Н.Хүрэлбаатарыг онгоцноос буунгуут баривчлах бололтой
Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг интерполоор эрэн сурвалжилж байгаа гэсэн мэдээлэл гарсны дараа Цагдаагийн ерөнхий газраас дээрх мэдээллийг баталгаажуулсан юм.
Тэгвэл энэ бүх мэдээллийн хариуг Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатар шавь нараараа өгүүлсэн байна. Түүний хоёр шавь болох Л.Баттөр, Б.Дамдиндорж нар өчигдөр хэвлэлийн бага хурал зарлаж, багшийнхаа дамжуулсан захидлыг олон нийтэд хүргэсэн юм.
Тэдний багш захидалдаа “Хууль, хяналт болон цагдаагийн байгууллагаас намайг ямар нэг хэрэгт холбогдуулан албан ёсоор дуудсан зүйл өдийг хүртэл байсангүй. Хэрвээ намайг эрэн сурвалжилж байсан бол надад болон манай гэр бүлийнхэнд энэ тухай албан ёсоор мэдэгдэх ёстой. Гэтэл Цагдаагийн ерөнхий газраас намайг эрэн сурвалжилж байгаа тухай хэвлэл, мэдээллийнхэнд мэдэгдсэн байна.
Ийм учраас миний бие цагдаагийн газраас хийсэн мэдээллийг хүлээн авч, эндэх ажлаа орхин өнөөдөр буюу 2013 оны зургаадугаар сарын 7-ны өдөр эх орондоо очихоор боллоо.
Миний бие ямар нэг хэрэгт холбогдож, Монгол Улсын хууль зөрчсөний улмаас гадаад улс руу яваагүй. Сингапур улсад болсон “Ахмад настанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай хүргэх нь” сэдэвт олон улсын хуралд илтгэл тавин оролцож, Сингапур, Хонконг, Малайз зэрэг улсад ахмад настнуудын эрүүл мэндийн болон нийгмийн асуудалыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар газар дээр нь биечлэн танилцаж, судласан юм” хэмээжээ.
Ямартай ч Н.Хүрэлбаатар өөрийг нь эрэн сурвалжилж байгааг мэдээгүй. Мэдсэн дариудаа эх орондоо очихоор болсон гэсэн утга бүхий захидлыг шавь нараараа дайлаа. Гэтэл түүний хүүг баривчилсан гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагынхан өгч байгаа. Ийм байхад Н.Хүрэлбаатар энэ асуудлын талаар мэдээгүй гэж байгаа нь сонин.
Нөгөөтэйгүүр, хууль хяналтын байгууллагынхан түүнийг өнөөдөр эх орондоо ирнэ гэдгийг хэвлэлийн бага хурал хийхээс өмнө мэдсэн байсан гэдгийг эх сурвалж мэдээлж байгаа юм. Үүгээр ч үл барам түүнийг онгоцноос буунгуут баривчлахаар төлөвлөсөн бололтой.
Р.Сарангоо
URL: