Импортоор орж ирэх модыг НӨАТ-аас чөлөөлснөөр ойн сангаа хамгаална
УИХ-ын өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Уг хуулийн төсөлд импортоор оруулж байгаа бүрэн ба хагас боловсруулалт хийсэн модон эд анги, бэлдэц, төрөл бүрийн модлог хавтан, модон хуулга, хуудсан материалыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр тусгасан юм. Манай улсын ойн сан бүхий газар 18592.4 мянган га буюу нийт нутаг дэвсгэрийн 11.89 хувийг эзэлдэг агаад үүний 75.4 хувь нь шилмүүст, навчит ой, 24.6 хувь нь заган ой байдаг. Гэвч ойн сангийн зонхилох хувийг эзлэх шилмүүст навчит ойн талбай, нөөц сүүлийн 10 жилийн өөрчлөлтөөс үзэхэд ойгоор бүрхэгдсэн талбай 244.3 мянган га-гаар хорогдож, ойгоор бүрхэгдээгүй талбай 434.9 мянган га-гаар нэмэгджээ. Энэхүү нөхцөл байдлыг харгалзан өнөөгийн өсөн нэмэгдэж буй үйлдвэрлэлийн хэрэглээний мод, модон материалын хэрэгцээг гадаадын зах зээлээс импортоор авч, татварын хөнгөлөлт үзүүлэхийг салбарынхан нь чухалчилж байна. Мод, модон материалын импортын нэмэгдсэн өртгийн татварыг тэглэх нь цаг үеэ олсон чухал арга хэмжээ болно хэмээн Засгийн газар үзэж энэхүү хуулийн төслийг боловсруулсныг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн юм. Мөн өдрийн үдээс хойш Төсвийн байнгын хороо хуралдаж, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, дараагаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Б.Туул
МОНЦАМЭ
URL: