Баруун цанхын тээндэр

459ffa368e17baeabigСүүлийн үед төвийн хэвлэл, сайтуудаар “Таван Толгойн тендерийн ялагч тодорлоо” гэсэн мэдээллүүд цацагдлаа. Энэ тухай хэдэн үг хэлхэхгүй бол горьгүй нь.

“Эрдэнэс Таван Толгой” (ЭТТ) бол монгол хүн бүр хувьцаагий нь эзэмшдэг компани. Дэлхийд толгой цохих нөөцтэй энэ уурхайг зөв ашиглаж, олон улсын хөрөнгийн биржид үнэ хүргэж чадвал монголчууд бултаар баяжих учиртай. Гэхдээ тийнхүү үнэ хүрэх эсэх нь компанийн ашигтай ажиллагаа, зөв менежментээс хамаарна.

Таван Толгойн Зүүн Цанхид Хятадын Чалкотой бүтэлгүй гэрээ байгуулчихсан, урьдчилгаагий нь аваад “Хүний хөгжлийн мөнгөнд” туучихсан байгаа. Одоо явагдаж буй ажиллагаа нь өртөг өндөртэй, өөрөө алдагдалтай. Энэ тухай зөндөө яригдсан тул нуршихыг азная. Харин хүнд байдлаас гарахын тулд ЭТТ он гарсаар Баруун Цанхийг ашиглахаар шийдэж, тендер зарласны дүнд “Хишиг Арвин Индустриал” хэмээх үндэсний компани хөрс хуулалтыг гүйцэтгэх болсон бөгөөд, дүнд нь нийт 6 сарын гэрээт ажлыг 2 сар гаруйн хугацаанд багтаан дуусгаж, монгол хүн юу хийж чаддагийг харуулсан.

Ийнхүү эхний тендерийн гэрээт ажил нэгэнт дууссан учир ЭТТ дахин тендер зарлав. 5 сарын 31-нээр тасалбар болгосон энэ тендерт хүчинтэй 2 оролцогч байсны нэг нь мөнөөх “Хишиг Арвин Индустриал” ХХК болон “Уул Уурхайн Үндэсний Олборлогч” ХХК, “Мера” ХХК-иудын “МОНГОЛ УУРХАЙЧИД” түншлэл, нөгөө нь “Таван Толгой Транс” болон “Монгол 999” оролцсон түншлэл байв. “Таван Толгой Транс” бол хэн бүхний мэддэгчлэн “Ажнайн” Бат-Эрдэнийнх бөгөөд, “жижиг” хэмээх тодотголтой хувийн Таван толгойг эзэмшиж, үйл ажиллагаа явуулдаг. Тэдний өгсөн үнийн санал өрсөлдөгчөөс нь хямд байв. Гэтэл уул уурхай сайн мэддэг хүмүүсийн яриагаар бол тэдний хүчин чадал нь тендерийн хатуу шалгуурыг даах хэмжээнд биш бөгөөд, машин техникийн тоо хэмжээ, хүчин чадал, уул уурхайн стандарт, горимын хувьд “Монгол уурхайчид” түншлэлийн хаана ч хүрэхгүй гэх. Хямд техникээр, нинжа аргаар явуулна гэвэл хэн ч гэсэн санаанд орсон үнээ хэлээд байж чадна. Хямд чанаргүй зам, хямд чанаргүй барилгын горыг монголчууд бид амсахаараа л нэг болж байгаа цаг. Тэр дундаа уул уурхайн хувьд аваар осол нь хүний эрдэнэт амь, байгаль орчны эргэн нөхөгдөшгүй хохирлоор хэмжигддэг учир стандарт горим гэдэг юм нэн чухал. Мөн тендерийн шаардлагад тавигдсан сард 2 сая хүртэлх куб метрийн бүтээл гаргах чадамж гэдэг хэн дуртай нь ам гараад байх эд биш аж.

Тендерт уул уурхайн гадна дотны нөгөө олон мундагчууд хүч үзэхээс хойш суусан нь яагаад вэ? 300 орчим машин техниктэй, маш сайн хүний нөөцтэй “Монгол уурхайчид” түншлэл ялах нь ойлгомжтой байсных ажээ. Тэгвэл “Ажнай”-гийнхан юунд найдав? Улс төрийн ар тал, нөлөөлөлдөө эрдсэнийх буй за.

5 сарын 31-нд хүлээн авсан тендер маргааш нь Хүүхдийн баяр, нөгөөдөр нь Ням гариг гэж амралт дараалсаар 6 сарын 3-ны Даваа гаригтай золгов. Үнэлгээний хороо одоо л нэг нарийн ширийнийг магадлах ажил руу орлоо гэтэл өглөөнөөс нь эхлээд төвийн бүх хэвлэл, сайтуудаар “Тендерийн ялалтын” тухай төлбөрт мэдээллүүд цацагдаж эхлэв. Тендерийн албан ёсны хариу гараагүй байхад урьд өдөр нь захиалгаа аль хэдийнэ өгч цацуулсан энэ мэдээллийн цаана нийгмийн сэтгэлзүй болон улс төрийн тоглолт хийе гэсэн сэдэл илэрхий. Мэргэжлийн улсууд энэ Ажнайхан “Жижиг” Тавантолгойг сандаачиж хаясан арга барилаараа “Том” Тавантолгойг дампууруулах гээ юу гэж халаглах.

Таван толгой хэн нэгэн “эрхтэн дархтны” тоглоом болох ёсгүй. Дахиад хэлье, түүний хувьцааг бүх монголчууд эзэмшдэг. Шинэчлэлийн Засгийн газар Баруун Цанхийг хэн чаддагт нь биш, хэн мундагддагт нь өгвөл Таван толгой дампуурлаа гэсэн үг. Зүүн Цанхи дээр будилчихаад Баруун Цанхи дээр бүдэрвэл Ардчилсан Нам, Шинэчлэлийн Засгийн газар ард түмнээс ямар дүн авах нь ойлгомжтой. Энэ чухал төслийн хувь заяаг улс орны нийтлэг эрх ашгийг харж шийдүүштэй.

Шалгаруулалт нь мэргэн, улс төр нь эрүүл байж Монгол түмнийг буян заяа нь түших болтугай.

2013-06-03
Эрин М.Тулгат


URL:

Сэтгэгдэл бичих