Засгийн газарт шаардлага хүргүүлнэ

2013060609tБ.Ирээдүй

“Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 20 хувийг иргэн бүрт эзэмшүүлэх шийдвэр 2010 онд УИХ, Засгийн газар гаргасан. Компанийн удирдлага хувьцаа эзэмшигчдийн хуулиар олгогдсон эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа талаар “Иргэн бүрд-1072” түр хорооноос өчигдөр мэдэгдлээ.

Тус хорооноос “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлага холбогдох хууль зөрчиж, хувьцаа эзэмшигчдийн эрхийг эдлүүлэхгүй хохироож байгааг мэдэгдэн, зөрчлийг нэн даруй засахыг шаардаж байгаа аж. Мөн хүн бүрийн эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцаанд ногдох эрхийг эдлүүлэх, тус компанийн хууль зөрчсөн үйл ажиллагааг нэн даруй таслан зогсоож, хуулийг мөрдүүлэхийг Засгийн газраас шаардаж байгаа юм.

Хурлын үеэр “Иргэн бүрт-1072” түр хорооны гишүүн С.Гэрэлмаа “Төрийн зүгээс иргэн бүрт олгосон 1072 хувьцааг хуулийн дагуу баталгаажуулах. Шинэчилсэн бүртгэлд хамрагдсан 2.7 сая иргэн 1072 хувьцаа эзэмших ёстой. Гэтэл компанийн дүрэмд 15 тэрбум ширхэг хувьцаатай байна гэж заасан байдаг. Харин иргэдэд эзэмшүүлж буй хувьцаа нэг сая 432 мянган ширхэг. Үүнийг тооцвол 1.3 сая иргэнд ногдоно. Энэ нь хувьцаа эзэмших ёстой иргэдийн 50 хувьтай тэнцэж байна” гэлээ. Ийнхүү “Эрдэнэс Тавантолгой” компанийн мэдээллийн ил тод байдал болон бусад асуудлаар Засгийн газарт хандахаар болжээ.

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих