Н.Хүрэлбаатарыг Интерполоор хайж, хүүг нь шалгаж байна
Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг Монгол Улсын хууль хяналтын байгууллагын хүсэлтээр Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполоор эрэн сурвалжилж байгааг Цагдаагийн Ерөнхий газраас албан ёсоор мэдээллээ. Тэрбээр өнгөрөгч дөрөвдүгээр сарын 13-ны өдөр “Ахмад настанд эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай хүртээх нь” олон улсын хуралд оролцохоор яваад сураг алдарсан юм. Түүний нууц хүүгийн гэрээс их хэмжээний валют бүхий сейфтэй мөнгө алдагдаж, улмаар хогийн цэг дээрээс олдсон тухай хэргийг хэвлэл мэдээллүүд илчлэн тавьж энэхүү дуулиан дэгдсэн билээ. Түүнийг эрэн сурвалжлахын зэрэгцээ хүү Х.Энхбат түүний найз бүсгүй /Х.Болортуяа/ нарыг нь уг хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж. Хэргийг эргэн сануулахад, 2011 оны тавдугаар сард Хан-Уул дүүргийн 15-р хороо буюу “Рапид харш” хотхоны 5А байрны 35 тоотод оршин суугч Х.Энхбатын гэрээс хоёр сая 145 мянган юань, 6000 ам.доллар бүхий сейф алдагдсан. Тухайн үеийн ханшаар 500 илүү сая төгрөг. Мэдээж хэрэг ямар учиртай мөнгө болохыг нь тодруулах оролдлогыг хийсэн боловч тухайн үед Н.Хүрэлбаатар энэ хэргийг хаалгаж дөнгөсөн гэдэг. mongolcomments.mn |
URL: