18 нас хүрлээ, одоо хаачих вэ

asramjiin_gazar-middleТэнэмэл ба асрамжийнхан Асрамжийн газарт өсч, торниж байгаа хүүхдүүдийн хувьд насанд хүрээд хаачих вэ гэдэг том асуудалтай нүүр тулгардаг.

Өөрөөр хэлбэл, 18 нас хүрсэн залуусын хувьд тосоод авах хамаатан садан, эцэг, эх байхгүй, дээрээс нь ихэнх нь мэргэжил, боловсрол эзэмшиж чаддаггүй. Нийслэлийн хөд өлм өр халамжийн төвд хамааралтай 30 гаруй хүүхдийн асрамжийн төвд 1050 хүүхэд амьдарч байна. Эдгээрээс 50-иас дээш хувь нь аав ээж ар гэртэй хүүхдүүд байдаг ажээ.

Үлдсэн 50 хувь нь хагас эсвэл бүтэн өнчин, хөдөө орон нутгаас шилжин ирсэн, бичиг баримтгүй, олдмол хүүхдүүд гэнэ. Хэзээ ч ирэхгүй, хэзээ ч хараагүй эцэг эхийгээ харуулдан хазгай муруй ярьж хэлд орж ядан байгаа мөлхөө жаалууд нийслэлийн хүүхэд асран хүмүүжүүлэх төвд байсаар л байна.

Дээрх асрамжийн газар өсч буй хүүхдүүд шинэ гэр бүлтэй болох нь ховор. Гэтэл эр өсч, эсгий сунана гэгчээр асрамжийн газарт өссөн хүүхдүүд 18 нас хүрч хүссэн хүсээгүй амьдралд хөл тавина. Ямар ч байсан төрийн болон төрийн бус 20 гаруй байгуулага хүүхдийг нас бие гүйцтэл нь асрамжийн газартаа өсгөнө гэсэн хуультай.Тэд насанд хүрээд яах вэ.

Тэр тусмаа хөгжлийн бэрхшээлтэй, оюуны хомсдолтой хүүхдийн тухай бол энд бас дурсах хэрэгтэй. Хувийн асрамжийн газар өссөн ихэнх хүүхдүүд сургуультай, ажилтай болдог эерэг дүн гарчээ. Гэтэл төрийн асрамжийн газарт өссөн бага насны хүүхэд насанд хүрээд шууд нийгэмд хөл тавьдаг гэнэ. Ингээд асарч хамгаалж хүмүүжүүлсэн 18 жилийн ажил дуусаа. Бүтэн өнчин хүүхэд улсаас нэг удаа 500 мянган төгрөгийн тусламж авна.

Өөр анхаарал халамж юу ч үгүй. Юу хийж, яаж амьдрах нь тодорхойгүй байдагт багш нар нь хүртэл эмзэглэнэ. Нэгэнт асрамжийн газар ирсэн тэнэмэл хүүхэд дайжихдаа амархан болдог учраас гэр төвтэй арга хэмжээ авч байгаа гэнэ.Энэ нь эцэг эхэд нь анхаарч амьдрах нөхцлийг сайжруулах үүднээс гэр, ажил байраар ханган ажиллах юм.

Ер нь асрамжийн газруудын зовлон их. Гудамжинд дүүтэйгээ гуйлга гуйгаад сууж байхад нь цагдаа нар Хаяг тогтоох төвд авчран байлгаж байтал ээж нь орж ирээд бичиг баримтаа үзүүлээд хүүхдээ авья гэж хээв нэг яриад аваад явдаг гэнэ. Хотын гудамжинд дуу дуулан гуйлга гуйн олсон хэдэн төгрөгөөрөө гэр бүлээ тэжээж, хоногийн хоолоо залгуулан тэндээ хоног төөрүүлж явна гэхээр бүүр ч санаанд оромгүй. Он гарсаар 4-16 насны 160 орчим хүүхэд гудамжнаас олджээ. Дээрх хүүхдүүдийн 30 орчим нь очих газаргүй бусад нь орон гэр байгаа ч тэндээ очдоггүй.

Энэ мэт жишээ Цагдаагийн газрын дэргэдэх “Хаяг тогтоох төв”-д байнга тохиолддог. Цагдаагийн байгууллагын дэргэдэх “Хүүхдийн хаяг тогтоох төв”-д одоогоор 50 гаруй хүүхэд байна. Аав ээжийнхээ дунд тарвалзан унтахын оронд гудамжинд унтаж, хог дээр явах хүүхдийн ирээдүй бүрхэг хэвээр. Ямар нэг асрамжийн газар авлаа гэхэд төлөвших нь удаан хэмээн хүүхдийн мэргэжилтэн хэлсэн. Нэг үеэ бодвол манайд тэнэмэл хүүхдийг асрамжийн газар авах нь эрс багасчээ.Учир нь тэнэмэл хүүхдүүд хүмүүжлийн хувьд доголдолтой, бусаддаа буруу үлгэр дууриал үзүүлэх нь их байдаг аж.

Тиймээс ч гудамжнаас олдсон хүүхдүүдийг асрамжийн газрынхан авах дургүй байдаг гэх. Гудамжны жаалууд ч өөрсдөө асрамжийн газарт очих дургүй. Тэдний хувьд эрх чөлөөт, гудамжны амьдралдаа дуртай. Тиймээс ч “Хаяг тогтоох төв” болон асрах газарт тогтдоггүй. Үргэлж дайждаг тухай багш нар нь ярьж байх юм. Гудамжныхан ба асрахынхан иймэрхүү. Гэхдээ аль аль нь өсч том болно. Тэр үед харин амьдралын аль хаалгаар орох вэ гэх сонголттой тулгарна. Асрамжийн хүүхдүүд ажил мэргэжилтэй болох нь Асрамжийн хүүхдүүдийн хувьд амьдралд хөл тавихдаа алдах нь онохоосоо их байдаг тухай “Ахан дүүсийн холбоо”- ны тэргүүн ярьж байна. Түүний хувьд асрамжийн газар өссөн бөгөөд насанд хүрээд шууд гудамжинд гарчээ. Гудамжны амьдралд шууд хөл тавьсан залууд траншейнаас өөр сонголт байгаагүй гэдэг. Түүний хувьд их сургуульд сурч, мэргэжил эзэмших гэхээр мөнгө байхгүй, ажил хийе гэхээр мэдлэг, мэргэжил дутдаг байсан тухайгаа ярьж байсан юм.

Гэхдээ бууж өгөлгүй ирээдүй рүү тэмүүлсээр өдгөө хувиараа бизнес эрхэлж, “Ахан дүүсийн холбоо”-ныхоо тэргүүний албыг давхар хашдаг байна. Энэ бол зөвхөн жишээ. Гудамжинд гарсан хүүхдүүдээс дээрх залуу шиг сайн сайхан амьдарч байгаа нь хуруу дарам цөөн. Ихэнх нь буруу зүйлд уруу татагдаж, амьдралд хөл алддаг.

Харин нэгэн таатай мэдээд сонсогдож эхэллээ. Насанд хүрээд “Асрамж халамжийн төв”-өөс гарч байгаа залуусын асуудал 1995 оноос хойш яригдаж, олон жилийн нүүр үзсэн ч тодорхой шийдэлд хүрч чадалгүй өнөөг хүрсэн. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон ТББ-ын нийт 37 асрамж, халамжийн төвөөс насанд хүрээд гарч байгаа, очих газаргүй, хагас болон бүтэн өнчин, мэргэжилгүй, төрөөс зайлшгүй халамж, анхаарал шаардсан 18-аас дээш насны залуусыг тодорхой хугацаанд орон байраар хангах, бие даан хөгжих чадварт сургах, цаашид хөл алдахгүй амьдрахад нь дэмжлэг үзүүлэх асуудлыг нийслэлийн Засаг дарга бодлогоор дэмжиж байгаа юм.

Энэ ажлын хүрээнд Япон улсын Нийгмийн Хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар залуучуудыг сурч амьдрах, мэргэжлийн чиг баримжаатай болгох, нийгэмшүүлэн хөгж үүлэх зорилгоор “Нийгмийн цогц үйлчилгээний загвар төв”-ийг байгуулж, ашиглалтад оруулжээ. Тус төв нь залуучуудыг бие даан амьдрахад зориулан нэг өрөөнд дөрвөн хүн амьдарч, хоёр өрөөний дунд гал тогоо, бие засах газар, угаалгын өрөө байхаар зохион байгуулагдсан, нийт 70-80 залууг хүлээн авах хүчин чадалтай аж.

Залуусын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх соёлын танхим, интернет танхим, таван төрлийн мэргэжлээр түргэвчилсэн сургалтанд хамруулах, ажлын байранд зуучлах зэргээр цогц үйлчилгээг үзүүлэх юм. Барилга,мужаан, зочид буудлын аж ахуйн ажилтан,гэр бүлийн асаргаа үйлчилгээний ажилтан, гутал засвар гэсэн таван чиглэлээр мэргэжил олгож, ажилд зуучилна. Мэргэжлийн сургалтууд 45 хоногийн хугацаатай бөгөөд онол, дадлага хосолсон сургалтаар мэргэжилтэй ажилтан болох юм байна. Энэ бол таатай мэдээлэл. Олон жил анхаарлын төвд байсан асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж эхэллээ.

Асрамжийн газрын хүүхэд насанд хүрсэн тохиолдолд хуулинд зааснаар ар гэрийн хүнд нь хүлээлгэн өгдөг байна. Ар гэрийн хүн байхгүй бол эмэгтэй хүүхдийг Монголын хүүхдийн сан гэх шашны байгуулага авдаг. Харин эрэгтэй хүүхдүүдийн хувьд бол байдал хэцүү тун бүрхэг болж хувирдаг байна. Өөрөөр хэлбэл, шууд л гудамжинд гардаг аж.

Харин энэ мэтчилэн тэдэнд чиглэсэн ажлаа үргэлжлүүлвэл асрамжийн газрын хүүхдүүдэд гудамжнаас өөр сонголт бий болох нь.

Х.Өнөржаргал


URL:

Сэтгэгдэл бичих