“Хаан банк”-аар дамжуулж “Тодорхойлолт” гаргуулах нь ноцтой эрсдэл дагуулж байна
“Энэ паспорт Монгол Улсын төрийн өмч мөн” гэж гадаад паспортын арын хуудсанд “сийлсэн” байдгийг тодоос тод санаж байна. Учир нь би анх удаа улаан паспортыг гартаа атгахдаа арын хуудсанд бичигдсэн дээрх өгүүлбэрийг уншаад өөрийн эрхгүй омогшиж байлаа.
Монголоос өөр ертөнцийг харж, улсынхаа паспортоор хамгаалуулж, төрийнхөө өмчийг атгасан балчир иргэн гадаад улсын хилийн дээсийг давна гэдэг надад бахархалтай санагдаж байсан.
Гэсэн ч Хятадын штамп дарах хэсэг дээр очиход миний бахархаж бас бардамнаж байсан улаан паспортыг уул шиг овоолсон байхыг хараад гутарсан. Учир нь Монгол хүний үнэлэмж харь улсын хилийн дээсэнд тулахад өвдөг дээрээ сөхөрч байгааг би олж харсан юм.
Энэ нь дараагийн улсын хилийн дээсийг давахад ч ажиглагдсан. Бүр эх орон дотроо ч үнэлэмжгүй байгааг мэдэрсэн. Энэ нь шууд утгаараа ч шууд бусаараа ч эд, мөнгөтэй холбоотой. Өнөөдрийн байдлаар Монголчуудын амьдрал овойж, оцойтлоо баян тарган болоогүй байна.
Тиймээс гаднын улсыг зорьж байгаа иргэдийн дийлэнх нь хар бор ажилд нухлуулж, хэдэн төгрөг хураах гэсэндээ л эх орноо орхидог. Үүний тулд Монгол хүн өөрийнх нь улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа элчин сайдын яамны үүдэнд “яс горьдсон нохой” шиг зогсох шаардлагатай нүүр тулдаг нь нууц биш.
Түүнчлэн зөвхөн тус улс руу гарах зөвшөөрөл горилохын тулд л монгол хүн дансандаа их хэмжээний мөнгөтэй байх гэсэн шалгуурыг давсан байх хэрэгтэй. Энэ нь хамгийн багадаа 10 сая төгрөг.
Тиймээс иргэдэд энэхүү мөнгө байхгүй учраас “Банкны баталгаа” гаргаж өгдөг хувь иргэдэд ханддаг үзэгдэл олон жилийн өмнөөс хэвшиж эхэлсэн. Харин тэд өөрийн мөнгийг виз мэдүүлэгчийн дансанд хийж, тодорхой хугацааны дараа мөнгөө буцаан авдаг.
Ийм зарчмаар дансандаа мөнгөтэй мэт харагдаж харь улсыг зорьсон иргэд хэдэн мянгаар байгаа гэдгийг тэдний нэг байсны хувьд итгэлтэй хэлж чадах нь. Гэтэл энэ нь асуудал үүсгэж байсан гэдгийг өнгөрөгч өдрүүдэд олж мэдлээ.
Тодруулбал, миний “Хаан банк” дахь данс учир битүүлгээр хаагдаж, мөнгө шилжүүлэх, дансаа хянах үйлдлүүд миний мэдлээс гарав. Асуудлыг тодруулахаар тус банкны лавлахтай холбогдоход “Та картаа урт хугацаагаар ашиглаагүй юм байна.
Бичиг баримттайгаа хамт картаа хаясан гэж бүртгүүлсэн учраас таны дансыг хаасан байна” гэх нь тэр. Гэтэл миний карт, бичиг баримт байж л байсан. Харин ойролцоох “Хаан банк”-ны салбар руу очиход “Таны дансан дээр харилцагч Ч.Б нь хамтран эзэмшигчээр бүртгүүлсэн байна.
Та энэ хүнийг хамтран эзэмшигчээсээ салгуулж өөрийн дансаа нээж болно” гэх эсрэг тэсрэг учир утгагүй хариулт өгөв. Учрыг нь лавлавал, үнэхээр миний танихгүй тэр хүн миний дансыг хамтран эзэмшээд жил орчим хугацаа өнгөрсөн гэдгийг мэдэж авав.
Гэтэл өнөөх хүн маань “Банкны тодорхойлолт” буюу миний дансанд мөнгөө байршуулаад миний зөвшөөрлөөр буцаагаад авсан хүн байв. Харин данс эзэмшигч би өөрөө тухайн хүнийг хамтран данс эзэмшдэг гэдгийг мэдээгүй байсан нь асуудал үүсгэж эхлэв.
Гэтэл тухайн үед надаас шалтгаалах буруу байсан юм нь миний гарын үсэг аж. Тодруулбал, тухайн үед “Хаан банк”-ны Дансны үйлчилгээ авах хүсэлт гэх маягт дээр гарын үсгээ зурсан данс хамтран эзэмших хүсэлт байжээ.
Тиймээс миний гарын үсэг зурах маягтыг хараагүй нь миний буруу болж тухайн иргэн хүчин төгөлдөр данс эзэмшигч болж хувирав. Гэтэл хүчин төгөлдөр хамтран эзэмшигчийг албан хүчээр хас хэмээн дансыг маань хаасан нь хар дагуулав.
Өөрөөр хэлбэл, тухайн иргэнийг надтай ямар нэг харилцаа холбоогүй гэдгийг тус банк мэдсэн байж таарсан. Энэ нь ч батлагдаж миний асуултад бүдрэхийн дээдээр бүдрэв. Сийрүүлбэл, Та нар хүчин төгөлдөр данс эзэмшигчийг яагаад заавал хасах гээд байгаа юм бэ.
Надтай ямар нэг холбоогүй гэдгийг нь мэдэж байгаа болохоор тэр үү гэхэд “Өргөө” кино театрын эсрэг талын буюу Их хүрээ тооцооны төв нэртэй “Хаан банк”-ны салбарын нярав “Тэгвэл наад хүнийг чинь буцаагаад нэмээд өгөх юм уу. Чи хэдтэй юм бэ. Том хүн дагуулж ирээд уулзуул” хэмээн чихэнд чимэгтэй үг чулуудаж орхих нь тэр шүү.
Энэ нь хүнийг гадна үзэмжээс нь хараад өнгөцхөн дүгнэсэн, олон хүнтэй харилцдаг банкны ажилтанд үл зохицох араншин байсныг сануулъя. Харин дээрх асуудлаар тус банкны захиралтай уулзахад “Харилцагч Ч.Б нь ганцхан тантай данс хамтран эзэмшигч биш. Манайд жилд нэг удаа дотоодын Аудитын шалгалт ордог.
Тэр үеэр Ч.Б нь олон хүнтэй хамтран эзэмшигч болж таарсан. Тиймээс тухайн хүнтэй холбогдож, эдгээр хүмүүстэй ямар холбоотой вэ гэхэд, ямар ч холбоогүй гэж хэлсэн. Зүгээр л дансанд нь мөнгө байршуулж, элчингийн тодорхойлолт гаргадаг” гэсэн хариултыг өгсөн аж.
Тиймээс хэг ёг хийсэн, хүнийг гадна үзэмжээс нь өнгөцхөн дүгнэсэн тус банк харилцагчдын дансыг хэлэлгүй хааж эхэлжээ. Тэгээд л гэнэтхэн дансаа хаалгасан иргэд тус банк дээр очоод өөрийн данснаас Ч.Б-н нэрийг хасах юм байх.
Нөгөөтэйгүүр визний зориулалттай банкны тодорхойлолт авч байсан олон иргэн хувийн дансаа надтай адил өөр хүн ашиглаж болох бүрэн боломжтой гэдгийг мэдээгүй явна. Үүнээс визний хариу нь гарч гадаад дотоод явсан өөрийн данс картаа, гэр бүлийн хүндээ үлдээсэн иргэд хохирох магадлал өндөр байна.
Өөрөөр хэлбэл, дансыг салгахдаа тухайн хамтран эзэмшигч нар хамт байх ёстой аж. Банкны тухай хуулинд ч гэсэн хамтран данс эзэмшигчид хүсэлт гаргасны үндсэн дээр данс эзэмшигчийг хасах тухай заасан байдаг аж.
Тэгэхээр үндсэн данс эзэмшигч, эсвэл өнөөх банкны баталгаа гаргаж өгдөг нөхөр байхгүй л бол энэ асуудал цэгцрэхгүй бололтой. Тиймээс өнөөдрийн байдлаар хэдэн хүн над шиг хамтран эзэмшигчээ мэдэхгүй явааг тодруулах, “Хаан банк”-ны энэ будлианд хөндлөнгийн шалгалт оруулах шаардлагатай.
Хэдийгээр тус банкны зүгээс эрсдэлээс хамгаалж дансыг нь хааж байгаа гэх боловч, үндсэн данс эзэмшигчийн гарын үсгээр хүчин төгөлдөр болсон хамтран данс эзэмшигч бүрэн л эрхтэй хэвээр үлдэнэ гэдгийг сануулчихъя. Тиймээс харилцагч Ч.Б нь өдийг хүртэл олон хүний дансыг захиран зарцуулах эрхтэй хэвээр байна.
Тус банкныхан ч таны гарын үсгээр баталгаажсан бол дансыг 100 хувь бүрэн эдлэх эрхтэй гэдгийг хашгарсан өнгөөр хэлж байна билээ. “Хаан банк”-анд данстай гэж аль нэг элчин сайдын яаманд банкны тодорхойлолт авч байсан иргэн хальт тус банкаар ороод эзэмшигчээ шалгуулчихвал буруудахгүй л болов уу.
БНСУ-ын элчин сайдын яам, “ХААН БАНК” хоёрын хатуу холбоо
Тус банктай холбоотой бас нэг асуудал аль эртнээс байсаар ирсэн. Тодруулбал, БНСУ-ын элчин сайдын яаманд визийн хүсэлт хүргүүлэхэд явах шалтгаанаасаа үүдэж, 30, 50, 60, 80 ам.долларын хураамжтай. Харин тэрхүү мөнгийг тушаахад зөвхөн “Хаан банк”-аар үйлчлүүлнэ гэсэн хатуу заалттай.
Ямар учир шалтгаантай гэдгийг нь мэдэхгүй ч “Хаан банк” харийн Хангугтай их л дотно юм. Үүнийгээ ч баталж, саяхнаас визийн мэдүүлгийг өөрчлөхдөө тус банкны оролцоог тэнгэрт тултал нь өсгөсөн. Энэ нь БНСУ-ын визний зориулалт бүхий хугацаатай хадгаламж юм.
Тэрхүү хадгаламж нь бас л “Хаан банк” дээр нээгдсэн байх учиртай аж. Тодруулбал, виз хүссэн иргэн 10-20 сая төгрөгийг тус банканд хадгалуулж, барьцаа маягаар үлдээх юм. Тэгэхдээ зөвхөн “Хаан банк”-ны төв салбар, Сүхбаатар, Их хүрээ, Ард кинотеатрын салбаруудад байршуулах ёстой гэнэ.
Тэгээд ч зогсохгүй “Виз мэдүүлэгч нь өөрийн нэр дээрх, БНСУ-ын визний зориулалт бүхий хугацаатай хадгаламж нээлгэсэн гэрээ болон банкны дэвтрийн хуулбарыг нотариатаар баталгаажуулан визний анкет болон холбогдох материалын хамт өгнө.
Элчин сайдын яам нь Хаан банкнаас өдөр бүр тухайн данс нээлгэсэн иргэдийн жагсаалтыг авч шалгана” гэж албан ёсны хуудаснаа бичжээ. Гэтэл хүн ямар банкаар үйлчлүүлж, өөрийн мөнгөө хаана хадгалах нь хувь хүний асуудал.
Заавал “Хаан банк” хэмээн тулган шаардаад байгаа нь БНСУ-ын элчин сайдын яам, тус хоёрын харилцаа холбоо хир зэрэг зузаан бэ гэдгийг бэлхнээ илтгэх биз. Уг нь өөрийн улсын иргэнийг аль болох дэмжиж, хөгжүүлэх, мөнгөн дүнг нь бууруулах зэргээр зөвшилцөж болох байтал эргэлтийн мөнгөө бодож, иргэдийн чирэгдүүлж байгаа нь тус банкийг дотогшоо биш гадагшаа бодолтойг илтгэх бус уу.
“Харилцагч та Хаан” гэж өнгөн дүр эсгэж байгаад ар хударгаар нь иргэдийг амьдралыг улам бүр дарамтад оруулж байгаа тус банкны үйл ажиллагаа нэг л биш болжээ.
А.Чилүгэн
Эх сурвалж:
URL: