Вашингтон хотноо хуралдсан Олон Улсын Монгол Судлалын Долоодугаар Бага хурлыг сурвалжилсан тэмдэглэл

419044_677201232296201_1211428524_nМонгол Соёлын Төв, Монгол улсын Элчин Сайдын Яам, Батлан Хамгаалахын Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгээс хамтран зохион байгуулдаг “Олон улсын монгол судлалын бага хурал” Вашингтон хотноо 5 сарын 3-5-ны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө.

Хуралд Монгол улс, ОХУ, БНСУ, Их Британи, Казахстан, Австрали улсаас эрдэмтэн судлаачид ирж, илтгэл тавин оролцов. Ингээд салбар хуралдаануудыг тоймлон өгүүлье.

 

Ерөнхийлөгчийн илгээлт, сайдын илтгэл

 

Хурлыг нээж Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл үг хэлэв. Тэрбээр Монгол Улсын Засгийн газар монгол судлалыг хөгжүүлэхэд онцгой анхаарал тавьж буйг цохон тэмдэглээд бага хурлын төлөөлөгчдөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин нараас ирүүлсэн илгээлтийг уламжиллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бага хурлын төлөөлөгчдөд хандсан илгээлтдээ Монголын төр, ард түмний өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, бага хурлыг зохион байгуулагчдад талархал илэрхийлээд “АНУ дахь Монгол Соёлын Төвөөс санаачилж, манай Элчин сайдын яам дэмжиж анх зохион байгуулж ирсэн энэхүү хурлын цар хүрээ жил ирэх тутам өргөжин тэлж байгаад миний бие сэтгэл хангалуун байна….Рой Андрьюс, Оуэн Латтимор, Николас Поппе, Франсис Вүүдман Кливз, Дэнис Синьор гээд дэлхийн монгол судлалын оргил болсон эрдэмтэд АНУ-ын их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнд ажиллан бүтээл судалгаагаа туурвиж ирсэн сайхан уламжлалтай. Та бүхний зохион байгуулж буй энэхүү хурал нь АНУ дахь монгол судлалыг өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна” хэмээн онцлов.

 

Ер нь Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Монгол судлал, ялангуяа гадаад дахь монгол судлалыг дэмжих бодлого байнга явуулсаар ирсэн, энэ бодлогын үр дүнд нэгэн цагт нэлээд “сонирхолгүй сэдэв” болоод байсан монгол судлал, монгол хэл бичиг, соёлын судалгаа ялангуяа барууны улсуудад дахин сэргэх хандлагатай болоод байгаа юм. Ерөнхийлөгчийн энэ болоод монгол бичгийг дэмжиж буй үйл ажиллагаа, бодлого нь АНУ дахь Монгол Соёлын Төв мэт харь улсад монгол хэл соёлоо түгээн дэлгэрүүлэхээр ажиллаж буй байгууллага, хамт олонд нэн тустай дэмжлэг болж буйг энд онцлон дурдууштай.

 

Элчин сайд Б. Алтангэрэл хурлыг зөвхөн нээж үг хэлэх төдийгөөр үүргээ хязгаарласангүй, “Их Британи дахь монгол судлал” гэсэн сэдвээр сонирхолтой илтгэл хэлэлцүүлэв. Өөрөө тус улсад Элчин сайдаар ажиллаж байсны хувьд гол гол монгол судлаачидтай нь нүүр тулан уулзсан, бүтээл зохиолтой нь танилцсан учир илтгэл нь мөн өгөөжтэй, сонирхолтой байлаа.

 

Салбар хуралдаан – 1: Монголын нийгмийн асуудлууд

Эхний салбар хуралдаанаар Монголын өнөөгийн нийгмийн асуудлуудыг хэлэлцэв. МУБИС-ийн багш, доктор Сэнгэдоржийн Түмэндэлгэр “Хөдөлмөр эрхлэлт ба жендерийн асуудлууд” сэдвээр илтгэж, социализмын болоод одоо үеийн Монголын ажил эрхлэлтэд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь хир байгааг харьцуулан ярив.

Хуралд Казахстан улаас ирж оролцсон тус улсын Фото, Видео архивын дарга, доктор Сауле Сатаева “20-р зууны Монголыг чиглэсэн нүүдэл архивын фото баримтад үлдсэн нь” сэдвээр илтгэж, Монгол-Казахстаны хооронд ирж очсон нүүдэл, хөдөлгөөн болоод нүүдэлчдийн соёлыг харуулсан нэн ховор зураг сэлтийг анх удаагаа дэлгэв.

 

МУБИС-ийн Сэтгүүлзүйн тэнхмийн эрхлэгч, доктор Жамьянсүрэнгийн Батбаатар “Монгол Телевизүүдийн өнөөгийн байдал, чиг хандлага” сэдэвт илтгэл тавилаа. Өнөөгийн олон ТВ-г хэрхэн ангилж авч үзвэл зохистойг, үйл ажиллагаанд нь ямар асуудал байгааг, хууль эрхзүйн ямар орчин зохицуулж байдгийг, мөн цаашдын хандлагыг маш тодорхой задлан ярьсан болно.

Тус салбар хуралдааны сүүлчийн илтгэлийг ШУТИС-ийн Нийгмийн технологийн сургуулийн захирал, доктор Бямбахишигийн Пүрэвсүрэн “Хэлний бодлого ба хөрөнгө оруулалт” сэдвээр тавьж гаднын хөрөнгө оруулалтын хувь хэмжээ монгол хэлэн дэх гадаад үгийн бүтцэд хэрхэн нөлөөлж байгаа талаар ярилаа.

 

Салбар хуралдаан – 2: Монголын түүх

Тус салбар хуралдааныг МУБИС-ийн Түүхийн тэнхмийн багш, доктор Цэндийн Гантулга даргалан явуулав. Эхний илтгэлийг ШУТИС-ийн Түүх соёлын профессоруудын багийн ахлагч, доктор Юндэнбатын Болдбаатар “Эртний монголчуудын галт уул, газар хөдлөлтийг ойлгох үзэл” сэдвээр тавьж, Монголчуудын домгийн сэтгэлгээнд галт уулыг хэрхэн тайлбарладаг, тэр нь Эргүнэ хунгийн домогтой хэрхэн холбогдож болох талаар санал дэвшүүлэв.

 

Дараа нь МУИС-ийн Түүхийн тэнхмийн эрхлэгч, доктор Пүрэвсүрэнгийн Дэлгэржаргал “Эртний монголчууд ба Хятадууд” сэдвээр илтгэж, хятадууд эртнээс монголчуудыг, ерөөс нүүдэлчдийг хэрхэн үзэж ирсэн, тэр нь түүх бичлэгт нь ямраар туссан зэргийг дэлгэрэнгүй өгүүлэв.

МУИС-ийн түүхийн багш Дамдинсүрэнгийн Энхжаргал “Рой Чэпмэн Эндрюсийн тэмдэглэл дэх Монгол орон” сэдвээр илтгэж, Архиваас олдсон өмнө хэвлэгдэж байгаагүй сонирхолтой зураг, сэлтийг үзүүлэн, Эндрюсийн гар бичмэлд Монгол орныг хэрхэн үнэлсэн тухай ярилаа.

 

Салбар хуралдаан -3: Монгол урлаг соёл

Энэхүү салбар хуралдаанаар Монголын урлаг соёлын сэдвээр 4 сонирхолтой илтгэлийг хэлэлцлээ. Хурлын албан ёсны хэл нь монгол-англи учраас тус салбар хуралдааныг англи хэлээр явуулсан болно.

Веслеэений их сургуулийн докторант Андрью Колвелл “Mediating Cultural Visions and the Transnational Promotion of Khöömii (Throat-singing)” сэдвээр илтгэж, Монгол хөөмийг баруунд сурталчлахад юуг анхаарах ёстой, барууны шоу ертөнцөд хөөмийг хэрхэн ашиглаж байгаа зэргийг баримт материал, видео үзүүлбэртэйгээр ярив.

Мичиганы их сургуулийн профессор, доктор Эмили Вилкокс “Authoring Culture: The Creation and Significance of the Mongolian “Cup and Bowl Dance” in China” нэртэй илтгэл тавилаа. Тэрбээр аягатай бүжиг Өвөр Монголд хэрхэн үүссэн, хэн зохиож тайзны урлаг болгосон, хэрхэн Өвөр Монголын нүүр царай болтлоо хөгжсөн зэргийг өгүүлэв.

Беркли дэх Калифорнын их сургуульд Монгол судлалыг сэргээгээд байгаа доктор Цүлтэмийн Уранчимэг “Jebzundamba’s Visual Hagiographies” сэдвээр илтгэлээ. Тэрбээр Богд хааны ордон музейд хадгалагдаж буй хоёр танка зургийг өгүүлэмж бүрээр нь задлан шинжилсэн юм.

 

Энэ өдрийн сүүлчийн илтгэлийг Кентийн Их Сургуулийн профессор, доктор Сунмин Юүн “Dörvön Nastai Khaliun: Reworking Timeless Tradition in Contemporary Mongolian Urtyn duu and Ardyn duu” сэдвээр тавьж, “Дөрвөн настай халиун”-ы маш олон өөр өөр хувилбарыг бичиж авснаа сонсгон, нутаг нутгийн онцлогоор нь харьцуулан тайлбарласан юм.

Энэхүү салбар хуралдааны нэг гол онцлог нь илтгэгч нар сэдвээ зөвхөн судлаад зогсоогүй, бүгд тэр чиглэлийнхээ урлагийг сайтар эзэмшсэн мэргэжилтнүүд юм. Тухайлбал А.Колвелл сайн хөөмийч, Э. Вилкокс авьяаслаг бүжигчин, Сунмин гэхэд уртын дуу сайхан дуулдаг бол Ц. Уранчимэгийг, Цүлтэм гуайн хүүхдүүдийг монголчууд андахгүй.

 

Азийн зүрхэн дэх Монгол хип хоп

Хуралд Австрали улсаас ирж оролцсон найруулагч Бенж Бинкс Монгол хип хопын тухай киногоо үзүүлээд асуултад хариуллаа. Хөөмий, уртын дуу, аягатай бүжгийн тухай илтгэл сонссон байсан америкууд монгол урлаг соёлыг зөвхөн уламжлалт байдлаар ойлгоод байтал Куиза, Жий, Женни нарын хип хоп дууг сонсоод ихэд гайхан, сонирхож байлаа. Бенж анх Бээжингээс Москва хүртэл жуулчдын хөтөч хийж, галд тэргээр аялж явахдаа Монголтой танилцауж, ялангуяа хип хоп дуу сонсоод эргэн ирж, судална хэмээн зориг шулуудсан аж. Өдгөө түүний “Mongolian Bling – Discovering the Roots of Hip-Hop in the Heart of Asia” кино Канад, АНУ, Австрали, Холланд, БНХАУ, Их Британи зэрэг олон улсад нээлтээ хийж, театруудад нь гараад байна.

 

Салбар хуралдаан – 4: Монгол утга зохиол.

Утга зохиолын салбар хуралдааны эхний илтгэгч, Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, утга зохиол шүүмжлэгч Чойсүрэнгийн Дагвадорж “Монгол утга зохиолын сэргэн мандлын үе”-ийн талаар ярив. Тэрбээр социалист нийгмийн үед утга зохиолын түүхэн үечлэлийг үзэл сурталжуулан авч үздэг байсныг шүүмжлээд Монголын утга зохиолд чухам сэргэн мандал гэвэл 19-р зуунд тохиосон болохыг батлан өгүүллээ.

Монголын утга зохиолыг англи хэлнээ хөрвүүлэх үйлсэд нөр их хөдөлмөр цагаа зарцуулж буй доктор Саймон Викхам Смит “Монголын утга зохиолын харанхуй үе”-ийн талаар илтгэсэн нь сэргэн мандлын тухай ярьсны дараа тохиосноороо сонирхолтой байв. “Харанхуй үе” гэдэгтээ доктор Смит хамаг тэргүүний зохиолчид хэлмэгдчихсэн, харин утга зохиолын дараачийн үе гарч ирээгүй байсан дөчөөд оныг хэлж байлаа.

 

Улаанбаатар их сургуулийн Утга зохиолын тэнхмийн эрхлэгч, доктор Гаадамбын Бэлгүдэй “Монголын түүхэн дэх содон хүн” буюу Чингис хааны тухай, тодруулбал намтар бичлэгүүд дэх Чингис хааны тухай баримтуудаас аль нь чухам түүхэн үнэн, аль нь уран зохиолын хэтрүүлэг, домгийн сэтгэлгээ болох талаар илтгэлээ. Чингисийн 9 өрлөг хэмээх институци түүхэнд байсан эсэх нь эргэлзээтэй, хожим уран зохиолоор орж ирсэн төсөөлөл гэсэн дүгнэлт нь нэн сонирхолтой байв.

Улаанбаатар их сургуулийн захирал, Монголын Үндэсний Чөлөөт Зохиолчдын Холбооны тэргүүн Санжаагийн Байгальсайхан “Б.Баастын тууж Монголын баруун хязгаарын урианхайчуудын дунд шинэ соёл хэрхэн тогтсоныг эрэн сурвалжлах цорын ганц эх сурвалж” болон үлдээд байгааг баримт түшин өгүүлэв. Ялангуяа сумын сургуулийн түүх, байгуулсан хүмүүсийн тухай архивын ямар ч материалд үлдээгүй, гагцхүү Бааст гуайн зохиолд л энэ нь тэмдэглэгдсэн байдаг, архивт юм байхгүйг далимдуулж сургууль үүссэн түүхийг хожим өөрчилж, зохиосон явдал ч бас гарсан аж.

 

Салбар хуралдаан – 5: Монгол хэл шинжлэл

МУБИС-ийн багш, доктор Үүрэгийн Ариунболд “Кирилл бичигтэнд монгол бичиг заах аргын тухайд” сэдвээр илтгэлээ. Өнөөдөр монгол бичиг сурч байгаа хүн гэдэг бараг бүгд кирилл үсгээр амласан улс байгаа учраас кирилл үсэгтэй нь харьцуулан хэрхэн амархан зааж болохыг Ариунболд багш тодорхой өгүүлэв. Шууд анхнаас нь монгол бичиг заах, кирилл бичиг сурчихсан, кириллийн соёлтой болчихсон хүнд монгол бичиг заах хоёр тун өөр болохыг мөн тайлбарлалаа.

Үүнийг бичигч миний бие тус салбар уралдаанд оролцон, эртний Грекийн нэрт гүн ухаантан Зеногийн нэгэн парадоксыг монгол үгийн бүтцээр батлахыг оролдсон болно.

 

Салбар хуралдаан -6: Монгол нийгэмлэгийн хуралдаан

Энэ жил олон жилийн түүхтэй “Монгол нийгэмлэг” жил тутмынхаа хурлыг Монгол Соёлын төв, ЭСЯ-ны хуралтай хамтран хийх санал тавьсан юм. Ингээд 6-р буюу хамгийн сүүлчийн салбархуралдааныг “Монгол нийгэмлэг” хариуцан явууллаа. Энэ салбар хуралдаанд өөр өөр чиглэлийн 5 илтгэлийг хэлэлцэв. Доктор Жое Букман Сандайнс кино наадамд оролцсон монгол хэлээрх кинонуудын тухай, ОХУ-аас хүрэлцэн ирсэн Андрей Знаменски Барон Унгерний талаар, хөгжим судлаач Б. Батжаргал багш Монголд барууны урлагийг зааж сургаж ирсэн түүхийн талаар, Халимагаас ирсэн судлаач Любовь Четырева Халимаг дахь Бурханы шашны барилга, дурсгалын тухай, эцэст нь Смитсонианы хүрээлэнгийн судлаач Пола де Приест балагш овгийн цаатнуудын талаар илтгэж, сонирхсон асуултад хариуллаа.

Элчин сайдын хүлээн авалт, Соёлын Төвийн зугаалга

Хурлын эхний өдрийн орой Элчин сайд Б. Алтангэрэл хуралд оролцогчдыг хүлээн авсан юм. Харин ням гаригийн өдөр нь Монгол Соёлын төвийн хамт олон Их хүрхрээний цэцэрлэгт зугаалга хийн, судлаачдыг хорхгоор дайллаа. Хурлын үеэр цаг давчуу, хүн бүр асуух гэсэн зүйлээ хангалттай асууж чаддаггүй тул хурлын дараа олны алжаалыг тайлах иймэрхүү арга хэмжээ, хүлээн авалт зэрэг нь судлаачдыг дотно танилцуулах, хэлхээ холбоо тогтоох ач холбогдолтой байдаг юм.

Зугаалгын үеэр уламжлалт волейболын тэмцээн болж, хагас шигшээ тоглолтод Эрдэмтэн судлаачдын баг Элчин сайдын яамны багийг хожсон бол, Монгол Соёлын Төвийн баг Оролцогч, сонсогчдын багийг хожсоноор шигшээд шалгарав. Ингээд Монгол Соёлын Төвийн баг эрдэмтэн судлаачдын багийг ялснаар волейболын аварга цолоо хадгалж үлдлээ.

 

Ийнхүү АНУ-ын нийслэлд Олон улсын Монгол Судлалын Долоодугаар Бага Хурал амжилттай болж өнгөрлөө. Бага хуралд дээр дурдсан илтгэгч, албаны хүмүүсээс гадна Монголыг судлагч, сонирхогч америкчууд, АНУ-ын төрийн Департментийн төлөөлөл, Монголд элчин сайдаар сууж асан Памела Слуц хатагтай, өдгөө дэд тэргүүнээр ажиллах гэж буй ноён Кирк МкБрайд, Смитсонианы Хүрээлэнгийн судлаачид, Арктик судлалын төвийн захирал Уиллиам Фитцхью, “Монгол нийгэмлэг”-ийн Ерөнхийлөгч Алисиа Кампи, Халимаг монголчуудын төлөөлөл, АНУ-ын дипломат Алексей Иванчуков, Монгол улсын Элчин Сайдын Яамны ажилтнууд, АНУ дахь монголчууд, нийт ная гаруй хүн оролцсон болно.

Эцэст нь хурлын бүхий л гар сэтгэл нийлэн зохион байгуулсан Монгол Соёлын Төвийн хамт олон, Монгол Улсын Элчин Сайдын Яам, арвис буянаараа ивээн тэтгэсэн иргэн Маналжавын Дэлгэрцогт, Санж Алтан, Монгол –Америкийн Соёлын Холбоо, Монгол нийгэмлэгт талархал илэрхийлье.

Мягмарын Саруул-Эрдэнэ


URL:

Сэтгэгдэл бичих