Есөн саяар зуслангийн байшингаа босгоорой
Зуслангийн байшинг хэд хэдэн төрлийн материалаар барьж болохыг мэргэжилтнүүд хэлж байна.
Мод, гипс хавтан, тоосго, төмөр чингэлэг зэргээс сонгох боломжтой юм. Эдгээрийн алинаар нь тав тухтай, зардал багатай байшин босгох талаар иргэдийн туршлагыг нэгтгэн хүргэе.
МОДОН БАЙШИНГ ШАВАРДАЖ, БУДАХ ШААРДЛАГАГҮЙ
Барилгын компаниуд болон байшин захиалагчид мод шавардаж шохойдон, будаж илүү өнгөлгөө хийснээс байгалийн төрхөөрөө байгааг нь илүүд үздэг байна.
Мөн модон байшин дулааныг хадгалж, агаар сайн нэвтрүүлдэг нь нэг давуу тал болдог. Иргэн А.Пүрэвжав зуслангийн газартаа дүнзэн байшин барьж байна.
5х7 метрийн хэмжээтэй нэг давхар байшинд 52 орчим гуулин мод буюу дүнз ордог байна. Тэрээр нэг дүнзийг 70 мянган төгрөгөөр худалдаж авчээ.
Энэ байшинд гурван см-ийн зузаантай дөрвөн метрийн урттай 80 ширхэг банз шаардлагатай аж. Захуудад банз 180 мянган төгрөгийн ханштай байна. Уг байшингийн ханыг 3.6 орчим сая төгрөгөөр босгосон байна. Энэхүү байшинг 20 хоногийн дотор 25 сая төгрөгөөр бэлэн болгожээ.
8000 ТООСГООР 5х7 БАЙШИН БАРИНА
Тоосгоор барьсан байшингийн чанар дүнзэн байшингынхаас илүү.
Гадны дуу чимээг сайн тусгаарладаг. Галд тэсвэртэй байдгаараа онцлог.
Гэхдээ нягт өрсөн тоосго агаар нэвтрүүлж чаддаггүйгээс гадна байшингийн чийгийг өөртөө шингээдэггүй байна.
Мөн энэ байшингийн нэг давуу тал нь плита, байгалийн болон дуураймал чулуугаар өнгөлж гоёж болдог аж. Баянзүрх дүүргийн иргэн Д.Дашдамба 5х7 хэмжээтэй байшинг тоосгоор байрьж байгаатай таарсан юм.
Тэрээр байшиндаа ойролцоогоор 8000 тоосго өржээ. Нэг ширхэг тосго 300 төгрөгийн үнэтэй байна.
Барилгын ажилчин хөлслөвөл зардал өндөртэй тул тэрээр дийлэнх ажлаа өөрөө хийжээ. Өрлөг болон цахилгаан монтажийн ажлыг мэргэжлийн хүнээр гүйцэтгүүлэхэд 6.5 сая төгрөг болсон байна.
Харин барилгын материал, дотоод засал чимэглэлийн зардалд 16.9 сая төгрөг зарцуулсан байна. 30 хоногийн дотор 23.4 сая төгрөгийн зардал гарсан байна.
ЧИНГЭЛЭГ ТОХИЛОГ, ХЯМД СУУЦ
Сүүлийн үед зөөврийн сууцны талаар хүмүүс ярьж байлаа. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн иргэн Б.Адъяа “Чингэлэг сууц барихад хугацаа бага. Зардал хэмнэхээс гадна тохилог дулаан” гэв.
Тэрээр 6х3 хэмжээтэй байшин барихад дотор засал чимэглэл болон гадна засалтайгаа нийлээд есөн сая төгрөг болдог гэлээ.
20 тонны чингэлэг 6х3 хэмжээтэй байшин болдог байна. Дулаалга сайн хийгээд өвөл зуны байшин болгох боломжтой аж. Ийм төмөр дээвэртэй байшин барихад таван сая төгрөг болдог бол гадна засал хийгдвэл найман сая болох аж.
Харин гоёлын дээвэртэй, гадна өнгөлгөөтэй байшин есөн сая төгрөгөөр босох ба өнгөлгөө хийгдэхгүй бол зургаан сая төгрөгт багтах нь.
Э.Өнөр
ЗУУНЫ МЭДЭЭ
URL: