Богд хааны ордны газрыг шинжсэн тухай
Орон газрын ерөнхий шинж
Богд уул бол дархан цаазтай уул юм. 33 амтай. Хэдийнээс нааш Монгол газрын чухал төв нутаг байсаар иржээ. 1755 онд Хүрээ сайд Юндэндорж Манжийн хаанд айлтган дархан цаазтай болгожээ. Дархан цааз гэж юу вэ? гэвэл Богд уул харагдах газар хүн хийгээд мал, амьтны амь таслахыг хориглон цаазалж, дархалсан гэдэг. Энэ хууль 1940-өөд он хүртэл хүчинтэй байжээ. Жишээ нь 1937 онд хэлмэгдүүлэлтийн үед УБ хотын газрын хуваариар муу зүг нь болох зүүн хойт зүгт нь буюу Шар хадны буруу хойш харсан энгэр болоод Хамбын овооны баруун хойш харсан аманд цаазаар аваачдаг байжээ. Энэ хоёр газар бол Богд уулын бараа харагддаггүй цэгүүд нь байсан юм. За мал амьтны тухайд бол яриад яахав дээ. Хүнийг цаазаар аваачихад тухай ийм ёстой байсан байхад…
Шар хадны эмнэлэг гэдэг сэтгэцийн больниц буюу анх Хий судлалын больниц нэртэй газрыг ч ”муу зүг”-т буюу зүүн хойт зүг, Шар хаданд байгуулсан нь ийм учиртай.
Дөрвөн уулаар хүрээлүүлсэн Их хүрээний орон газар бол энэ дэлхий дээр байдаг Дэмчиг бурхны 24 орны нэг ариун дагшин газар гэж судар номд бичдэг байжээ. Ханд дагинасын орон. Тиймийн тул эмэгтэй хүний авъяас, билиг нээгддэг.
Чингэлтэй хайрхан уул бол Цогдаг гарбо буюу Хуврагийн эдлэлийг даасан цагаан зааны дүртэй бурхны шинжтэй уул юм. Энэ заан цомцойн суусан хэлбэртэй бөгөөд түүний тугал нь урагш хошуугаа сунган хэвтсэн шинжтэй. Тасганы овоо бол тэр зааны тугалын хошуу нь тул анхан Заан хошуу гэдэг нэртэй байжээ. Хожим Гандангийн лам нар энэ овоон дээр хичээлийн завсарлагаагаар тасга буюу алга ташин ном хаялцаж эхэлснээс Тасга овоо нэртэй болжээ. Энэ бэлгээр хожим ”тасарна” гэж дээдэс хэлснээс үнэхээр тасарсан бөгөөд одоо дундуур нь зам явж байгаа.
Чингэлтэй хайрхан уул бол Халхын аз амын хишгийг даасан хайрхан тул ”Халхын буянд эзэн сууна” гэж хятадууд сүм барьсан нь Гуан инь буюу Гэсэр сүм бөгөөд одоо тэнд Бадам ёга дацан байрлаж байна. Энэ хавийг Баруун дамнуурчин, 7 гудамж гэж нэрлэж байжээ.
УБ хотын дундуур урсах Дунд гол, Туул голын бэлчир газар нь Ханд дагинасын буулттай орон тул энд Богд хаанд зориулж 3 сүм барьжээ. Эхнийх нь Цагаан ордон (Хуучин I цахиалгаан станц), Хайстайн лаврин (Удирдлагын академи), Ногоон ордон (Богд хааны ордон музей).
Богд хааны ордон музейг зүүн тийш харуулж тавьсан үхрийн өвчүү мэт газар шинжиж барьжээ. Энэ нь 2 голын саваас зүүн зүгээс ирэх үер усны аюулаас сэргийлж барьсан тул 1966 оны үерийн үеэр ”Далай дунд хөвж яваа хөлөг онгоц” шиг харагдаж байсан бөгөөд үерт автаагүй байна. Энэ дагшин газар рашаантай. Саяхан болтол ундрага сайтай байлаа. Харамсалтай нь ”Жигүүр гранд” компанийн барьж буй ”Гэгээнтэн” хотхоны буянаар энэ эко орчин алдагдаж, үхрийн өвчүүний бүтэрхий нь тасарч, рашаан нь сэргэж, нар харах хувь нь төгсч байна.
Богд хааны ордон музейн тайлбарлагч Г.Нямочир
URL: