Аваргын төрсөн өдөрт 800 залуу зочиллоо
-Таны хэлэх дуртай үг юу вэ?
-Эзэн хичээвэл заяа хичээнэ.
-Таны дуртай хоол?
-Гурилтай шөл…
Энэ бол Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ оюутан, залуустай хийсэн уулзалтын эхний блиц асуулт, бас хариултууд. Нэг ёсондоо бие халаалт нь. Аваргатай уулзахыг хүссэн оюутан, залуус “We are the champions” ток шоунд хүрэлцэн иржээ. Шинэчлэлийг шинэ хүнээр… уриатай уг шоуны хөтлөгч нь “UBS”-ын Анууш, “Үнэн үү” ток шоуны Нямба, яруу найрагч Р.Эмүжин, сэтгүүлч, хөтлөгч Дөлгөөн нар.
800 залуу, дөрвөн хөтлөгч, нэг оролцогчтой энэхүү уулзалтын хамгийн том онцлог нь зургадугаар сарын 7 гэсэн өдөртөө байсан ч гэж хэлж болно. Тодруулбал, МАН-аас Ерөнхийлөгч нэр дэвшиж буй Б.Бат-Эрдэнэ энэ өдөр 49 нас хүрч байгаа ажээ. Өмнөх 48 төрсөн өдрөө гэр бүл, найз нөхдийнхөө хүрээнд тэмдэглэж ирсэн тэрээр энэ удаад 800 залуутай хамтдаа баяраа тэмдэглэв.
“Хамгийн мартагдашгүй, сайхан төрсөн өдөр болж байна” гэж баярын эзэн маань тодотгосон нь учиртай. Монголын ирээдүй болсон, энэ улсыг нуруундаа үүрч явах залуус аваргын төрсөн өдрийн гол зочид байлаа.
Энэ уулзалт элдэв улс төр гэхээс илүүтэй дэлгэрэнгүй, дотно сэдвийн хүрээнд болж өнгөрсөн. Хүүхэд ахуйн насны дурсамж, эхнэртэйгээ танилцаж байсан тэр л үеийн сэтгэгдэл, бас ид зодоглож явсан үеийн хууч, мэдээж ирээдүй болсон залуусын талаархи үзэл бодлыг нь сонссоноор үргэлжилсэн юм.
Хүүхэд насныхаа талаар аварга ийн ярих. “Манайхан эхээс тавуулаа. Би айлын бага. Би чинь ижийнхээ 44, аавынхаа 48 насанд төрсөн хүү юм шүү дээ. Намайг ухаан ороод л 6, 7 нас хүрч байхад аав, ээж маань 50 гарчихаж байгаа юм. Тэдэндээ туслах юмсан гэсэн сэтгэлтэй. Багаасаа ажил, хөдөлмөрийн амтанд орсон доо. Хог дээрээс орны цагаан төмөр цуглуулаад давтаж савар хийж, хөдөөгийн малчдад 15 төгрөгөөр өгч байсан. Хожим наймдугаар ангидаа хуучин яндангийн төмөр цуглуулаад эвхэж, хураадаг амбаар барьсан. Үүнийгээ 300 төгрөгөөр борлуулж хичээлийн хэрэгсэл, хувцас хунар авсан юм” гэлээ.
Харин эхнэртэйгээ танилцаж байсан дурсамжаасаа хуваалцахдаа тэрээр “Бид чинь үндэсний шигшээ багийнхан. Би жүдо, манай хүн гар бөмбөгийнх. Хуучин чинь үндэсний шигшээ багийн хувцсыг чинь шилжүүлээд өмсөнө шүү дээ. Нэг өдөр сурвалжлагч л зураг авах болсон байх. Намайг чинь шигшээ багийнхаа цамцыг өмс гээд. Минийх байдаггүй. Гэтэл харин Болороо уртхан ханцуйтай цамцтай тэнд зогсч байсан. Би ч цамцыг нь гуйж аваад зургаа авахуулсан. Тэгж л танилцсан” гээд “Ер нь л эмэгтэй хүн, эх хүн гэдэг чинь жаргах одонд төрсөн юм шүү” хэмээн залууст захиж байлаа. Гурван эгч, гурван охинтой тэрээр хөтлөгчийн асуусан “Та гурван эгчтэй хүн. Бас гурван охинтой. Халамжит ханьтай. Энэ долоон эмэгтэйн хайранд …” гэсэн асуултад “Би бас хоёр сайхан ээжийн өвөр дээр өссөн хүн шүү” хэмээн тодотгож байв.
“Та ер нь Мөнх-Эрдэнэ аваргад нэг удаа ч гэсэн буугаад өгчихөж болоогүй юм уу” гэсэн асуултад тэрээр хариулахдаа ид барилдаж явах үеийн дурсамжаасаа хуваалцсан юм. “Монгол бөх бол жудагтай эрсийн наадам. Мөнх-Эрдэнэ бид хоёр сайн найзууд. Гэхдээ шударгаар л өрсөлддөг байсан. Би ч чи давах уу гэж байгаагүй, Мөнх-Эрдэнэ маань ч нэг ч удаа би цолоо ахиулчихъя гэж байгаагүй” гэсэн юм.
Бат-Эрдэнэ аварга байшин шиг том бөхийг хаялаа гээд нэгэн үе хүүхдүүдийн дунд бөөн л яриа болдог байсан тэрхүү дурсамжийг нь хөтлөгч Анууш хөндсөн юм. “Та тэр том биетэй бөхийг яаж ялсан юм бэ. Дэвжээн дээр гарахад бол эцсийн үр дүн нөгөө талд байх нь тодорхой гэж бүгд бодож байсан” гэхэд “Тэр чинь сонирхогчдын сүмогийн дэлхийн аварга. Америкийн бөх юм. Хэд хэдэн удаа түрүүлчихсэн. Японы мундаг бөхчүүдийг ч давчихдаг байсан. Тиймээс нэлээд сайн тооцоо, судалгаа хийж барилдсан даа” хэмээв. Бөх хүн зөвхөн бярын хүчээр барилддаггүй, оюуны бяраар давдаг гэдгийн томоохон баталгаа болсон энэхүү барилдааныг хүмүүс санаж л байгаа байх.
Ингээд хөтлөгчид болон төрсөн өдрийн зочид нэр дэвшигч Б.Бат-Эрдэнээс асуулт асуусан юм.
-Оюутны 70 мянган төгрөгийн тэтгэлэг таныг сонгогдох юм бол байхгүй болно гээд байх юм. Үнэхээр тэгэх юм уу?
-Энэ бодлогыг би 100 хувь дэмждэг. Ерөнхийлөгчийн санаачилсан энэ хуулийн төсөл УИХ-д орж ирэхэд тухайн үеийн олонхи МАН-ын бүлэг бүрэн дэмжсэн. Энэ бол хэн нэгэн хүний халааснаасаа гаргаж өгч байгаа мөнгө биш юм шүү дээ. Ээж аавын тань, ах эгчийн чинь төлсөн татварыг эргүүлээд зөв хуваарилалт хийж байгаа хэлбэр нь энэ. Би үүнийг дэмжинэ. Улам сайн нөхцөлтэй болгож сайжруулахын төлөө ажиллана.
-Ардчилал АН-ын өмч юм уу, ард түмний өмч үү?
-Олон оронд ардчилсан өөрчлөлт хийх гэж оролдож байсан боловч тэр болгон үр дүнд хүрч байсангүй. Монголын ард түмэнд ардчилсан үзэл санаа хэдэн зууны тэртээгээс суучихсан гэж би хувьдаа боддог. Тиймдээ ч 1990-ээд оны ардчилсан өөрчлөлтийг нэг ч хүний хамраас цус гаргахгүйгээр хийсэн. Одоо хүссэн үр дүнд хүргэхийн төлөө бид бүгдээрээ зүтгэх учиртай. Ардчилал бол нэг нам, хэсэг бүлэг хүний өмч биш юм.
-Хот, хөдөөгийнх гэсэн ойлголт байдаг. Энэ талаар Та юу хэлэх вэ?
-Хот, хөдөө байтугай хотын зах, хотын төв гээд ялгаа гараад байна. Ийм ялгаварлал байж болохгүй гэж би боддог. Тиймээс ч энгийн юмнаас иймэрхүү зүйлсийг арилгах ёстой. Би саяхан албан тоот илгээсэн. Хотын төвд утасгүй интернэтийн орчин байхад захын хороололд яагаад wifi байдаггүй юм бэ. Би энэ талаар албан тоот явуулсан. Энэ бол ялгаварлаж байгаа нэг л жишээ.
-Та авлигатай хэр тэмцэж чадах вэ. Та Ерөнхийлөгч боллоо гэж бодъё. Гэтэл найз чинь авлигын хэрэгт орооцолдчихсон, аав нь тань дээр ороод ирвэл яах вэ?
-Би хувь хүнийхээ хувьд бол хүлээж авч уулзана. Гэхдээ төрийн хууль бол ялгаагүй үйлчилдэг байх ёстой. Хэн нэгэнд нь, танил талд нь алаг цоог үйлчилдэг байж болохгүй. Алагчлахгүй үйлчлэх ёстой. Авлигыг хорт ургамал гэж бодвол алаг цоог тасдах биш, үндсээр нь цэвэрлэх ёстой юм. Тиймээс ч би мөрийн хөтөлбөртөө авлигатай алагчлахгүй тэмцэнэ гэж оруулж өгсөн.
Би өөрөө Авлигын эсрэг хуулийн ажлын хэсгийг УИХ дээр ахалж байсан. Хожим Хууль зүйн байнгын хорооны дарга байхдаа Авлигын эсрэг хуулийн хэрэгжилтийн талаар нээлттэй сонсгол зохион байгуулсан. Харамсалтай нь, бидний хууль баталж байх үеийн хүссэн үр дүн гарахгүй л байна даа.
Асуулт хариулт энэ мэтчилэн үргэлжиллээ. Нэр дэвшигчийн хувьд улс төрийн талцал нийгэмд ямар хортой талаар, урт нэртэй хуулийг урт наслуулахын төлөө байх болно гэдгээ ч энэ үеэр мэдэгдэж байв. Харин зочид нь түүний залуусын төлөө, оюутнуудын төлөө дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг дэмжиж буйгаа илэрхийлээд, “Төрсөн өдрийн дуу” ч дуулж өгөхөө ч мартсангүй.
Аварга “Ганнам стайл” бүжиглэсэн, гэргий нь баглаа цэцэг бэлэглэсэн, залуучууд “Эвтэй дөрвөн амьтан” зурснаа дурсгасан гээд олон сонирхолтой үйл явдал бүхий “We are the champions” ток шоу тун удахгүй цэнхэр дэлгэцээр үзэгчдийн хүртээл болно.
URL: