Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Санаачилга, сэтгэл гаргавал шатахууны үнийг ч хазаарлаж болдгийг харууллаа
Улс орон даяар өнөөдрөөс эхлээд автобензин, дизель түлшний үнэ литр тутамдаа 50 төгрөгөөр буурлаа. Засгийн газар хувийн хэвшлийнхэнтэй хамтран энэ шийдвэрийг гаргаснаа өнөөдөр зарлах үеэр “Санаачилга, сэтгэл гаргавал дандаа өсч ирсэн шатахууны үнийг ч хазаарлаж болдгийг бид харууллаа.
Шинэчлэлийн Засгийн газар өнгөрсөн 9 сарын хугацаанд гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах бодлого хэрэгжүүлсний нэгэн үр дүн энэ юм” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.
Өмнө нь Монгол Улс зах зээлийн үнээс өндөр хилийн үнээр шатахуунаа худалдан авдаг, бөөн, жижиглэн хамааралгүйгээр татварын хөнгөлөлт олгосон, нөөц хангалттай бус байлаа.
Ийм нөхцөл байдалд Шинэчлэлийн Засгийн газар нэлээд хүчин чармайлт гаргасны үр дүнд гол нийлүүлэгч ОХУ болон БНХАУ-ын компаниудтай олон улсын жишиг томьёоллоор тооцсон үнээр шатахуун худалдан авах тохиролцоонд хүрлээ.
Үүний зэрэгцээ бөөний худалдааны шатахууныг татвартай болгож, жижиглэнгээр борлуулж буй шатахууны үнэ тогтворжуулахад зориулж хөнгөлөлттэй зээл олгож, шатахууны нөөц 20 хоног байсныг 60 хоногболгон нэмж, шатахуун нийлүүлэгч гадны компаниудын тоог олшруулан өрсөлдөөн бий болгож, импортлох, борлуулах ажлыг нэгдсэн бодлогоор явуулсан.
Хэдхэн хоногийн өмнө худалдаанд гаргасан “Монгол 93″ шатахуун л гэхэд 8000 гаруй тонн борлогджээ. Эх орныхоо газрын тосоор бензин үйлдвэрлэн оруулж ирж буй энэ ажилд хэрэглэгчид сэтгэл ханамжтай байж, борлуулалтын цэг олшруулах хүсэлт тавьсаар байгаа тул “Монгол 93”-ыг нийслэл, хөдөө орон нутагт нийт 46 цэгээр борлуулж эхлээд байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
URL: