Дансандаа толгой эргэм мөнгөтэй баячуудыг үргэлжлүүлэн “авлана”

94c0d6101396f413bigТоолж барамгүй, толгой эргэм их мөнгөтэй баячуудын тухай ээлжит мэдээлэл энэ долоо хоногийн дуулианы нэг болж байна.

Сангийн сайд асан С.Баярцогт Швейцарын банкин дахь нууц дансандаа нэг сая гаруй ам.доллартай гэсэн мэдээг гаднын хэвлэлүүд анх дамжуулж байлаа. Энэ мэдээлэлд “Би хэдэн найзтайгаа нийлж данс нээгээд мартчихаж” хэмээн юу ч болоогүй юм шиг хариулж байсан юм.

Гэтэл нэг сая доллараас хэдэн зуу дахин их 323 сая ам.доллар, 13,9 тэрбум төгрөгийг сайд асан Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонго 2009-2013 оны хооронд дансандаа байршуулсан нь илэрч, хэрэг үүсгэн шалгагдахаар боллоо.

Тэрээр Голомт, Худалдаа хөгжлийн банкин дахь өөрийн нэрийн данснаасаа 452 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэх хэмжээний ам. доллар дамжуулсан нь мөнгө угаасан гэх үндэслэл болжээ. “Скай” их дэлгүүрийн дөрвөн хувийг эзэмшдэгээс өөр санхүүгийн эх үүсвэргүй гэр бүл яагаад ийм их мөнгөтэй байсан нь анхаарал татахгүй байхын аргагүй юм. Үүний дараа Ё.Отгонбаярын эхнэрийг цагдан хорьсон, өчигдөр өөрийг нь саатуулсан тухай мэдээлэл гарсан боловч цагдаа нар албан мэдээ өгсөнгүй.

Хоногийнхоо хоолыг арай ядан залгуулж буй жирийн монгол иргэдийн хувьд нэг хүн дансандаа ийм их хэмжээний мөнгөтэй байна гэдэг төсөөлөхөөргүй юм. Зарим эх сурвалжаас авсан мэдээллээр гадаад болон дотоодод их хэмжээний мөнгөтэй албан тушаалтнуудын мөнгө угаасан хэрэг үүгээр дуусахгүй бололтой. Хууль хяналтын байгууллагуудаас манай арилжааны хэд хэдэн банкинд албан бичиг иржээ.

Хуулийнхнаас ирсэн энэ албан бичигт нь нэр бүхий нэлээд хэдэн хүний дансны мэдээллийг гаргаж өгөхийг хүссэн байсан гэнэ. Эдгээр хүмүүс нь дандаа өндөр албан тушаал хашиж байсан, одоо хашиж байгаа МАН,АН болоод бусад намын гишүүд ажээ. Харин тэдгээрийг нэг зүйлд ашиг сонирхол нэг гэж хардаж байгаа нь Оюутолгой юм байна.

Өөрөөр хэлбэл, Оюутолгойн гэрээтэй ямар нэг байдлаар холбогдсон байж болох хүмүүсийн дансны мэдээллийг шалгаж эхэлжээ.

Тэгэхээр авлига, мөнгө угаасан гэх хэргийн эздийг цаашид ч үргэлжлүүлэн “авлах” бололтой.

Ө.Батхүү

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих