50 төгрөгийн хямдрал ард түмний халааснаас дөрвөн тэрбумыг хэмнэнэ
Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлэхдээ,“Санаачилга, сэтгэл гаргавал өсч ирсэн шатахууны үнийг хазаарлаж болдгийг харууллаа. Шинэчлэлийн Засгийн газар өнгөрсөн есөн сарын хугацаанд гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах бодлого хэрэгжүүлсний нэгэн үр дүн нь энэ юм” гэлээ.
“Өмнө нь Монгол Улс зах зээлийн үнээс өндөр үнээр шатахуунаа худалдан авдаг, бөөн, жижиглэн хамааралгүйгээр татварын хөнгөлөлт олгосон, нөөц хангалттай бус байлаа. Ийм нөхцөлд Шинэчлэлийн Засгийн газар хүчин чармайлт гаргасны үр дүнд гол нийлүүлэгч ОХУ болон БНХАУ-ын компаниудтай олон улсын жишиг томьёоллоор тооцсон үнээр шатахуун худалдан авах тохиролцоонд хүрсэн. Үүний зэрэгцээ бөөний худалдааны шатахууныг татвартай болгож, жижиглэнгээр борлуулж буй шатахууны үнэ тогтворжуулахад зориулж хөнгөлөлттэй зээл олголоо. Мөн шатахууны нөөц 20 хоног байсныг 60 хоног болгож, шатахуун нийлүүлэгч гадны компаниудын тоог олшруулан импортлох, борлуулах ажлыг нэгдсэн бодлогоор зохицуулав. Хэдхэн хоногийн өмнө худалдаанд гаргасан “Монгол 93″ шатахуун одоогоор 8000 гаруй тонн борлогдоод байна. Эх орныхоо газрын тосоор бензин үйлдвэрлэн оруулж ирж буй энэ ажилд хэрэглэгчид сэтгэл хангалуун байгаа бөгөөд борлуулалтын цэг олшруулах хүсэлт тавьсан. “Монгол 93”- шатахууныг улсын хэмжээнд нийт 46 цэгээр борлуулж байна” хэмээн Уул уурхайн сайд онцлов.
Монголчууд сард ойролцоогоор 80 гаруй сая литр шатахуун хэрэглэдэг байна. Эндээс үзэхэд 50 төгрөгийн хэмнэлт ард түмний халааснаас дөрвөн тэрбумыг хэмнэж байгаа аж.
Б.Заяа
URL: