Гэмт хэрэг илрүүлэх “Папилон” системийг нэвтрүүлжээ

huuli_sahiulahiin_ih_surguuli-middleХууль сахиулахын их сургууль сургалтын агуулгаа сайжруулах үүднээс Цагдаагийн сургуулийн шүүхийн шинжилгээний тэнхимд “Папилон” буюу гарын мөрний адилтгалын автомат системийг суурилуулж, кабинетийн нээлтийг хийлээ.

Уг арга хэмжээнд Хууль сахиулахын их сургуулийн Сургалт эрхэлсэн дэд захирал бөгөөд Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Гантөмөр, Хууль зүйн яамны хэлтсийн дарга н.Ганбат нар оролцлоо.

Энэхүү системийг сургалтад нэвтрүүлснээр гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр суралцаж буй сонсогчид гэмт хэргийг илрүүлэх, нотлох ажиллагаанд орчин үеийн техникийг ашиглах, мэдлэг чадварыг эзэмших боломж бүрдэх юм байна.

Мөн сонсогчид сургуулиа төгсөөд ажлын талбарт гарахад гэмт хэрэг илрүүлэх чиглэлд санаа зовох зүйлгүй байх болно гэдгийг тус тэнхимийн хамт олон хэлж байв.

Гарын хээний адилтгалын систем манай улсад анх 1995 онд нэвтэрчээ. Энэ хугацаанд цагдаагийн бүх нэгжид уг системийг нэвтрүүлж, гэмт хэрэг илрүүлэхэд ашиглаж байгаа аж.

Уг систем нь дэлхийн стандартад нийцсэн бөгөөд тухайн гэмт хэргийн талаар мэдээллийн сан бүрдүүлж, хэрэгт холбогдогчийг илрүүлэхэд ихээхэн чухал үүрэгтэй юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих