Хог цэвэрлэснээс болж буруудах уу? Хотын даргаа
“Хот тохижуулдаг, хог ачих туршлагатай компаниуд тендерт ялагдаж, шар хантаазтанууд ажилгүй боллоо” гэсэн мэдээлэл гарч эхэллээ. Хог ачихад бас тендер зарладаг болчихож. “За яахав, тендер зарладаг л юм байгаа биз” хэмээн бодож болох юм. Харамсалтай нь аль ч шатны удирдлагууд сүүлийн үед “тендер” нэрээр мөнгө угаадаг болсон нь нууц биш. Өөрөөр хэлбэл, тухайн дарга өөрийнхөө хувийн, эсвэл өөртөө хамааралтай буюу ах дүү, амраг садан, найз нөхдийнхөө компанийг шалгаруулдаг болсон. Үүнийг “худлаа” гэж үгүйсгэх хүн тендер шалгаруулдаг, мөн шалгарсан буюу хамтран ашиг олдог нөхдөөс өөр хэн ч байхгүй л болов уу. Өнөөгийн нийгэмд мэдээ мэдээлэл түргэн шуурхай цацагдаж, иргэд ч эрхийнхээ төлөө дуугарах тодорхой хэмжээний мэдлэгтэй болсон. Тийм атал иргэдийг тэнэг хэмээн эндүүрч “маллах” гэж оролдсоор байгаа нь эмгэнэлтэй. Үүний нэг жишээ нь Сүхбаатар дүүргийн хог тээвэрлэх тендер шалгаруулалт шударга бус болсон гэдгийг гаднаас нь харахад л андашгүй байна. Өөрөөр хэлбэл, тус дүүргийн хоёр, гуравдугаар бүсэд ямар ч ажлын туршлагагүй, машин техник, тоног төхөөрөмжгүй, ажилтангүй “Алтан дорнын хүч”, “Наши трейд” гэдэг хоёр компани ялчихсан байх юм. Тодруулбал, нэгдүгээр бүсэд нь “Сүхбаатар-тохижилт” ХХК ганцаараа өрсөлдөж ялсан бол хоёрдугаар бүсэд нь мөн энэ компани, “Улаанбаатар шинэчлэл”, “Алтан дорнын хүч” гэдэг гурван компани өрсөлджээ. Гэтэл өмнө нь олон жил ажилласан туршлагатай компаниуд ялагдаж, “Алтан дорнын хүч” ХХК ялсан аж. Тэгвэл гуравдугаар бүсэд “ЦҮЗҮКҮ-ЮМЭ”, “Наши трейд” гэх хоёр компани өрсөлдөж “Наши трейд” ялсан байна. Энэ талаар ялагдсан компаниудын төлөөллөөс тодруулахад “Алтан дорнын хүч” нийслэлийн Хот тохижилтын газрын даргын гарын үсэг бүхий “Энэ компани манайхаас машин түрээслэх нь үнэн болно” гэсэн албан бичгээр тендерт оролцоод ялсан гэнэ. Хэрэв “Алтан дорнын хүч” нэгдүгээр бүсэд давхар өрсөлдсөн бол “Сүхбаатар-тохижилт” компани хоёрдугаар бүсэд ялагдсан шигээ бас л ялагдах нь ээ. Машин техник түрээслэх гэж буй ажилтангүй компани өндөр оноо авсан нь танил тал сайтайн л шинж. Ингэснээр албанынхны өнөө яриад байдаг “Нийгмийн зорилтот бүлэг”-ийнхэн буюу дорой буурай амьдралтай, нийгмийн доод давхаргынхан ажилгүй болж, хоосон хонох нөхцөл бүрдэж байна. Төр засгаас “Хувийн хэвшлийг дэмжинэ, ажлын байрыг нэмэгдүүлнэ, ядуурлыг бууруулна” гэж яриад байдаг нь хэзээ, хаана, яаж хэрэгжих гээд байгаа юм бэ. Уг нь нийслэл, дүүргийн дарга нарыг энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр амаа чилтэл ярьж, хийнэ, бүтээнэ гэж гуйхад нь ард түмэн итгээд л сонгосон биз дээ. Гэтэл “Та нар дуугуй хийвэл хий, чадахгүй бол ажилгүй болгож чадна шүү” гэж дарамталдаг албан тушаалтан байгаа нь харамсалтай. Албан тушаалаар дарамталж, шар хантаазтанг хэн ч биш мэт харьцаж буй нь өөрсдөө ухамсрын доройтолд орсон мэт санагдаж байгааг нуух хэрэггүй биз ээ. Өнгөрөгч мягмар гаригт “Сүхбаатар-тохижилт” ХХК-ийн ажилгүй болсон есөн хүн дүүргийн дарга нар дээр орж учир байдлаа танилцуулсан ч нааштай хүлээж авалгүй хөөж гаргасан гэнэ. “Хотын даргад захидал бичихэд л та нар ажилгүй болно шүү” гэж хэлсэн байна. Шударга л шалгаруулалт болсон юм бол үнэн зөвөөр нь тайлбарлахын оронд сүрдүүлээд гаргадаг удирдлага байж болно гэж үү.
ШАР ХАНТААЗТАНУУДЫН АЖЛЫГ БУЛААЖ БИЗНЕС ХИЙХ ГЭЭ ЮУ
Ийнхүү шударга бус болсон гэж хардаж буй тендер шалгаруулалтын талаар болон ялагдсан учир шалтгаанаа сонсохоор “Сүхбаатар- тохижилт”, “Улаанбаатар шинэчлэл”, “ЦҮЗҮКҮ-ЮМЭ” зэрэг компанийн удирдлагууд Сүхбаатар дүүргийн Засаг даргатай уулзахаар өчигдөр өглөө хогийн 10 гаруй машин, 60 орчим ажилтантайгаа цугларчээ. Тэд хог тээвэрлэх машинуудаа дүүргийн байрны үүдэнд буюу автомашины зогсоолд байрлуулсан байлаа. Харин тус дүүргийн цагдаагийн албан хаагчид “Машинуудаа аваад яв, үгүй бол торгож, 14 хоног саатуулна” хэмээн шаардах хуудсанд гарын үсэг зуруулах гэж байв. “Улаанбаатар шинэчлэл” ХХК-ийг үүсгэн байгуулагч М.Түвдэндорж “Бид ажлын байрандаа ирж, зөвшөөрөлтэй зогсоолдоо машинаа байрлуулсан. Энэ бол жагсаал цуглаан биш. Бид Засаг даргатай бүрэлдэхүүнээрээ ирж уулзах хүсэлтээ өчигдөр /уржигдар/ хүрүүлсэн. Тийм учраас хууль зөрчөөгүй” гэсэн юм. Энэ үеэр ТҮК-ийн ажилчид “Төр засаг биднийг яаж амьдар гээд байгаа юм бэ”, “Зөвхөн 40 хүн ажилгүй болсон юм биш, ар гэрт нь хэдэн зуун иргэн хоолгүй болж байгааг ойлгох хэрэгтэй”, “Хог ачих ажлыг зүгээр нэг цаас хараад шийдвэрлэж болохгүй. Бид олон жил ажилласан учраас туршлагатай. Хамгийн наад зах нь гэхэд л дүүргийнхээ хороо, хэсгийн аль гудамж нь хаагуураа задгай, битүүг сайн мэднэ. Гэтэл ажилтангүй, туршлагагүй, юугаа ч мэдэхгүй ганц хоёр удирдлагтай компаниуд шалгарч байгаа нь хууль бус үйлдэл гэдгийг тод харуулж байна”, “Албаныхан бидний ажлыг булааж бизнес хийх гэж байна” хэмээн бухимдаж байлаа. Тэд ингэж бухимдахаас ч өөр аргагүй юм. Үнэндээ тэд ажлаа муу хийсэндээ, туршлагагүйгээсээ болж халагдаагүй. Хотынхоо өнгө үзэмжийг сайжруулахад чин сэтгэлээрээ зүтгэж, шөнө дөлөөр гэрийн бараа харж, хар үүрээр ажилдаа гардгийг нийслэлийнхэн мэднэ. Гэтэл тендер зарласан нэрийн дор байгууллага нь ялагдаж, тэд ажилгүй болж байна шүү дээ. Энэ нь тэднийг “Хулгай хийж, гуйлга гуйж амьдар, эсвэл өлсөөд үх” гэж хэлснээс өөрцгүй юм.
“АЛТАН ДОРНЫН ХҮЧ” КОМПАНИ ҮНЭНДЭЭ ТУРШЛАГАГҮЙ Л ДЭЭ”
Дүүргийн Засаг дарга Д.Бадарсан, орлогч дарга Л.Амарзаяа нар хог тээвэрлэгчдийн удирдлагуудтай уулзлаа. Тэдэнтэй ярилцаж, учир шалтгааныг нь сонссон хэдий ч “Тендер шалгаруулалт шударга болсон” хэмээн албархуу үгээр амыг нь таглаж байлаа. “Яагаад шударга болсон гэж” гэсэн тэдний асуултад Д.Бадарсан “Би ажлын хэсгийнхнийг дуудаж шалгаруулалтын талаар тодруулж, оноо тавьсан байдалтай танилцсан. Нэгдүгээр бүсэд өрсөлдөгчгүйгээр “Сүхбаатар-Тохижилт” ХХК ялсан байсан. Харин хоёрдугаар бүсэд өрсөлдөж буй “Улаанбаатар шинэчлэл” компанийн талаар өмнө нь би дуулсан. Өөрөөр хэлбэл, хог сайн ачдаг талаар олон бичиг ирсэн. Гэтэл энэ компани тендерт оролцохдоо “Хог тээвэрлэх менежментийн шинэчлэлийн бичиг”- ээ хийгээгүй учраас 0 оноо тавьсан юм билээ. Ингээд бүх оноог нь нэмээд үзэхэд “Алтан дорнын хүч” шалгарсан. Гуравдугаар бүсэд “ЦҮЗҮКҮ-ЮМЭ”- тэй “Наши трейд” өрсөлдөж 17 оноогоор ялсан байсан. Туршлага, техникийн бүрэн бүтэн байдал зэргээр нь ангилж тус бүрт нь оноо тавьсныг нь харахад зөрчил байгаагүй” гэв. Харин “Улаанбаатар шинэчлэл” ХХК- ийг үүсгэн байгуулагч М.Түвдэндорж “Манай компани менежментийн бичгээ өгсөн. Гэтэл өгөөгүй гээд байгааг би ойлгохгүй байна. Тэгээд ч манайх хог тээвэрлэх сүүлийн үеийн Япон машинуудтай. Өөрийн гэсэн ажилтантай, туршлагатай. Таны хэлж буйгаар менежментийн шинэчлэлийн бичиг өгөөгүй байлаа гэхэд бусад бүх талаараа манай компани “Алтан дорнын хүч”-ээс давуу гэж бодож байна. Энэ компанийн хог хаягдал зөөх зөвшөөрлийг нь шалгуулмаар байна. Харин “Наши трейд” компанид алдаг хоног явдаг чиргүүлтэй “ЗИЛ-130” нэг, Портер машин дөрөв байдгийг би сайн мэднэ. Одоогийн байдлаар захирал нь машин хайгаад явж байна шүү дээ. Гэтэл яагаад шалгарав гэдгийг энэ ялагдсан компаниудтай харьцуулж шалгуулмаар байна” гэсэн юм. Түүнчлэн бусад компанийн удирдлагууд ч яагаад туршлагагүй, ажилтангүй, машингүй компаниуд шалгарсныг тодорхой нарийн тайлбарлаж өгөхийг хүссэн ч тусыг эс олов. Засаг даргын орлогч Л.Амарзаяа “Туршлагагүй гэж битгий яриад бай. Та нар ч туршлагагүй байж байгаад туршлагатай болсон биз дээ” хэмээн эсэргүүцсэн. Эл байдлыг харахад дүүргийн дарга нар шалгарсан компаниуд туршлагагүй гэдгийг нь хүлээн зөвшөөрч, шалгарсан гэх компанийг илт хамгаалж байлаа. Л.Амарзаяа “Алтан дорнын хүч” компани үнэндээ туршлагагүй л дээ” гэж хэлсэн нь “Үнэндээ тендер шалгаруулалт шударга болоогүй” гэсэнтэй агаар нэг мэт санагдсаныг нуух юун. Хэрэв үнэхээр л шударга болсон гэж хамгаалах гээд байгаа бол баримттай ярих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, ялсан компаниуд ийм туршлагтай, тэдэн машин, тэдэн ажилтантай гээд харуулах ёстой. Гэвч тэд тэгсэнгүй. Улмаар энэ уулзалт тодорхой шийдэлд хүрэлгүй хоёр цаг үргэлжилсний эцэст Засаг дарга компаниудыг хүсэлтээ албан бичгээр өгсний дараа хариуг мөн бичгээр өгөхийг мэдэгдснээр уулзалт дуусгавар болсон. Хог тээвэрлэгчид, тэдний ар гэрийнхэн гээд хэчнээн хүн хэрхэн хохирч үлдэх эсэхийг дарга даамлууд л мэдэх нь дээ.
М.Түвдэндорж: БИД АЖИЛГҮЙ БОЛВОЛ ДҮҮРГИЙН ДАРГА НАРТАЙ ХАМТ ГУДАМЖИНД ГАРНА “Улаанбаатар шинэчлэл” ХХК-ийн үүсгэн байгуулагч М.Түвдэндоржтой ярилцлаа.
-Танай компанийг “Хог тээвэрлэх менежментийн шинэчлэлийн бичиг”-ээ гаргаж өгөөгүй гэж Засаг дарга Д.Бадарсан хэлсэн. Энэ ямар учиртай юм бэ?
-Би хэзээ ч хууль зөрчсөн зүйл хийхгүй. Менежментийн шинэчлэлийн бичигт хогийн цэгийг устгая, шууд иргэдийн гараас дуут тохиогоор авдаг болъё, харин иргэд хогоо ангилж ялгадаг, мөнгө болгодог байя гэх мэтчилэн заасан байгаа. “Жайка” олон улсын байгууллагаас хог хаягдлаас салах тухай төслийг маш их хөрөнгө зарж хэрэгжүүлсэн. Ингэхдээ Баянзүрх, Сүхбаатар дүүргээс тус бүр хоёр хороог сонгож манайхтай хамтран ажиллая гэсэн. Өөрөөр хэлбэл, тэд “Танай машинууд сайн юм байна. Төрийн машинууд эвдрээд бас болзсон цагаасаа хоцордог” гээд Сүхбаатар дүүргийн тав, долдугаар хороонд манайд зөвлөмж өгч ажилласан. Хоёр жилийн турш өглөөнөөс үдэш хүртэл хянаж, камерт бичиж, хогийн машин дагаж очоод ангилаад гарсан зүйлсийг хоёрдогч түүхий эдийн цэгт тушааж, хэдэн төгрөг болж буйг судалсан. Тэр бүх тэмдэглэлээ манайд тав, арван ном болгож өгөөд, “Энэ хороодод ажилласан зөвлөмж, дүрэм, журмыг танай улс цаашид хэрэгжүүлээд яваарай” гэсэн. Түүнийх нь дагуу ч би нийслэлийн Захирагчийн ажлын алба /НЗАА/ болон хогтой холбоотой бүх л субъктэд зөвлөмжөө өгсөн. Мөн НЗАА-ны мэргэжилтнүүд ч энэ дагуу Японд очиж суралцсан байдаг. Тэр жишгээр нь амжилттай ажиллаж зургадугаар хороог Монгол Улсын жишиг хороо болгосон. Жайкагийн сургалт, зөвлөмжийг өдий болтол зөрчөөгүй. Тендерт “Жайка”-гийн менежментийн саналыг эвдэлгүйгээр, дүүргийн бодлого, удирдлагуудын зөвлөмжийн дагуу хороо, иргэдийн таалалд нийцсэн, шинэ менежент дэвшүүлж, илүү ихийг сэтгэн ажиллаж чадна” гэдгийг тодорхой бичсэн. Шаардлагатай бүх л зүйлийг хавсаргаад 103 хуудас матерал өгсөн. Таван хуудас материал өгсөн ч ялаад гараад ирэх хэмжээний давуу тал манайд бий. Гэтэл ялагдчихаад байгаадаа үнэхээр итгэхгүй байна. Эсвэл илүү материал, санал дүгнэлт өгснөөрөө л буруудав уу. Ер нь тэдний нүдэнд мөнгө харагдаад манай материалыг бүрэн хараагүй бололтой. “Улаанбаатар шинэчлэл” компани таван жил ажиллахдаа юу хийж вэ гэдгийг харахыг ч хүсээгүй байх. “Алтан дорнын хүч” компани машин техник, тоног төхөөрөмжгүйн дээр ажилтангүй, өмнө нь хаана юу хийж байсан нь тодорхойгүй, хог цэвэрлэж, тээвэрлэх ямар ч туршлагагүй. “Наши трейд” компани ч ялгаагүй. Цөөн хэдэн эвдэрч муудсан машинтай ч ажилтангүй.
-Ялсан компани танайхаас илүү шинэлэг санаа гаргасан юм биш үү?
-Тэгж бодсон байж болно. Тэгвэл Японоос мэргэжилтнүүд авчирч олон улсын туршлага, зөвлөмжийн дагуу яах гэж 2-3 жил заалгасан юм бэ. Үнэхээр л тэр санаа нь шинэлэг юм бол бидэнд танилцуулж, хэвлэл мэдээллээр цац л даа. Сайн санаа байвал бид дагая, бусдадаа сурталчилъя. Гэтэл үнэн хэрэгтээ шалгарсан компани нь ажилдаа ортол иргэд, аж ахуйн нэгжүүд дургүйцэж, хуучин компаниудтайгаа хамтарч ажиллая гэж байгаа. Хог ч нэмэгдэнэ үү гэхээс багасахгүй байна. Энэ “Алтан дорнын хүч” гэдэг компани “Сүхбаатар дэвшил” орон нутгийн өмчит компани болчих вий гэж хардах юм. -Танай компани хэдэн машин, ажилтантай вэ? -Би Японд зургаан жил боолын хөдөлмөр эрхэлж байгаад олсон мөнгөөрөө хог ачдаг 15 машин, түрдэг ковш авч компаниа байгуулсан. Эх орондоо ажил эрхэлж, улсдаа бага ч болов хөрөнгө оруулъя, хөгжүүлье гэж бодож явдаг маань талаар боллоо. Манайх 50 гаруй ажилтантай. Энэ хүмүүсийн ар гэрт олон хүн бий. Миний хувьд төрөөс 10 төгрөгийн боолт ч аваагүй. Энэ ажилчдаа яах вэ, машинуудаа төмрийн хогт өгөх үү гэдгийг хотын даргаас асуумаар байна.
-Өнөөдөр /өчигдөр/ та бүхэн хэн хэнд албан бичиг хүргүүлэв?
-Төрийн гурван өндөрлөг, хотын дарга, НИТХ-ын дарга, НЗАА болон ШӨХТГ, 1111 төв гээд хамааралтай бүх л газарт албан бичиг хүргүүллээ. Маргааш /өнөөдөр/ АТГ-т бичиг хүргүүлнэ. УИХ-ын дарга 10 минутын дотор миний бичгийг хүлээж авсан гэдгээ утсаар мэдэгдсэнд баяртай байна. З.Энхболд дарга “Та нарын ажил давчуу байгаа болохоор хариу бичиг үйлдэх хоорондоо утсаар мэдэгдэж байна. Та бүхэн шүүхэд ханд” гэж зөвлөсөн. Ер нь Э.Бат-Үүл, Б.Баттулга дарга нар ч биднийг сонсч, хүлээж авдаг. Гэтэл доод төвшний буюу дүүргийн дарга нар нь будилаантуулаад байгаа юм. Хэрэв шийдвэрлэж өгөхгүй бол бид өлсгөлөн зарлах хүртлээ явна.
-НЗАА-ыхан “Алтан дорнын хүч” компанийн талаар юу гэж байна вэ?
-Тэр компани байдаг эсэхийг лавлатал НЗАА-ны хуучин дарга болон ахлах мэргэжилтэн С.Аригуун нар “Нэг ч шуудай хог ачиж үзээгүй. Ер нь тийм компани байхгүй” гэж хэлэхийг сонслоо. Харин нийслэлийн ТҮК-ийн нэг ажилтан “Алтан дорнын хүч” манайхаас машин авах гэрээ хийх гээд явж байгаа нь үнэн” гэж хэлсэн. Нийслэлийн Ерөнхий менежер Б.Бадрал хурал дээр Л.Амарзаяад “Та нар чаддаг компанид нь энэ ажлыг өгөөч ээ. Хийж чаддагт нь өгөхгүй яагаад будилаан тариад байгаа юм бэ” гэж хэлсэн гэдгээ ч дуулгалаа. Гэтэл дүүргийн дарга Д.Бадарсан, Л.Амарзаяа нар удирдлагуудаасаа зөрөөд, сонирхлын зөрчил нь хэт давамгайлсан шийдвэр гаргаад байна. Шууд л манай ажилчдыг “Чи дуугүй бай” гээд ялсан гэх компанийг цээжээрээ хамгаалж байгаа “но”-той. Ер нь бид ажилгүй болвол дүүргийн дарга нартай хамт л гудамжинд гарна.
URL: