ЭСЯ руугаа жагсаж орсон хятадуудыг автобусаар гаргав
“Тэдмэнт” ХХК-ийн хятад ажилчид өчигдөр жагсаал хийлээ. Тус компанийн 60 орчим ажилчин ханз үсэг бүхий лоозон барьж Гадаад харилцааны яамны гаднаас БНХАУ-ын Элчин сайдын яам хүртэл жагсаал хийсэн юм.
Бид энэ мэдээллийн дагуу тус улсын Элчин сайдын Яамыг зорилоо. Бага үдийн 11.30 цагийн үед Элчингийн байрны гадна 10 орчим цагдаа зогсож байв. Харин хятад ажилчид дотогш орцгоожээ. Хятадууд ямар учраас жагсаал зохион байгуулсан талаар Элчин сайдын яамны ажилтнуудаас тодруулах гэсэн боловч тодорхой зүйл хэлсэнгүй. Мөн цагдаагийн ажилтнууд ч “энэ талаар мэдэхгүй” гэлээ.
“Тэдмэнд” ХХК нь 2004 онд байгуулагдсан бөгөөд барилга угсралт, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэнэ. Тус компани нь Хөдөлмөр халамж үйлчилгээний газраар зуучлуулан БНХАУ-аас ажиллах хүч авдаг юм байна. Хятад ажилчид цалингаа голж нэмэхийг шаардан жагсаал зохион байгуулсан бөгөөд энэ асуудлаа Элчин сайдын Яамандаа тавьсан гэнэ. Харин зарим эх сурвалжийн хэлж буйгаар БНХАУ-ын Элчин сайдын Яамнаас “энэ асуудалд оролцох боломжгүй” гэсэн хариу өгсөн бололтой.
Элчин сайдын яам руу өглөө орсон хятад ажилчид үдшийн 14.00 цаг гэхэд гарч ирээгүй байв. Мөн энэ үед хятад ажилчдыг авахаар тус улсын Элчин сайдын Яам руу автобус орсон юм. Иймд тэдэнтэй уулзах боломжгүй болов. БНХАУ-ын Элчин сайдын Яамнаас иргэдийнхээ асуудлыг шийдвэрлэхийн тулд ямар алхам хийхээр болсон болон тэдэнтэй хэрхэн зөвшилцсөн талаар тодорхой мэдээлэл одоогоор байхгүй байна.
Бид хятад ажилчид ажил хаясан талаар “Тэдмэнт” ХХК-ийн Захиргаа аж ахуй, хүний нөөцийн албанаас тодруулсан боловч тус албаны нэгэн ажилтан “Чи яагаад хятад ажилчдын эрх ашгийг хамгаалаад байгаа юм бэ. Яагаад тэдний төлөө яваад байна вэ. Хятадуудын цалингийн хэмжээ хангалттай. Нэмэх шаардлагагүй” хэмээн зандрав. Монгол хүн ч бай, хятад ч бай хүний эрх зөрчигдөж байвал үүнийг нийтэд мэдээлэх нь сэтгүүлчдийн үүрэг. Тиймээс ажлаа хийж яваа сэтгүүлчийг элдвээр доромжлох эрх “Тэдмэнт” компанийн ажилчдад байхгүй юмсан.
Ажилчдын цалин хөлстэй холбоотой маргааныг мэргэжлийн хяналтын байгууллага болон шүүхэд шийдвэрлэдэг гэнэ. Гэхдээ ажилчдын цалин хөлс хуулиар тогтоосон хэмжээнд хүрч байгаа эсэх болон илүү цагийн нэмэгдэл зэрэгтэй холбоотой маргааныг зохицуулдаг. Харин цалингийн хэмжээг нэмэгдүүлэх зэргийг тухайн аж ахуйн нэгж болон Үйлдвэрчний эвлэлийн байгууллага харилцан тохиролцож шийдвэрлэх юм. Иймд хятад ажилчдын хүсэлтийг хөндлөнгийн байгууллага оролцож шийдвэрлэх боломжгүй юм байна.
Мөн тухайн улсын Элчин сайдын Яам нь энэ асуудалд оролцох эрхтэй байдаг гэнэ. “Тэдмэнт” ХХК хятад ажилчдынхаа хүсэлтийг хүлээж авсан уу эсвэл тэднийг нутаг буцаах шийдвэр гаргав уу. Ямартай ч асуудал намжлаа. “Тэдмэнт” ХХК-ийн ажилчид ч “асуудлыг шийдвэрлэсэн” гэсэн юм.
Н.Санжаасүрэн
URL: