Түргэн үйлчилгээний хоолны газрууд 24 цагаар ажиллахгүй
Нийслэлийн Засаг даргын 2013 оны тавдугаар сарын 30-ны өдрийн А/548 дугаар захирамжаар нийслэлийн хэмжээнд худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулжээ.
Уг захирамжид тусгай хөтөлбөрт үйлчилгээтэй, диско, бүжиг, шоу үзүүлбэртэй шөнийн цэнгээний газрууд шөнийн 00:00 цаг хүртэл ажилладаг байсныг хүчингүй болгож, пүрэв, баасан, бямба гарагт согтууруулах ундаагаар үйлчлэхгүйгээр 03:00 цаг хүртэл үйлчлэх зөвшөөрөл олгосон байна.
Харин долоо хоногийн бусад өдрүүдэд 15:00-00:00 гэсэн хуваарийн дагуу ажиллах аж. Ингэхдээ 00:00 цаг гэхэд согтууруулах ундаагаар үйлчлэх үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон байх ёстой гэсэн шаардлага тавьжээ. Дээрх шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авах гэнэ.
Банк, эмийн сан, шатахуун түгээх станцуудын хувьд 24 цагаар үйлчилгээ эрхэлж болно. Гэхдээ нэгдсэн нэг төрлийн эмблем, хаягтай байх ёстой гэсэн шаардлага тавьжээ. Сүүлийн үед нийслэлд 24 цагийн түргэн үйлчилгээний сүлжээ хоолны газрууд нэмэгдсэн. Тэгвэл шинэ захирамжаар 24 цагийн үйлчилгээтэй ийм газар байхгүй болж буй аж. Түргэн үйлчилгээний сүлжээ хоолны газрууд өглөө 07:00 цагаас шөнийн 03:00 цаг хүртэл үйл ажиллагаа эрхлэх боломжтой. Шинэ цагийн хуваарь өчигдрөөс мөрдөгдөж эхэлсэн байна.
URL: