Мухар сүсгээс мэдлэг боловсрол руу
Сүүлийн 20 жилийн дайвар бүтээгдэхүүн бол мухар сүсэг. Мухар сүсэг гэдэг мэдлэг үгүйн гай. Энэ гай хүний дайсан. Мухар сүсэг гэдэг харанхуйгаар шүтэх. Шашиныг харанхуйгаар шүтэгчид жинхэнэ мухар сүсэгтэнгүүд. Тиймээс мэдлэг үгүй явна гэдэг шашины золиос. Ар Монголд шашиныхан зориуд өөрсдийн үүргээ умартан хэт ашиг олохын төлөө шунаснаар мухар сүсэг гаарсан. Будда, Күнз, Нагаржунай, Оошо, Христ бүгдээрээ монголчууд биш.
Эдгээр гадаадын хүмүүсийн нэрийг уридаа барисан шашины гэх байгууллагууд Ар Монголд хүмүүсийг соёлт амидралаас хөндийрүүлж арчаа үгүй ноомой шүтэн биширдэг эд хэрэгсэл болгохын төлөө зориуд суртал ухуулагдана. Өөрсдийгөө шинжлэх ухаан, гүн ухаан, ерөөсөө бүгдийг мэднэ гэж гайхуулна. Будда, Күнз, Нагаржунай, Оошо, Христ гэх мэтийн хүмүүсийн нэрээр ашиг хайсан гадаадын байгууллагууд өөрсдийгөө бас философи гэж нэрлэж зориуд хүмүүсийн тархийг угаана. Хэрвээ мэддэг гэвэл яаж мэдсэн түүхээ ярих хэрэгтэй хэрвээ философи гэвэл бичсэн номуудаа бас баримтуудаа гарган тавих хэрэгтэй.
Гэтэл ямар ч олигтой оюуны түвшинд ном үгүйгээр бас хаанахын ямар байгууллагын төлөөлөгч гэсэн баримт үгүйгээр өөрсдийгөө аман яриагаар ухуулга хийж Ар Монголд бүгцгээжээ. Будда, Күнз, Нагаржунай, Оошо, Христийн шашин гэсэн мухар сүсэгүүд зөвхөн л хүмүүсийн санаагаар хийгдсэн ба үнэмшил дээр тогтоно. Гэтэл санаа алдаатай бас худлаа байх боломжтой. Үнэмшил заавал үнэн байх алба үгүй. Өөрийн санаа өөртөө зөв гэтэл өөрийн санаа буруу тохиолдолд бусдыг баллана. Тиймээс мухар сүсэг хүний үнэмшилээр тоглодог. Худлаа бас хортой зүйлсэд хүмүүсийг зориуд ашиг олох гэж үнэмшүүлнэ гэдэг гэмт хэрэг.
Шашины үүрэг гэвэл зөвхөн л хүн хорвоо дээр төрсөний шалтгааныг тайлбарлаж яагаад үхэх ёстой вэ гэдгийг ухааруулах тэр уран үйлсийг шашин гүйцэтгэх даалгавартай. Түүнээс биш шашин юуг ч мэдэмхийрч ирээдүйг уридчилан хийх тийм даалгавар үгүй. Тэр ч бүү хэл шашин эмнэлгийн газар биш.
Сүм хийдүүд орлогын төлөөх ашиг хонжооны газар биш. Зөвхөн л хандив дээр л ажиллах учиртай. Ямар ч лам гэр бүлтэй болохыг хорих хэрэгтэй. Сүүлийн 20 жилд хүний нийгмийн бүхий л ёсууд алдагдаж гэр бүлүүдийн задрал явагдсанаар хүн өөрийнхөө гэнэт гарч ирсэн орших үгүйн тухай асуудалдаа хариулт үгүй хоцорсон. Нэгэнт аврах ёстой төр аврахаас татгалзсан тул хүмүүс олон мянгаараа шашины сүм хийдүүдийг зориж аврал хайсан. Ялангуяа залуучууд сүм хийд рүү татагдсан явдал нэг талаас Христийн сүм хийдүүд гайхамшигтай сурталдсан хоёрдугаарт социализмын дараах улстөрийн тухай ээж аавууд гэртээ ямар ч тайлбар залуучуудад хийж тэднийг сэхээрүүлсэн үгүй. Тиймээс тайлбар хайсан залуус шашин нэртэй сүм хийдүүдэд мухар сүсэгтэн болж хувирцгаасан.
Философич Марксын хэлсэнээр критик хаанаас эхэлдэг вэ гэхээр “шашины критикээс” л эхэлнэ гэдэг. Тиймээс энэ шүүмжлэх гэж буй шүүмж шашины шүүмж. Шашиныг төрөөс салгаж сүм рүү оруулаа ч л гэж олон философичид анхааруулж ирсэн. Тэгсэн үгүй л гэвэл Марксын бичсэнээр шашин ерөөс олон нийтийг мансууруулж өөрийн ухаан үгүй болгодог хар тамхи шүү гэдэг. Мансуурсан хүн хэзээ ч бодох үгүй, хэзээ ч эргэлзэх үгүй хэзээ ч ухамсарлах үгүй. Мансуурсан хүн зөвхөн л сэтгэлийн золиос. Айж сэтгэнэ, гуйж сэтгэнэ, биширч сэтгэнэ, шүтэж сэтгэнэ, мухардсан ухаан, хоосон сүсэглэл. Социализмын үед улс оронд Буддын шашиныг хянаж хэт даварахаас болгоомжлосон зарчим барисан. Ерөөсөө Европт явагдсан соён гэгээрүүлэл бурхан шашинаас хүмүүсийг чөлөөлсөн.
Шашины догманаас хүний оюуныг буюу билэгийг, мэдлэгийг болон хүний сэтгэлийн онцлогуудыг 200 гаруй жилийн өмнө соён гэгээрэл чөлөөлж чадсан. Энэ чөлөөлөлт Ар Монголд социализмын эхэнд явагдсан. Гэтэл сүүлийн 20 жил шашиныг Ар Монголд гааруулсан. Дуртай шашин дуртай газраа цэцэглэсэн. Нэгэнт гаарсан тул соён гэгээрэл биш шашиний мухар сүсэг дэлгэрсэн. Шашин хүмүүсийг мэдлэг үгүй, билэг үгүй, сэтгэлийн хөдөлгөөн үгүй болгосон. Соён гэгээрэл тухайн үедээ шашиныг төрөөс тусгаарлаж чадсан. Тиймээс хүмүүст улс төрийн эрх чөлөө өгсөн. Гэтэл энэ үйлс Ар Монголд ирсэн үгүй харин ч улс оронд мухар сүсэгийг дэвэргэсэн. Энэ дэвэргэлтийн нэг жишээ бол ерөнхий боловсролын сургуулиудад арга билэгийн хичээл оруул гэж тогтоол гаргасан. Мухар сүсэг дээд цэгтээ хүрсэний гэрч гэвэл арга билэг гэсэн хуйвалдаан. Ерөнхийлөгч арван жилийн сургуулиудад арга билэгийн хичээл заа гэж тогтоосон тогтоолоороо улс оронд мухар сүсэгийг төртэй холиж хутгасан. Ямар их хоцрогдол вэ? Үүнийг боловсролын мухардал гэхээс өөр нэрлэгээ үгүй. Хүүхэд залуучуудад арга билэг яриж төөрөгдүүлэхийн оронд тэднийг бодож сургах л хэргийн учирт оршино.
Францын философич Руссогийн хэлсэнээр “Бодол гэдэг урлаг ба үүнийг яг л бусад урлагуудтай адил суралцах ёстой.” Яагаад ерөнхийлөгч энэ бодох урлагт суралцсан үгүй вэ. Философич Ницшэ хэлэхдээ “Хүсэл үгүй газар шүтлэг их. Хүсэлтэй хүн өөртөө итгэлтэй бас тэнхээтэй.”
Тиймээс арга билгэ гэж шүтлэгдэж, арга билэг сурцгаа гэж уриалан хүмүүсийг өөртөө итгэл үгүй бас тэнхээ үгүй болгох хэнд хэрэгтэй вэ. Хэн үүнийг эхлүүлж өдөж тогтоол гаргах хүртэл урд хойгуур ажиллаж чадав. Энэ гэмт хэргийн хариуг хэзээ нэгэн цагт амсаж хариуцлагаа тухайн хүмүүс хүлээх л ёстой. Ерөнхий боловсролын сургулиудад арга билэг нэрийн дор мухар сүсэгийн хичээл орно гэдэг нэг үгээр хэлэхэд лам нарын бизнэс улам даварна гэсэн үг. Социализмын үеийн “Түмний нэг” кинонд лам хүүхэдүүд сүм хийдээс оргож танхимд ирж сургуулийн сурагч болдог. Тэр бол хөгжил дэвшил. Гэтэл үүний яг эсрэгээр хөгжилийг зогсоож лам хүмүүс сургуулийн танхимаар дүүрч арга билэгдэнэ гэдэг мэдлэг боловсролын ялагдалын цаг иржээ л гэсэн шууд логик.
Ингэж “Буддизмийн диктатур” тогтоох гэж оролдож буй оролдлог хаанаас эхлэлтэй вэ. “Цогт Тайж” киноны гол баатаруудын нэг Арслан Тайж Төвдийн буддизмд дагаар орно гэж Цогзолмаа жүжигчинд мадлуулж 7 хүрсэн үгүй настай халзан хүүгийн өмнө сөгдөн Хамаг Монголыг худалддаг.
Ердөө нэг хүүхэн бас нэг хүү хоёр л сэлэм зүүсэн хүдэр эрийг буулгаж авдаг. Уул бүрхсэн мянга мянган цэргүүд яаж ч чадах үгүй Арслан Тайжийн тушаал дор Буддын шашинд ордог. Хамаг Монголын хоорондын зөрчил үүгээр эхлэж эцэстээ ялагдал “Цогт сөнөсөн” гэдэг хоёрхон үгээр нүүрлэдэг. Төвдөөс улбаатай Буддизмын хортой бас хүчтэй урсгал болох шарын шашинд хэдэн зуун жил Ар Монгол дарлуулсан. Энэ Буддизмын диктатураас Зөвлөлт Оросын тусламжтайгаар арай гэж нэг салсан хэдий ч Оросын элчингийн өмнө очиж “Явцгаа” гэж хөөсөнөөр мэдлэг боловсролыг орхиж шашины мухар сүсэг рүү хуйларсан. Одоо тэгээд арга билэгийн хичээл сэдсэнээр шарын шашины диктатур буцаж ирлээ. Сансарт Гүррагчаа ниссэнээс хойш 30 жил боллоо гэж зурагтаар шагширах.
Гэтэл тэнгэрт үүлэн дундаас Чингис хааны дүрийг олж харлаа гэж хэсэг хүмүүс галын түүдэг түлж хүзүүгээ чилтэл тэнгэр лүү өлийцгөөх. Ямар их том ялгаа вэ? Сансарт хүн ниснэ гэдэг чинэ тэнгэрт, огторгуйд дүүлэн явна гэсэн үг шүү дээ. Гэтэл тэр тэнгэрт Чингисийн хойд дүртэй, нас барсан хүмүүстэй ер тааралдсан үгүй гэдэг шүүдээ. Өөрсдийгөө тэнгэрийн гаралтай гэж нэрлэдэг хүмүүс их дээд сургуулийн тасалгаануудад арга билэгийн тухай ярина гэдэг боловсролын ямар их төөрөгдөл вэ? Залуу хүмүүс шашинаар хөөцөлдөж амидралаа үрэх хэрэг үгүй. Хөгшин хүмүүс шашинаар оролдож бурханыг шүтэх тэдний зөв. Яагаад гэвэл хөгшин хүмүүсийн амидрал төгсгөл рүүгээ ирсэн тэгэхээр одоо том зорилго эсвэл том ирээдүй гэх мэт эцэслэсэн.
Залуу хүн том зорилготой бас том ирээдүйтэй. Одоо л сурч боловсорч зорилгоо тогтоож ирээдүйгээ төсөөлж урагшаа амидрах хэрэгтэй. Тиймээс залуучууд сүм хийдээр эргэлдэж уншлага сонсож пасторын үгээр тархиа угаалгуулах дэндүү их хоцрогдол. Хүүхэд төрөх болон хүн үхэх энэ л амидралын онцгой хугацаануудыг шашинд хариуцуулдаг. Иймэрхүү хариуцдаг шашинууд хүүхэд төрөхөд бурханы бэлэг гэж хүлээн авдаг. Харин хүн үхэхэд бурханы гарт буцаан өгдөг. Гэхдээ л шашины эрсдэлийг тооцох хэрэгтэй. Шашин ерөөс мэдлэгээс хол тасархай тул баталгаа үгүй үнэнийг тараадаг үүнийг дагах мөн л их эрсдэл авчирна.
Үүнээс болгоомжлохын тулд мэдлэгээс суралцах ёстой. Бас мэдлэгийг хүлээн зөвшөөрч өөрийгөө өөрчлөх шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ. 2500 жилийн өмнөөс үүссэн философи гэдэг онцгой мэргэжлийн эхлэл ерөөсөө мэдлэг. Нэг үгээр хэлэхэд баталгаатай үнэн. Санаагаа орхиж мэдэцгээе гэсэн философичдын уриалга тэр л үеэс эхлэлтэй. Ар Монголд философийн мэргэжил ирсэн үгүйгээс л ингэж мухар сүсэг гаарсан. Мухар сүсэг болон шашин яагаад үүссэн энэ бүхэн хүний тархи дотор хэрхэн анх зохиогдсон гэх мэт хүний ухааны олон үйлдэл мөн ухаан үгүй хийдэг олон гэмүүд болон гайхамшигуудыг тархи судлаачид олж мэджээ. Шашин хүний тархийг хэрхэн эвддэг болохыг хэмжиж тогтооход амархан болсон. Энэ бол мэдлэг. Мэдлэг гэдэг үнэн бас баталгаатай мөн баримттай. Хаана ч хэний ч өмнө гарган тавихад маргах боломж үгүй, эсэргүүцэх боломж үгүй бас үгүйсгэх боломж үгүй.
Дэлхийн бүх их сургуулиудад яг л адилхан хүлээн зөвшөөрөгдсөн мэдлэгийг заадаг. Тиймээс залуучууд ямар орон луу очиж суралцах мэдлэгийн ямар ч ялгаа үгүй. Мэдлэг бол дэлхийн олон ороны судлаачидын нөр их хөдөлмөрөөр үүсэж бүтээгддэг тул маш их үнэтэй. Тийм мэдлэгтэй оронууд бас дэлхийн үйлдвэр хөгжсөн баян оронуудын тоонд багтдаг.
Хүний тархины ямар хэсгүүдэд хэл яриа, ямар хэсгүүдэд зурагны өнгийг ялгах чадвар байрладаг болохыг тархи судлаачид судлаж мэдсэн бөгөөд одоо үед тархины ямар хэсэгт сэтгэлийн хөдөлгөөнүүд байрладаг болохыг судалж эхэлсэн. Хамгийн сонирхолтой юу вэ гэхээр тархи судлаачид шашин шүтлэг хүний тархины ямар хэсэгт байрладаг болохыг судалж эхэлсэн явдал бөгөөд тэдний таамаглаж буйгаар магад үгүй зарим хүмүүс төрөхийн л тархиндаа шүтэж бишрэх онцлогтой төрөх магадтай гэж таамаглаж буй таамаглал.
Буддын шашин, Күнз, Нагаржунай болон Христийн ертөнцийн эзэн гэх мэтийн мухар сүсэгийн тухай хүмүүсийн шүтлэг зөвхөн тухайн хүний тархин дотор л явагдах үйлдэл бөгөөд түүнийгээ тархиныхаа чадвараар зогсоож чадвал шүтлэг үгүй болох тийм л хялбархан ажээ. Тиймээс тухай хүн тархиа нэг үгээр хэлэхэд өөрийн ухаанаа яаж удирдаж ойлгож бас залуурдаж чадна вэ түүнээс л бүхий л мухар сүсэг хамааралтай. Өөрийн ухаанаа залуурдана гэдэг санаа, сэтгэл, төсөөлөл, үнэмшил цаашилбал бодол гээд энэ бүгдийнхээ ялгааг ялгаж ухаарахыг хэлнэ. Эдгээрийг ялгаж чадаж тархиныхаа эзэн болж чадвал ертөнцийг харах харц хүртэл өөрчлөгдөж тухайн хүний мэдрэмжинд хүртэл хөгжил явагдана. Энэ бүгдийг зааж хэлж өгөх сэтгэл судлалын мэргэжил өнөөдөр нэгэнт үгүй тул яагаад сэтгэлийн энэ хөдөлгөөнүүд хөдөлдөг яагаад далдлагдсан ухаан ийм их хүчтэй гэдгийг тайлбарлаж чадах тийм олон улсын хэмжээний мэдлэгтэй хүмүүс дутагдсаар тул энэ хоосон орон зайг шашиныхан эзэлжээ.
tsagtur.mn
URL: