Дүнжингаравыг дийлэх газаргүй гэж үү

Нам дагавал ам тосдоно гэж. Яасан үнэн үг вэ. Одоогоос таван жилийн өмнө хаалгаа нээнэ хэмээн тунхаглаж, олны анхаарлын төвд орсон ч авсан газар нь нийслэлчүүдийн ундны усны ундарга дээр байна гэдгээр ах намын үед хараахан үүдээ дэлгэж амжаагүй “Дүнжингарав” худалдааны төв Б.Наранхүү эзнийхээ гишүүнчлэлтэй Ардчилсан намын өнгөн дээр бүрэн утгаараа ажиллаж эхлэх нь.
Өнгөрөгч тавдугаар сарын 21-ний өдөр Улсын комиссоор орж нийт 18,000 ам.метр талбайтай 1092 ширхэг павильон бүхий В2 худалдааны төв, 1000 хүнд нэг дор үйлчлэх хүчин чадалтай D1 олон үндэстний хоолны танхимынхаа зөвшөөрлийг албан ёсоор авч үйл ажиллагаагаа явуулахад бэлэн болсноо зарлав.
Энэ бол ердөө эхний ээлжийн асуудал. Харин энэ сарын 11 -нд албан ёсоор нээлтээ хийх юм байна. “Монголдоо хамгийн томд тооцогдох Дүнжингарав худалдаа, үйлчилгээний цогцолбор төв нь бүрэн ашиглалтад орсноор 15.000 хүнийг ажлын байраар хангаж, хүнс, барилга, бэлэн хувцас, бараа бүтээгдэхүүн,
тавилга, үзэсгэлэн худалдааны томоохон талбай, гаалийн баталгаат агуулах, хот хоорондын зорчигч тээврийн товчоо зэрэг худалдаа, үйлчилгээний төвийн дэд бүтцийг бүрэн төгс шийдэж өгсөн Улаанбаатар хотын хөгжилд багагүй хувь нэмэр оруулах томоохон ажил хэрэг болох юм” гэнэ.
Сайхан сонсогдож байна шүү. Хөгжил дэвшилд дургүй хэн байхав. Харин тэр хөгжил дэвшил нь бусдыг хохироодоггүй, байгаль сүйтгэдэггүй байгаасай. Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид бүрэн нийцээсэй. Миний эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагдана гэдэг шиг.
Ийм л зүйлийг хүсч байгаа юм. Түүнээс бүтээн байгуулалтыг буруушаагаад л, буцаж XX зуундаа очих гээд зүтгээд байгаа юм биш. Хөрөнгөтэй хүнд атаархаад түүний хийж бүтээх гэсэн болгоныг үгүйсгэж, адил зурхайнаас амьдралаа эхлэх онол дэвшүүлээд байгаа хэрэг бүүр ч биш.
“Нарантуул захын дэргэд Дүнжингарав нэртэй шөнийн худалдааны төв баригдаж байна гэсэн сурталчилгаа явж эхэллээ. Тус худалдааны төв баригдаж байгаа газар уг нь Улаанбаатар хотын цэвэр усны ундаргатай газар гэнэ.
Гэтэл энд худалдааны төв барих эрхийг хэн өгөв” гээд тэртээ 2008 онд сэтгүүлчид асуудал дэвшүүлээд бичиж байсан баримт зөндөө. Бас “Газрын наймааны нэг жишээ биш үү” гэж сэрэмжлүүлж байсан нь сонины хуудсанд баримт болон үлдсэн нь бий. “Газрын зөвшөөрлийг хэн өгөв” гэдэг асуултад уншигч ингэж хариу бичиж байж.
“Зочин 202.179.26.161, 2008-02-28 12:12:41
ene bol Enxboldiin gariin xyn, gazriin naimaagaaraa nerd garsan mongoliin anxnii top avilgachin Mon-Uran kompanii Naranxyygiinx gedgiig ta byxen medej ab. Office ni xyyxdiin parkiin xoin baidag, xajuud ni Dynjingarav sambaraa bosgochixson baigaa. Ted ard tymnii omchiig zarj I iim bolson shyy dee” гэж.
Мэдээж хэрэг, бичсэн сэтгүүлчид нь ч, санап бодлоо ипэрхийлсэн уншигч нар нь ч “Мон Уран”-ны Б.Наранхүүгийн хөрөнгө мөнгөнд атаархсандаа бус, нийслэл хотынхоо ирээдүйд санаа зовинож тэгээ биз.
Ирээдүй хойч гэхгүйгээр бүр шулуухан хэлэх юм бол цэвэр ус ууж хэдэн жил илүү наслахаа бодож, Дүнжингарав сүндэрлэх тэр газрыг харамласан болов уу. Яахав, нийслэлд ганцаараа ноёрхол тогтоож, тэр хэрээрээ ганзагын наймаачид болон худалдан авагчдыг “байлдан дагуулдаг” байсан их хөлийн зээл “Нарантуул”-тай шударгаар өрсөлдөхөөр хүч түрэн гарч ирж, нам даруулахаас эмээсэндээ нөгөөх нь түрээсээ буулгаж, наймаачдынхаа ажиллах орчин нөхцөлийг сайжруулж эхэлбэл тун сайн хэрэг.
Ийм өрсөлдөөн байх тусмаа хөгжил урагшлах нь зүй. Харин энэ том талбай эзэлсэн худалдааны төв нийслэлчүүддээ чирэгдэл учруулж эхэлбэл яах вэ? Үүнд л улаанбаатарчуудын санаа зовох учиртай.
Мэргэжлийн хяналтынхан энд газар өгч болохгүй гэж хууль дүрэм яриад, улсын комисс нь хүлээж авахгүй гээд гэдийчихсэн бол ундны усны ундаргаа аварч үлдэж чадах байсан уу гэдэгт хариулт авмаар байна.
Өнөөдөр нүд гялбуулан, сэтгэл татаж байгаа олон улсын жишигт нийцсэн, Монголдоо хамгийн томд тооцогдох (өөрсдийнх нь тодорхойлолт шүү) “Дүнжингарав” худалдааны төв бүрэн ашиглалтад орсноор хэдэн жилийн дараа нийслэлчүүд балгийг нь амсаж, хатан Туулынхаа сүүлийн жилүүдэд үй олноор нүд аньж байгаа загас шиг ангаж цангаж, уснаасаа болж хордож эхэлбэл яах вэ.
Тэр цагт мянга шүүхдээд ч, Төр засагтаа хандаж, мянгантаа шүгэлдээд ч “Хохь нь болоод хоцрох” биз гэж айна. Барихаас нь өмнө зогсоож чадаагүй юм чинь баригдсан хойно ёстой лөөлөө байлгүй.
Энэ бүхэн нь Дүнжингаравыг дийлэх газаргүй гэдгийг, УИХ-ын гишүүн Б.Наранхүү ямар сүйхээтэй эр болохыг ямар нэг тайлбаргүйгээр мэдрүүлээд байна. Нөгөөтэйгүүр мөнгөтэй хүний өмнө монгол төр хэрхэн хүчин мөхөсддөгийн илрэл.
Эцэст нь хэлэхэд хүчирч дийлэхгүй байсан юм бол, анхнаасаа яах гэж хотынхны цэвэр усны эх ундарга дээр барих гэж байна, даруй зогсоох хэрэгтэй гээд дээр доргүй дуулиан тарьж сүржигнэсэн юм бэ. Хэдэн халтар төгрөгөөр ирээдүй хойчийнхоо уух усыг худалдчих байсан юм бол хатан Туулаа аварья энэ тэр гэж далдагнах хэрэггүй байсан юм биш үү
Н.Саранчимэг
Эх сурвалж: 

URL:

Сэтгэгдэл бичих