Наадам зохион байгуулах 1,6 тэрбум төгрөгийн саналыг Сангийн яам 1,3 болгож танажээ
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өнөөдөр тус хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвын өрөөнд боллоо. Баяр наадмыг зохион байгуулах 1,6 тэрбум төгрөг зардлын төсвийг Сангийн яам танаж 1,3 тэрбум болж ирснийг салбар хорооны дарга нарт танилцууллаа.
Баяр наадмын үйл ажиллагааны орлогоос 350, нийсэлийн төсвөөс 380 сая төгрөгийн санхүүжилт гаргах, Засгийн газрын нөөц сангаас 580 сая төгрөг нэмж олгохоор төлөвлөж байна. Маргааш болох Засгийн газрын хуралдаанаар наадмын төсвийг эцэслэн шийдвэрлэх юм.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ойр орчимд автомашин зогсоохгүйгээр төлөвлөжээ. Наадамчид Дүнжингарав, Нарантуул худалдааны төвийн хашаанд машинаа байрлуулах бөгөөд тэндээс жижиг оврын автобус наадамчдад үнэ төлбөргүй үйлчилнэ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
URL: