

Монгол Улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч тэрээр цэргийн тангараг өргөсөн дайчин бүрийнхээ төлөө, ахлагч, офицер бүрийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд тууштай бодлого дэвшүүлэн ажиллахаа илэрхийллээ. Тухайлбал, Цэргийн алба хаасан залууг хамгийн түрүүнд төрийн албанд ажилд авдаг болохоос эхлээд бүхий л талаар дэмжих бодлого үргэлжилнэ гэдгээ мэдэгдсэн юм.

Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Зэвсэгт хүчний 256 дугаар ангид зочилсноор орон нутагт ажилласан томилолтоо өндөрлүүллээ.


URL:

Сэтгэгдэл бичих