“Хотын зам”-ын засварласан зам дахиад хагарчээ
Хийсэн ажил нь хэврэг, хэлсэн амлалтууд нь хуурамч замын компаниуд татвар төлөгчдийн мөнгөөр тансагласаар л байх уу. Дааж авсан замуудаа засаж чадахгүй байж даварсан их мөнгө нэхээд хэвтчихдэг хариуцлагагүй компаниудыг хашраагаад өгчих албан тушаалтан алга.
Хотын даргын цээжинд эрх хав шиг нялуурсан “Хотын зам” компанийн хуурамч ажил дахиад л хэл ам дагуулах бололтой.
Учир нь хэдхэн хоногийн өмнө Сансрын нүхэн гарц цөмөрч багагүй шуугиан дэгдээсэн. Албаныхан шаардлагатай арга хэмжээ авсны хүчинд “Хотын зам”-ынхан хоёрхон өдрийн дотор засварлаж нүглийн нүдийг гурилаар хуурна гээч болсон. Гэтэл одоо байдал хэвээрээ өнөөх зассан зам нь дунд хэсгээсээ хагарч эхэлжээ.
Арга ч үгүй биз дээ. Хар усан борооноор нөхөөс тавьж байсан юм чинь хугас өдрийн нараар хуурч унах энүүхэнд байлгүй. Зам засварын ажлыг хийж гүйцэтгэхэд цаг агаарын байдал чухал гэдгийг “Хотын зам” компанийнхан надаар хэлүүлэлтгүй мэдэх байлтай.
Гэтэл өдөр алдаж шөнө гэгчээр оройн цагаар ус шалбаагтай хутгалдан байж урагшгүй ажлаа дуусгасан. Сансрын нүхэн гарцыг энэ сарын 15-нд Улсын комиссод хүлээлгэж өгөх ёстой байсныг албаны эх сурвалж онцолсон. Гэтэл улсын өмч болох уу, усан борооны хаалт уу гэдэг нь тодорхой бус “үлдлээ”.
Өөрөөр хэлбэл, нөхөөстэй замыг улсын комисс яаж хүлээж авах билээ. Хэдэн тэрбумын хөрөнгөөр хагарч, бутарсан зам тавьсан “Хотын зам”-ынханд хариуцлага тооцох газар ч алга.
Б.Чанцал
URL: