Чуулганаар хууль “бөөндөв”

e52ca6ce03e3aa36originalУИХ-ын чуулганаар Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас боловсруулсан Мод болон модон материалыг татвараас чөлөөлөх тухай болон Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Эхний хуулийн төсөл нь импортоор оруулж ирж байгаа бөөрөнхий мод, гуалин, зүсмэл материал, банз, дүнз, модон бэлдэц болон ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойг арчлах хамгаалах ойн аж ахуйн арга хэмжээний ажлыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх гол зорилготой юм. Импортын модны хэмжээ нэмэгдсэнээр хууль бус мод бэлтгэж ашиглах явдал эрс буурна гэж Засгийн газар үзжээ.

Хэлэлцүүлгийн үеэр энэхүү хуулийн төсөлд багтсан модон бэлдэц гэх үг анхаарал татаж байлаа. Модон бэлдэцийг татвараас чөлөөлснөөр дотоодын үйлдвэрлэгчдийн боломж бололцоог хаасан үйлдэл болно хэмээн зарим гишүүд үзсэн юм. Модон бэлдэц оруулж ирэхийн оронд боловсруулаагүй модоо оруулж ирээд, дотоодын жижиг цехүүд боловсруулалт хийвэл ажлын байр нэмэгдэх, цалин орлогоор хангагдах зэрэг олон давуу талтай гэж үзжээ.

Харин Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга “Боловсруулалт хийгдээгүй гуалин, эсвэл зүсмэл банз чинь татвар өндөртэй байдаг юм. Жишээлбэл зүсмэл банзны экспортын татвар нь 80 хувь байдаг. Харин хагас боловсруулалт хийгдсэн, бэлдэц зэрэг нь татвар багатай байдаг. Мөн бэлдэцүүдийг зөөвөрлөхөд хялбар, тээврийн зардал багатай.

Хөдөө орон нутагт барилгын материалын тээврийн зардлаа хэмнээд, хана, цонхныхоо материалыг багасгачихдаг. Шинээр баригдсан хэрнээ өвөл маш хүйтэн цэцэрлэг, эмнэлгийн барилгууд зөндөө байна шүү дээ. Хэрэв модон бэлдэцээр барилгаа шууд бариад эхэлбэл ийм асуудал гарахгүй” гэлээ.

Хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураахад УИ Х-ын гишүүдийн олонх нь дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Ойг түймрээс хамгаалах талаарх нийтлэг шаардлага тогтоож, орон нутагт төрийн нэрийн өмнөөс ойг хамгаалах үйл ажиллагаа явуулдаг байгаль хамгаалагчийн эрх үүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа учраас Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулжээ. Хууль санаачлагчийн илтгэлийг УИ Х-ын гишүүн Л.Энх-Амгалан, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИ Х-ын гишүүн Х.Болорчулуун нар танилцууллаа.

Гишүүд хуулийн төсөлтэй танилцсаны дараа хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураахад олонх дэмжсэнээр хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлсэн юм. Мөн энэ өдрийн хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл болон “Тогтоолд нэмэлт оруулах тухай” УИ Х-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, хууль санаачлагчийн илтгэлийг Зам, тээврийн сайд А.Гансүх, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИ Х-ын гишүүн Д.Хаянхярваа нар танилцуулав.

Импортоор оруулж ирэх нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний стандартын шаардлага хангасан 24 буюу түүнээс дээш суудалтай, 45 буюу түүнээс дээш зорчигчийн багтаамжтай, үйлдвэрлэснээс хойш нэг хүртэл жилийн доторх шинэ автобус, троллейбусыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай болон хуулийн дагаж мөрдөх хугацааг 2016 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл тогтоохоор хуулийн төсөлд тусгагджээ. Ингэснээр төсөвт дарамт үүсэхгүй, төрөөс энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийг дэмжсэн, нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэх, нийгмийн захиалгат үйлчилгээг хэвийн явуулах, агаарын бохирдол болон замын хөдөлгөөний түгжрэлийг багасгах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах боломж нэмэгдэхээс гадна энэ салбарт дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах чухал арга хэмжээ болно гэж хууль санаачлагчид үзэж байна. Уг хуулийн төсөлтэй уялдуулж “Тогтоолд нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөл дээр мөн л асуулт хариулт үргэлжилсний дараа анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон тэдгээрийг дагалдаж гарсан хуулиудын эцсийн найруулгыг ч энэ өдрийн хуралдаанаар сонсч, нэлээд олон хуулийг нэг дор бөөндлөө.

Дараа нь “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хийж, улмаар холбогдох Байнгын хорооны саналын дагуу түүнийг баталлаа.

Холбогдох хуульд зааснаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Засгийн газрын гишүүнтэй адил байхаар заасан, мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнийг төрийн өндөр албан тушаалтны зэрэг, зиндаа, түүнтэй адилтгах албан тушаалтны зэрэглэлд хамаарахаар заасныг харгалзан ийнхүү “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” тогтоолын хавсралтад нэмэлт оруулж байгаа аж.

Б.Тогтох


URL:

Сэтгэгдэл бичих