Тэмцдэггүй ард түмэн мөхөж Урсдаггүй ус ширгэдэг

Энэ үгнүүдийг миний хүндэлдэг улс төрчдийн нэг Ли Куан Юү номондоо хэлсэн юм.
Эдийн засгийн хувьд хүчтэй хөрш том гүрнүүдийн дунд орших юу ч байхгүй, бүүр гүний ундны нөөцгүй учир уух усаа хажуу Малайз улсаас экспортолдог байсан хоцрогдмол ядуу жижигхэн арал.
Сайн удирдлагын хүчээр яаж цөөхөн жилийн дотор Дэлхийд дээрээсээ гуравт орох хүчирхэг Сингапур улс болон хөгжсөн талаар “From Third World to First. The Singapore Story” бүтээлдээ тодорхой бичсэн байдаг.
Тусгаар тогтнолоо дөнгөж олж авсан энэ улс яг Монголтой ижил дээд түвшинд авилгалд бүрэн идэгдсэн байв. Ли Куан Төр доторх хээл хахуультай тэмцэх Тусгай газар бий болгож ажилд оруулав. Шалгалтанд Ерөнхий сайд Ли Куаний өөрийнхөн ойрын хамаатнууд хүртэл өртсөн юм.
Маш олон сайд дарга нар илчлэгдэн олон жилийн шоронгийн ял авж, зарим нь амиа хорлож, гадаад руу оргон зугтасныг баривчлан авчирч хариуцлага тооцож байв. Шийтгэл авсан нөхдүүдийн дотор түүний эртний анд найз, олон жилийн хамтран зүтгэгч нар байсан.
Тэр номондоо “Хууль хүн бүрт хатуу үйлчилнэ” гэж олон удаа тодотгон бичсэн.  Сингапурд өнөөдөр хүртэл, хуулийг зөрчсөн зарим тохиолдолд олон нийтийн өмнө бөгсийг нь банздах, ташуурдах зэрэг цээрлэлийг гадны болон нутгийн иргэдэд хэрэглэдэг.
1990-2010 оны хооронд 648 хүнийг дүүжлэн цаазаар авсан, энэ дотор олон гадаад хүн байгаа. Хатуу тэмцлийн үр дүнд Авилгалгүй үзүүлэлтээр дэлхийн бүх 193 орноос үлгэр жишээ 5-р байрт жагсаж чадсан.
Монгол улсад өмнө нь Боловсролын сайд байсан, одоо УИХ гишүүн байгаа хүний эхнэрийнхэн нэрийн 21 ширхэг дансанд нийт дүнгээр 333 сая гаруй америк доллар байсан нь хөдлөшгүй баримтаар нотлогдож илэрлээ.
Экс сайд 20 гаруй жил өвөртлөж унтсан гэр бүлийнхээ хүний мөнгийг мэдэхгүй гэж өөрөөсөө зайлуулхыг оролдов. Ё.Отгонбаяр бол бусад луйварчдаа бодвол “ядуу” буюу “жижиг” гарын гэж тодорхойлогддог. Тэгвэл С.Баярцогт мэтийн шуналт акулуудын дансанд хэд байгааг төсөөлхийн аргагүй.
Монголын иргэн бүр татвар төлөгч. Ажил хийдэгч бай ажилгүй ч бай, хүн бүр дэлгүүрт худалдаж авсан ширхэг талх бүртээ татвар төлж тэр нь улсын Төсөвийг бүрдүүлж байдаг. Гэтэл энэ мөнгийг эд хулгайлан авч дансандаа тэрбум тэрбумаар нь хураажээ.
Одоо боллоо. Хүн бүр уурандаа тэсэрхэд бэлэн байна. Бүгдийг нэг мөр зайлуулья. Жижиг ганц нэг өнгөц холио солио юу ч өөрчлөхгүй. Урд нь сайд дарга байсан, одоо Засагт байгаа мөнгөжсөн хүн бүрийг нам харгалзахгүй шалган тогтоож буруу үйлдлээр цуглуулсан хөрөнгийг нь хураан авч.
Төрийн хулгайч болгон шүүхийн өмнө бөхийж хатуу цээрлэл хүлээтэл.
Энийг уншиж байгаа хүн бүрийг БҮХ НИЙТИЙН АЖИЛ ХАЯЛТ ХИЙХИЙГ УРИАЛЖ БАЙНА!
Муу муухай хар дээрэм луйвар ялах нь уу, сайн сайхан амьдралын төлөө ард түмний хүсэл ялах нь уу эцсээ хүртэл үзье л дээ…
Ч.Өрлөг

URL:

Сэтгэгдэл бичих