Израиль хууль бус цагаачдыг эрхлүүлэхгүй

2013060604tН.МӨНХЖИН

Израиль улс хууль бус цагаачдын эсрэг хатуу тэмцэхээр шийджээ. Өнгөрсөн онд Кнессет хууль бус цагаачдыг гурав хүртэл жилээр шоронд хорих хууль баталсан нь зүүний намуудын уур хилэнг хүргэсэн юм. Мөн ажиллах зөвшөөрөлгүй гадаадын иргэдийг албадан ажилд дайчлах санаачилга бас л ширүүн эсэргүүцэлтэй тулгарчээ. Үүний хажуугаар Израилийн Засгийн газар Египеттэй залгаа хил дээр асар үнэтэй аюулгүйн хана хэрэм барих ажлыг санаачилсан билээ. Суданы голдуу хэдэн зуун цагаач сар бүр хөрш орноор нь дамжин Израиль руу саадгүй нэвтэрсээр байдаг байв. Тель-Авивийн эрх баригчид Израилийн газар нутаг руу нэвтэрдэг хууль бус цагаачдыг зогсоохын тулд хэдэн жилийн өмнөөс идэвхтэй арга хэмжээ авч эхэлжээ. Израилийн өмнөд хил Негев цөл дундуур өнгөрдөг. Энд хилчид олон жилийн турш хууль бус цагаачлал, хар тамхины наймаатай тэмцсээр ирсэн юм. Хил дээр аюулгүйн хана хэрэм барих ажил 2010 оны арваннэгдүгээр сард эхэлж энэ оны нэгдүгээр сард дууссан. Энэ төсөлд нийтдээ 430 сая ам.доллар зарцуулжээ. Олон саяын зарлагатай Израиль-Египетийн хил дээрх хамгаалалт ямар үр дүн авчирсан бэ.

Албан баримтаар, Египетээс орж ирдэг цагаачдын тоо хэд дахин буурчээ. 2013 оны гуравдугаар сард Египет-Израилийн хилийг гуравхан хүн л хууль бусаар нэвтэрч чаджээ. Гэвч цагаачид Израильд орж ирэхийн тулд бусад сувгийг түлхүү ашиглаж магадгүй байгаа аж. “Хууль бус цагаачид хана хэрэм баригдаагүй газраар буюу Иордантай залгаа хилээр, мөн далайгаар дамжиж Эйлат руу орж ирж байгаа нь тодорхой болсон. Зөвхөн хана хэрмээр цагаачдыг зогсоож чадахгүй гэдэг нь анхнаасаа ойлгомжтой байсан” хэмээн Израилийн Засгийн газрын төлөөлөгч Йохи Гнесин ярилаа. Одоо үйлчилж буй хуулийг хэвээр хадгалах нь цагаачдын урсгалыг зогсооход чухал нөлөөтэй хэмээн тэрээр үзэж байна.

Эдүгээ Израилийн газар нутаг дээр Африкийн орнуудын 55 мянга орчим цагаач байгаа аж. Хууль бус цагаачдыг албадан гаргасаар байгаа ч Африкийн ихэнх орон тэднийг хүлээн авахдаа тун дургүй байдаг. Цагаачдыг амь насанд нь ноцтой аюул заналхийлж байгаа улс орон руу буцаадаггүй олон улсын хууль, конвенцийг Тель-Авив хайхрахгүй байж чадахгүй нь ойлгомжтой. Цагаачдын ихэнх нь иргэдийнхээ амь насанд хамгийн халтай Судан, Эритрей улсынх байдаг ажээ.

Израилийн эрх баригчид хууль бус цагаачдын асуудлыг дипломат арга замаар шийдэж чадсан тухай мэдээлэл саяхан хэвлэлээр гарчээ. Тель-Авив Эритрейн цагаачдыг гуравдагч орон руу гаргах тохиролцоо хийсэн бололтой. Африкийн нэгэн жижигхэн орон хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж Израилиас авч хариуд нь хууль бус цагаачдыг хүлээн авахаар болсон тухай Walla сайтад мэдээлсэн байна. Харин Израилийн Гадаад хэргийн яам энэ сэдвээр тайлбар хийхээс татгалзжээ.

Ямар ч байсан Израилийн эрх баригчид өнгөрсөн оны тавдугаар сард нэн түгшүүртэй түвшинд хүрээд байсан хууль бус цагаачдын урсгалыг бараг зогсоож чадсан хэмээн мэдээлж байна. Гэсэн ч энэ нь хэлэлцэх асуудлын жаг­саалтаас хасагдсангүй, олон нийтийн идэвхтэй хэлэлцүүлэг үргэлжилсээр байна. Тийм ч бай, үгүй ч бай, хууль бус цагаачдын асуудлыг шийдвэрлэх оролдлого нь Израилийн Европ болон Ойрхи Дорнод дахь имижид муугаар нөлөөлж болзошгүй юм. Эдүгээ Биньямин Нетаньяхугийн Засгийн газар Еврейн улсын газар нутаг дээр байгаа Судан, Эритрейн цагаачид, дүрвэгчдийн хувь заяаны талаар илүү аядуу бодлого баримтлахаас аргагүй болж байна.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих