Олимпийн мөнгөн медальтан аварга болдоггүй

527-1370492688middleҮндэсний их баяр наадам болоход сар гаруйхан хугацаа үлдэж байна. Энэ жилийн хувьд баяр наадам тун ч өргөн дэлгэр болох төлөвтэй. Төсөв нь тун ч өндрөөр батлагдахаар яригдаж байгаа бол хуулинд нь ч нэмэлт өөрчлөлт орохоор өргөн баригдах гэж байна.
Уг хуулийн төслийг Засгийн газар дэмжсэн учир УИХ-д өргөн бариад байгаа юм. Хэрвээ УИХ баталчихвал Р.Гончигдорж, Б.Болор, Н.Батцэрэг нарын гишүүний санаачилсан хууль өнөө жилийн үндэсний их баяр наадмаар хэрэгжих бүрэн боломжтой болох юм.
Хуулийн төсөлд улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд арслан цолтой бөх ес давбал үзүүр түрүүний барилдааны өмнө түүнд аварга цол, улмаар 10 давж түрүүлбэл улсын аварга цол олгох, түүнчлэн улсын баяр наадамд найм давж гурван  удаа үзүүрлэсэн бөхөд арслан, арслан цолтой бөх хоёр удаа найм давж үзүүрлэсэн бол аварга цол олгохоор заажээ.
Харин 2003 оноос хойш бий болсон улсын далай аварга цолыг олгодоггүй болгохоор хуульчлахаар тусгасан байна. Хуулийн төсөл батлагдсанаар үндэсний бөхийн цол чимгийн агуулга сайжирч, бөхчүүдийн өрсөлдөөн, барилдааны чанарт өөрчлөлт гарна гэж хууль санаачлагч үзжээ.
Мөн хуулийн төсөлд олон удаа үзүүрлэсэн бөхөд аварга цол олгохоор болсон байна.  Гэтэл энэ хуулийн төслийг дэмжсэн хэсэг байхад шүүмжилж байгаа нэгэн ч байна. Хуулийг санаачлагчид Монголын үндэсний бөхийн холбоонд хандаж, тэдний сэтгэгдлийг ч сонсоогүй байна.
Үүнд нь ч бөхийн холбооныхон гоморхож байгаа бололтой. Тухайлбал, Монголын үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Д.Данзан бидэнд хуулийг урьдчилж мэдэгдэлгүйгээр Р.Гончигдорж гишүүнээр ахлуулсан хэсэг гишүүд санаачилсан юм билээ.
Өмнө нь миний бие наад асуудлыг чинь сөхөж байсан хэмээн гомдсон сэтгэлээр ярилцлага өгсөн байдаг. Баяр наадмын хуулийн төсөл бол хэдхэн хүмүүст л зориулж гаргажээ гэж шүүмжлэгчид их байна.
Хуульд зааснаар улсын баяр наадамд найм давж гурван удаа үзүүрлэсэн бөхөд арслан, арслан цолтой бөх хоёр удаа найм давж үзүүрлэсэн бол аварга цол олгоно гэсэн. Энэ заалтаар улсад таван удаа үзүүрлэсэн Д.Мөнх-Эрдэнэ арслан аварга болох юм байна.
ХэдийгээрД.Мөнх-Эрдэнэ арслан үнэхээр хүчтэй, сайн бөх ч гэсэн улсад нэг ч удаа түрүүлээгүй байж аварга цол авах нь зохимжгүй гэж бөх сонирхогчид үзэж байна. Аварга цол авсан бөх ядахнаа үндэснийхээ баяр наадамд нэг ч гэсэн удаа түрүүлсэн байх нь зүйд нийцнэ.
Мөн арслан цолтой ес давсан бөхөд аварга цол олгох, арав давбал даян аварга цол олгох тухай заасан заалт байгаа. Энэ заалтыг мөрдөөд үзвэл Г.Өсөхбаяр, А.Сүхбат нарын даян аваргууд дархан аварга болох боломж нь бүрдэнэ гэнэ. Г.Өсөхбаяр аварга улсын наадамд дөрөв түрүүлсэн.
Хуулийн дагуу далай аварга цол хасагдвал шууд дархан аварга болох боломжтой аж. Үүнээс гадна улсын баяр наадамд, найм давж гурван удаа үзүүрлэсэн бөхөд арслан цол олгохоор болжээ. Тэрхүү болзлыг хангасан хүн бол улсын гарьд Б.Гантогтох юм.
Тэрбээр 2000, 2002, 2004 онуудад тус бүр найм давж үзүүрлэсэн байдаг. Тэгэхээр улсын арслан болох нь. Мөн улсын баяр наадамд хоёр удаа найм давсан П.Цэрэнпунцаг нар арслан болох бололтой.
Энэ мэтчлэн зарим нэгнийг нь баярлуулсан, харин заримыг нь гомдоосон хууль төрөх шинжтэй. Хэрвээ энэ хууль УИХ-ын гишүүдийн дэмжлэг аваад батлагдчихвал монгол бөхөд эцэс төгсгөлгүй маргаан үүсгэж, лай ланчгийн эхлэл болно хэмээн үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Д.Данзан хэлжээ.
Мөн тэрбээр “хэрвээ энэ хууль батлагдвал бөхчүүд “Би ийм цол авна, шинэ хуулийн дагуу болзлоо хангачихаж” гээд л тал бүрээс босоод ирнэ. Эл бүгдийг тооцоололгүйгээр, Үндэсний бөхийн холбоотой зөвшилцөлгүйгээр ингэж шийдэж болохгүй байх аа.
Дүйцүүлж цол өгнө гэсэн ойлголт манай монгол бөхийн түүхэнд байгаагүй. Олон улсын жишигт ч ийм зүйл байхгүй дээ. Ухаандаа, олимпоос хоёр мөнгөн медаль хүртсэн тамирчинг автоматаар шууд олимпийн аварга болгодоггүй биз дээ.
Бөхчүүдийнхээ үзүүлсэн амжилтыг үнэлүүлэх зорилгоор бид даваа бүхнийг цолтой болгосон. Амжилтаар нь эрэмбэлдэг болсон. Уг жишгийн дагуу л монгол бөхийн барилдаан явах учиртай гэсэн байдаг.
Тэгэхээр УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, гишүүн Н.Батцэрэг, Б.Болор нарын гишүүд бөхчүүдээс санал асуулга явуулж, санаа бодлыг нь сонсоогүй нь ямар учиртай юм болоо. Аварга цолыг хүртэл улсын даян аварга, аварга гэж хоёр ангилж байгаа. Математикийн ухаанд нэвтэрхий дэд даргаар ахлуулсан гишүүд нэгийг бодож, нөгөөг тунгаасан байлтай.
Монгол бөхийн дэвжээнд цолны найраа гэж айхтар зүйл байнга дагалдаж хэл ам дагуулдаг. Начны найраа гэдэг байсан бол зиндаа ахиж аваргын найраа бий болохыг үгүйсгэхгүй. Хэрвээ энэ хууль баяр наадмаас өмнө батлагдвал аварга цолтны найраа эхэлж мэдэх юм байна.
Г.Хишигсүрэн
Эх сурвалж: 

URL:

Сэтгэгдэл бичих