Байшин хүртэл хөгждөг л юм байна
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд төр засгаас олон ажил зохион байгуулж, хийж байна.
Түүний хажуугаар хувийн байгууллага, компаниуд ч гэсэн энэ ажилд хувь нэмрээ оруулж байгаа. Жишээ нь, Канад, Герман технологийн байшин барьж, ард иргэдэд үйлчилж байгаа компаниудыг дурьдалгүй өнгөрч болохгүй.
Өнөөдөр иргэдийн зарим хэсэг нь нийтийн орон сууцанд орох гэхээс илүү амины тохилог орон сууцанд орох хүсэлтэй болсон. Ядаж л аятайхан байшин бариад суучих, тэндээ эвтэйхэн амьдарчих бодолтой болж. Гэхдээ уламжлал болсон дөрвөлжин байшиндаа, өвөлдөө цонхоо дулаалж амьдрахыг хүсэхгүй байна.
Мөн байшин барих гээд шавар зуурч, тоосго өрөөд зүтгээд байхыг хүсэх хүн ч цөөн болж. Түүний оронд хурдан баригддаг, загвар сайтай, дулаахан байшинтай болохыг хүсч байна. Энэ эрэлт, хүслийг биелүүлдэг компаниуд ч дагаад олширч эхэллээ. Үндсэн шинэ технологиуд ч хөгжиж байгаа юм. Хүний хуучин нь дээр, хувцасны шинэ нь дээр гэдэг үг байдаг. Түүн шиг шинэ технологи нь яаж ч бодсон дээр.
Жишээ нь, “Дулаахан Өлзийт” ХХК “Мянганы сорилтын сан”-гаас хэрэгжүүлж байгаа “Цэвэр агаар” төсөлтэй хамтран гэр хороололд тохилог, дулаахан, гал түлдэггүй хувийн орон сууцыг гурав дахь жилдээ барьж байна. Мөн “Люксвүүд Хаус” ХХК Монгол Улсад анх удаа Герман улсын технологи болох мод, хуванцарын нийлмэл барилгын материалаар амины орон сууц угсрах болон энэ технологийн барилгын материалыг нийлүүлж байна.
Мод, төмөр, цемент, хуванцар, тоосго, элс, чулуу гэх зэрэг нь өнөөг хүртэл барилгын материалд ашиглагдсаар байгаа бөгөөд энэ нь байгаль орчинд хор хөнөөлтэй, өртөг өндөр, хаягдал их гаргадаг учраас эдгээр барилгын үндсэн материалыг орлох, дахин боловсруулагддаг шинэ технологийг олон улсын барилгын материалын зах зээлд бий болсныг танилцуулан нэвтрүүлж эхлээд байгаа юм.
Тус бүтээгдэхүүн дулаан хадгалалтын өндөр зэрэгтэй, эрчим хүчний хэмнэлттэй, дуу чимээний тусгаарлалттай, газар хөдлөлтийн найман баллд тэсвэртэй, ус чийгнээс бүрэн хамгаалагдсан, нүүрстөрөгчийн ялгаруулалт багатай, байгаль орчинд ээлтэй, зэвэнд идэгддэггүй, мөөгөнцөртөхгүй, цагаан эрвээхий болон бусад төрлийн шавжнаас хамгаалагдсан гээд маш олон давуу талтай. Дээрээс нь энэ төрлийн байшин энгийн тоосгон, блокон байшингийн цахилгаан зарцуулалтыг даруй 65 хувь хэмнэх боломжтой гэж байгаа.
Сайхан хувийн байшинтай болоод, тэгсэн мөртлөө орон сууцанд амьдарч байгаа юм шиг тухлаг амьдраад, дээрээс нь цахилгааны хөнгөлөлт эдлэх гээд бүх боломжийг энэ төрлийн материалаар үйлдвэрлэсэн байшин олгож байгаа юм. Жинхэнэ технологийн дэвшил гэж энэ. Мөн Канад технологи гэдэг дотроо янз бүр.
Жишээ нь, Канадын модон араг бүтэцтэй эко орон сууц байна. ШУТИС-ийн Канадын модон араг бүтээцтэй барилгын технологийн хөгжлийн төв энэ сууцыг барьж байгаа юм.
Мод бол байгаль орчинд хөнөөл багатай, байгалийн нөхөн сэргээгдэх нөөц бөгөөд тал бүрээр боловсруулахад хялбар бүтээгдэхүүн. Модыг боловсруулахад бетон болон ганг үйлдвэрлэхээс хавьгүй бага эрчим хүч шаардагддаг төдийгүй ус, агаар бохирдуулагчийг маш бага ялгаруулдаг.
Мод нь эсийн хөндий бүхий бүтэцтэй учир маш сайн байгалийн дулаан тусгаарлагч болж гангаас 400 дахин, бетоноос 8.5 дахин бага дулаан дамжуулдаг. Канадын модон араг бүтээцтэй барилгын технологи нь орчин үеийн барилгын шаардлагыг хангасан эко технологи гэдгээрээ дэлхийн олон улс оронд хүлээн зөвшөөрөгдөөд байгаа бөгөөд хүрээлэн буй орчин хийгээд хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх элдэв химийн хорт бодисын нөлөөллийг багасгаж байна.
Модон араг бүтээцтэй барилгыг барих технологид суралцахад хялбар, барилгад ашигладаг материалууд нь бат бэх, хөнгөн, ашиглахад хялбар, хугацаа бага шаарддаг, дэлхийн аль ч оронд барьж ашиглах боломжтой. Модон араг бүтээцтэй барилгын уян хатан, бат бөх чадварыг түүний жинтэй харьцуулахад өндөр тул газар хөдлөлт болон хүчтэй салхийг тэсвэрлэх чадвар сайтай байдаг. Гэх мэтээр шинэ технологийн давуу талыг дурьдаад байвал дуусахгүй. Өдөр ирэх тусам бүхий л зүйл дэвжиж, дээшилж байгаа энэ үед байшин хүртэл хөгждөг л юм байна.
Иргэн танд хүсэл, сонирхол байгаад, үнэ өртөг нь тааламжтай санагдвал энэ мэт технологийн байшинг бариулчихаад, агаарын бохирдлын эсрэг аянд хувь нэмрээ оруулж, ая тухтай орчинд амьдрах нөхцлөө бүрдүүлэх биз ээ.
URL: