Хамаатан эздийн халаасны компани “Назу констракшн”

9088_683-“Назу констракшн”-ийн барилгыг хүлээж, түрээсийн байр хэсч байгаа 88 өрх байна-

-Засгийн газрын хэрэг эрхлэх газрын авто баазын хашаанд 12 давхар өндөр шар байшин бий. Зургаан давхар байсан барилгыг “Назу констракшн” компани 2010 онд хүлээж аваад гурван жилийн хугацаанд ийм болгосон. 2008 онд суурийг нь тавьж эхэлсэн энэ барилга олон компанийн гар дамжсаар таван жилийг үдсэн нь энэ. Харин сүүлчийн эзэндээ очоод ашиглалтад орохын өмнөхөн 1.5 тэрбум төгрөгийн барьцаа болчихоод ханхай хоосон дүнхийж байгаа юм.
Учрыг тодруулбал, 2010 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Барилга захиалагчийн алба “Назу констракшн” компанийн хооронд гэрээ байгуулжээ. Өмнө нь “Элбэг харш” гэх компанийн гүйцээн хийж чадаагүй зургаан давхар барилгыг “Назу констракшн”-аар гүйцээлгэн бариулж 88 айлын орон сууц болгохоор тохиролцсон байна. Түүний 60 айлын сууцыг төрийн албаны ажилчдад зориулна. Харин 28 айлын сууцыг нь “Назу констракшн” мэдэлдээ авч борлуулах эрх авчээ. Ингээд удалгүй ажлыг хүлээлгэж өгөөд, гэрээний дагуу төлбөрийн 90 хувийг захиалагчийн талаас шилжүүлсэн байна.
Гэтэл “Назу констракшн”-ийн анх амалж байсан бүх зүйл худал болох нь илэрчээ.

Тус компани өөрийн гэсэн үндсэн ажилчингүй, цөөн тооны инженер техникийн ажилтнууд нь чадваргүй. Ажиллах хүчээ түрээсийн бригадаар бүрдүүлдэг байж. Ингээд түлхүүр гардуулж өгөх санхүүгийн чадвартай гэж байсан компани мөнгө дуусчихлаа, тэр бригадтай тийм гэрээ хийж байна, судалж байна, үнэ мөнгөө тохирохгүй байна гээд олон шалтаг хэлсээр өдийг хүрчээ. Ингээд уг ажлыг хүлээж авснаас хойш бүтэн гурван жилийн дараа барилгын ажлыг арай гэж 97 хувьд хүргэчихээд “Зах зээлийн ханш нэмэгдсэн, бид маш их алдагдал хүлээлээ, манай компани дампуурах гээд байна” гэсэн шантааж хийгээд ашиглалтад орох дөхсөн барилгаа цоожилчихоод шүүхдэлцээд явж байна. Өөрөөр хэлбэл, барилгаа албаар удаан хугацаанд гүйцэтгэж, ханшийн зөрүүнээс мөнгө олдог башир арга гэнэ. ЗГХЭГ-ын Барилга захиалагчийн албаны тооцоогоор одоогоор өгөх ёстой мөнгөнөөсөө 134 сая төгрөгийг тус компанид илүү төлжээ. Шалтаг, шалтгаан тоочих болгонд нь холбогдох зардлыг нь гаргаж өгсөөр энэ хэмжээнд хүрсэн байна. Учир нь тус барилгыг хүлээж хүүтэй зээл төлөн, түрээсийн байр хэсч байгаа 88 өрх байгаа юм.
“Назу констракшн” барилга бариулах үндсэн ажилчингүй боловч тун олон захиралтай ажээ. Анх 2010 онд тус компанийн захирал Б.Наранцацралт гэдэг залуу гэрээг нь хийж, гарын үсэг зурсан байна. Гэтэл 2011 оны зургадугаар сард түүний эгч нь болох Б.Наранзул ирээд “Манай дүү маш алдагдалтай гэрээ хийжээ. Би жинхэнэ захирал нь байна” гэж баахан юм ярьчихаад явсан гэнэ. Түүнээс хойш утсаа ч авахаа больсон байна. Гэтэл наймдугаар сард нөгөө дүү нь болох Б.Наранцацралт ирээд гэрээнд тодотгол хийх шаардлагатай, нэмэлт санхүүжилт хэрэгтэй гээд 280 сая төгрөг тэр өдөртөө шилжүүлэн авч. Ингэхдээ есдүгээр сарын 9-нд ашиглалтад оруулна гэсэн гэрээг дахин хийжээ.

Мэдээж энэ хугацаандаа барилгыг ашиглалтад оруулсангүй. Гэтэл аравдугаар сард нь дахиад тус компанийн дэд ерөнхийлөгч н.Эрдэнэбаяр гэдэг хүн арванхоёрдугаар сарын 20-нд хүлээлгэж өгнө гэсэн график бариад хүрээд ирж. Тэрээр тухайн үедээ “Энэ барилгыг одоо би яг биечлэн хариуцаж дуусгана, энэ бол яг эцсийн хугацаа, дахиж хойшлуулахгүй” хэмээн ярьж байсан гэнэ. Ийнхүү олон захирал алдагдалтай ажиллаж байгаагаа гайхсан бичиг барьж ирсээр хамгийн сүүлд өнөөх Б.Наранзул гэдэг эмэгтэй ээж зөвлөхөө дагуулан ирж уулзаад “Манай ажил гүйцэтгэсэн бригадууд мөнгөө нэхээд, манай компани дээр ирээд суулт зарлаад байна. Бидэнд мөнгө алга.  Манай компанид 500 мянган төгрөг ч байхгүй, алдагдалд орлоо” гэсэн байна. Энэ байдлыг нь Барилга захиалагчийн алба мөн л зөөлнөөр хүлээн авч гүйцэтгэсэн ажлынх нь ажлын хөлс болон шаардлагатай материалуудыг нь авч өгсөөр дээрх илүү санхүүжилтийг олгочихжээ. Гар бариад бугуй барина гэгчээр цагаан сарын дараа “Назу констракшн” компаниас “1.5 тэрбум төгрөгийн алдагдалд орсон, санхүүгийн асуудлыг шийдвэрлэж өг” хэмээн Барилга захиалагчийн албыг дарамтлан орон сууцны талбайн үнээ нэмэхийг шаардаж барилгыг ашиглалтад оруулчихвал манай компани юу ч олж авч чадахгүй болно гэдгээ нуулгүй илэрхийлэн барилгыг барьцаалж ажлаа зогсоосон байна. “Назу констракшн” ЗГХЭГ-ын Барилга захиалагчийн албанаас 950 сая төгрөг нэхэмжилж шүүхэд ханджээ. Ийнхүү аав, ээж, хүү охины нүдэнд 88 айлын орон сууцны барилга нь тэрбум гаруй төгрөг олж авах барьцаа болж хувиран, 88 айлын эрх ашиг юу ч биш, зөвхөн мөнгө л нүдэнд нь харагдах болжээ.

http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=9088


URL:

Сэтгэгдэл бичих