Монгол хүний амь үнэгүйдэх цагаар…
Орой бүр л нэгэн хэвийн хоол идэж гэртээ амрахыг монголчууд хүсэхээ болиод удаж байна. Тэгээд ч газар газрын түмэн шидийн хоолны газар Монголоор нэг хэрж, хэн дуртай нь юу дуртайгаа идэх болсон цаг.
Гэхдээ хүмүний хүсэл дээр дөрөөлж түүгээр зөвхөн мөнгө олох гэсэн харийнхан өнөөдөр нийслэлийн хаа л бол хаа байх болоо юу гэлтэй. Тэр дундаа хуулийг ердөө л гуравхан хоног мөрддөг гэдгийн нэгэн баталгаа сүүлийн үед ихээр дэлгэрч байгаа солонгос, хятад хоолны газраас харж болохоор байна.
Хэдхэн сарын өмнө “Корэй мама” нэртэй Солонгос хоолны газарт хоол идэж суусан хэсэг нөхдийн хоолны хачир дээгүүр жоом явж тэрхүү хоолны газрыг хаалгаж байсан ч төд удалгүй үүдээ нээсэн тухай чих дэлсэн. Энэ бол зүгээр наад захын жишээ болж байх шиг байна.
Харин хамгийн сүүлийн жишээ гэвэл хэдхэн хоногийн өмнө Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороо буюу баруун дөрвөн замын орчим байрлах “Корэй трейлинг” компанийн салбар болох “Горяа” Солонгос хоолны газарт орсон 11 хүн хоолондоо хордож зарим нэг нь өнөөдрийг хүртэл эмчилгээ хийлгэж байна.
Бид дээрх хоолны газарт хоолонд хордсон хүмүүстэй уулзсан юм. Өөрийнхөө нэрийг хэлэхийг хүсээгүй нэгэн үйлчлүүлэгч охиноо “бяцхан мисс” болсон мөн хүүгийнхээ 16 насны төрсөн өдрийг тохиолдуулан найз нөхдийн хамтаар дээрх солонгос хоолны ресторанд орсон байна.
Тэд тагтуритан, үхрийн хавирга, загасны шөл, кимчижигэ, гахайны хуурсан, жигнэсэн мах гэсэн зургаан төрлийн хоол захиалжээ. Захиалсан хоол ч эхнээсээ ирсэн байна. Гэхдээ баяртаа хөөрсөн хүүхдүүд хоолноос амсаагүй бөгөөд томчууд хоолоо тухлан иджээ.
Гэрээсээ гадуур хоол идэцгээсэн тэд гэр гэрийн зүг салан явцгаасан байна. Харин шөнө дунд гэнэт томчуудын бие нь эвгүйрхэж эхэлжээ. Яг л хэлэлцсэн юм шиг бүгд л өвдөцгөөсөн байна. Бүх булчин шөрмөс нь задрах гэж байгаа юм шиг өвдөж Яаралтай түргэн тусламж дуудсан байна.
Түргэн тусламж ирж тэднийг Хавдар судлалын үндэсний төврүү авч явсан бөгөөд 11 хүнээс дөрөв нь эмнэлэгт хэвтэж нэг нь бүр сэхээнд орсон ажээ. Харин дөрөв нь өрхийн эмчийн хяналт дор эмчилгээ хийлгэж байгаа гэнэ.
Хордлого авсан хүмүүсийн биеийн байдалтай Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтсийн ажилтнууд уулзжээ. 14 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тэд эмнэлгээс гарахдаа шинжилгээ өгсөн бөгөөд хариу нь нарийн бүдүүн гэдэс дагасан үлдэгдэл байхгүй, цусанд үрэвсэлтэй учраас нэг cap эмчилгээ хийлгэхийг эмч зөвлөж баахан эм тариа бичиж өгчээ.
Халдварт өвчин судлалын үндэсний төвд 14 хоног хэвтэн эмчлүүлсэн тэд “Горяа” солонгос хоолны газрын эзэнтэй уулзах гэсэн боловч өнөөдрийг хүртэл уулзуулаагүйгээр барахгүй тэднийг үл тоосон маягтай хандсан байна.
Тэр бүү хэл “Та нар өөрсдөө өөр газарт орж хоол идсэн юм биш шүү” хэмээн өөдөөс нь доог тохуу хийжээ. Солонгос захирлын өмгөөлөгч гэх Цасчихэр тэдэнд бүүр тохиролцохыг хүртэл санал болгосон байна.
Харийн оронд ирчихээд өөрийн мэт дураараа авирлаж Монгол хүний амийг юман чинээ тоохгүй хээв нэг байгаа солонгос захиралд арга хэмжээ авах төрийн байгууллага байна уу гэдэг бас л эргэлзээтэй.
Учир юун хэмээвээс “Горяа” нэртэй энэхүү солонгос хоолны газар нь тухайн өдрийнхөө хоолны дээжийг авч хадгалаагүй байсан байна. Тэр бүү хэл өдөр өдрийнхөө хоолны дээжийг огт авч хадгалдаггүй нь ч энэ үеэр мөн илэрчээ.
Хоолны хордлого юунаас болж гарсан талаар тухайн өдөр эдгээр хүмүүсийн идсэн хоолонд шинжилгээ хийхэд бараг л хоол бүрээс нь нян илэрчээ. Тэгэхээр өнөөдөр манайд мода болоод байгаа хятад, солонгос хоолны газрууд хэр чанартай бүтээгдэхүүнээр хоол хийж байна вэ гэдэг нь эндээс харагдах мэт.
Нөгөө талаар Монгол хүний амь гэдэг ердөө л юу ч биш болж хувирсан нь энэхүү хоолны газрын эзэн солонгос хүн хийгээд түүний өмгөөлөгч нарын аяглалаас харагдана. Яагаад энэ олон чанаргүй, баталгаагүй хоол хүнсээр иргэдэд үйлчлээд байгаа хоолны газруудад хяналт шалгат хийхгүй байна вэ, Мэргэжлийн хяналтынхаан. Та бүхний хариуцлагагүй үйл ажиллагаанаас болоод Монгол хүний амь харийнханд үнэгүйдэж бас хаа сайгүй хэн дуртай нэг гадны нөхөр хоолны газар нэртэй хордлогын эх уурхайг бэлдэж сууна, цаана чинь.
Б.Болорчимэг
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
URL: