Хүн хар тамхи хэрэглэснээсээ хойш 12 жил насалдаг гэв

Хүн хар тамхи хэрэглэснээсээ хойш 12 жил насалдаг гэв

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бодисын хэрэглээний өнөөгийн байдлын талаар өчигдөр “Хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг”-ээс мэдээлэл хийлээ.

Өсвөр үеийнхний дунд хийсэн судалгаагаар архи, тамхины хэрэглээ өндөр байгаагийн зэрэгцээ бусад төрлийн мансууруулах бодисыг тодорхой хэмжээгээр хэрэглэдэг нь тогтоогджээ. Нийт судалгаанд хамрагдагсдын 44.6 хувь нь архи, 40.3 хувь нь тамхи хэрэглэж үзсэн гэжээ.

Мөн 54 хүүхдийн 36 нь каннабис, 18 нь экстази хэмээх мансууруулах бодис хэрэглэж үзсэн аж. Эдгээр хүүхдүүдийн 5.96 хувь 24 хvртэлх хүүхэд байгаа ажээ. Мөн энэ үеэр судалгаанд оролцсон оюутан, сурагчдын 436-д нь мансууруулах бодис хэрэглэж үзэх санал ирсэн тухай хэлсэн байна.

Энэ үеэр Хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Ш.Лхагвасүрэнгээс зарим зүйлсийг тодрууллаа.

-Монгол Улсыг хар тамхины тээвэрлэгч орон болсон гэх боллоо. Энэ талаар?
-Өнөөдөр мансууруулах эм, бодисыг хууль бус зорилгоор хэрэглэхийн эсрэг дэлхий нийтээр тэмцэж байгаа. Гэсэн хэдий ч хэрэглэгчдийн тоо буурахгүй улам өсөх хандлагатай болж байна. Хөгжиж байгаа орон болон буурай хөгжилтэй орнуудын эдийн засаг, эрх зүй болон бусад сул талуудыг ашиглан зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүд мансууруулах бодисын үйлдвэрээ эдгээр улс руу шилжүүлж байна. Манай улсын хувьд хар тамхийг хуулиар хориглодог ч далдуур худалдсаар л байгаа. Тэгэхлээр тээвэрлэгч орон гэх магадлал бий. Ер нь тээвэрлэгч улсаар дамжин өнгөрсөн хар тамхины арван хувь нь тухайн улсдаа үлддэг гэсэн судалгаа байдаг.

-Иргэд хар тамхи хэрэглэх болсон шалтгаан юунаас үүдэлтэй юм бол?
-Анх хэрэглэсэн шалтгаан нь Оросын цэргийн ангийн албан хаагчид өөрсдөө мансууруулах ургамал тарьж, түүнийгээ хэрэглэж ирсэнтэй холбоотой байдаг. Түүнийг нь хүүхдүүд хараад дууриаж хэрэглэх болсон байдаг юм. Улмаар нэг хэрэглэгч дөрвөн хүнийг уруу татсан байдаг.

-Хар тамхи хүнд яаж нөлөөлдөг юм бол. Энэ талаар танайд ханддаг хүмүүс юу гэдэг вэ?
-Архитай төстэй. Гэхдээ хордуулах зэрэг нь архи, тамхинаас гурав дахин илүү байдаг. Ингэснээр хүн гоо сайхнаа алдах, наслалт нь багасах аюултай. Хэрэглэдэг хүмүүсийн байдлаас харахад хүн хар тамхи хэрэглэснээсээ хойш 12 жил л насалдаг гэсэн баримт байдаг. Хэрэглээд донтчихсон хүн хар тамхинаас өөр зүйл бодохоо больчихдог юм. Энэ бодис их үнэтэй болохоор мөнгөний төлөө хүн алах, дээрэм хийхээс буцахгүй болчихдог гэсэн.

-Донтох өвчтэй хүнийг Монголд эмчилдэг үү. Ийм өвчтэй хүн хэд байна вэ?
-Эмчлээгүй байгаа. Нэгэнт донтчихсон хүн эмчлэгдэхэд бэрх. Харин иргэд үүнийг хэрэглэхгүй, донтохгүй байхын тулд хуулиа сайн мэддэг байх хэрэгтэй. Мөн бусдыг даган дууриахгүй, үгүй гэж хэлж байх ёстой. Манай байгууллагад хандсан хүмүүс дотор донтох өвчтэй 108 хүн байгаа. Одоо энэ хүмүүстэй ажиллах шаардлагатай байна. Манай байгууллага Хууль зүйн яаманд нэг цэгийн үйлчилгээ байгуулах хэрэгтэй байгааг уламжлаад байгаа. Ер нь манай байгууллага хязгаарлах үйл ажиллагаа сайн явуулдаг хэрнээ эрэлт хэрэгцээг бууруулах, хор хөнөөлийг ойлгуулах талаар үйлчилгээ үзүүлдэггүй. Эдгээрийг цогцоор нь хийж байвал урьдчилан сэргийлэх үйлчилгээ сайжрах болно.

-Яг өнөөдрийн байдлаар манай улсад хар тамхи хэрэглэж байгаа хүн хэд байна вэ. Ямар төрлийн бодисыг түлхүү хэрэглэж байна?
-2012 оны байдлаар хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байгаа хүний тоо 361 болсон гэсэн судалгаа байдаг. Гэсэн хэдий ч хууль бусаар хэрэглэх, хадгалах, тээвэрлэх явдал бүгд далд хэлбэрээр явагддаг учраас үүнээс их байх магадлалтай. Манай улсад хар тамхийг тарих нь элбэг байгаа. Мансууруулах бодис нь үнэртэх, сорох, уух, хэлэн доороо уусгах, тарих гээд олон янз байдаг. Одоогоор нэг хүн хамгийн ихдээ найман төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн тохиолдол бүртгэгдсэн.

Г.Баярцэцэг /Нийслэл таймс/


URL:

Сэтгэгдэл бичих