Насанд хүрч Асрамжийн газраасаа гарсан хүүхдүүд хараа, хяналтгүй орхигддог байсан үе ард үлджээ
Монгол Улсын хуулиар хүүхдийн асрамж, халамжийн төвүүд хүүхдийг 18 нас хүртэл нь өсгөнө гэж заасан байдаг. Хүүхэд 18 нас хүрсэн л бол баяртай, цаашид ямар байх нь асрамжийн газарт хамаагүй хэмээн явуулдаг. 18 нас хүртэл улсын хөрөнгөөр тэжээлгэж амьдарсан, асран хамгаалагчгүй, боловсролгүй залуус өлсөж үхэхгүйн тулд хулгай, дээрэм хийж гэмт хэрэгт холбогдон шоронгийн хаалга татах тохиолдол олон. Харин өнөөдөр Хүүхэд-залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолбор (ХЗСХТЦ)-ын дэргэд Залуучуудын төв нээлтээ хийлээ. Энэ төв нь насанд хүрээд асрамжийн газраас гарч буй хүүхдүүдэд мэргэжил олгож ажилд зуучлах, нийгэмшүүлэх ажлыг хийх аж.
Нээлтийн ажиллагаанд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, ХЗСХТЦ-ын дарга Б.Лхамсүрэн, Залуучуудын төвийн эрхлэгч Т.Бадамханд болон бусад албаны хүмүүс оролцлоо. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, “Би асрамжийн газрын хүүхдүүд насанд хүрээд хуулийн дагуу амьдрал дээр гараад ямархуу байдалтай амьдрах бол доо гэдэгт их санаа зовдог байлаа. Тиймээс ч би Залуучуудын төвийг байгуулах ажлыг их дэмжиж ирсэн. Өнөөдөр энэ төв үүд хаалгаа нээснээр миний зовиур эцэслэгдэж, энэ хүүхдүүдийн ирээдүй гэрэлтэйгээр харагдаж байна. Гэхдээ надад бас нэг эмзэглэх зүйл байдаг. Манай монголчууд ямар ч юмыг бүтээж, босгож чаддаг хүмүүс. Гэхдээ бүтээсэн зүйлээ хөгжүүлэх, сайжруулах тал дээрээ маруухан. Заримдаа бүр огт ажрахгүй орхих ч тал бий. Ямартай ч хүүхдүүд насанд хүрээд асрамжийн газраас гараад хяналтгүй үлддэг байсан үе ард үлдлээ” гэв.
Бид Залуучуудын төвийн эрхлэгч Т.Бадамхандтай уулзаж зарим зүйлийг тодруулсан юм.
-Залуучуудын төвийн гол зорилго нь юу вэ?
-Насанд хүрээд асрамжийн газраас гарч буй залуусыг хэрхэн нийгэмшүүлэх вэ гэдэг асуудлыг олон жил ярьсан ч өнөөдрийг хүртэл зөв шийдлийг олоогүй байлаа. Үүнийг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өөрийн хэрэгжүүлэх бодлогынхоо хүрээнд авч үзээд Залуучуудын төвийг байгууллаа. Залуучуудын төв бол асрамжаас гарч буй хүүхдүүдийг нийгэмшүүлэх чиглэлээр байгуулагдаж буй анхны загвар төв юм. Энэ төв бол асрамжийн газраас гарсан хүүхдүүдэд мэргэжил олгож, ажилд зуучлан ирээдүйн амьдралынх нь гарааг эхлүүлэхэд туслах зорилготой.
-Танай төвд хичнээн залуус хандаад байгаа вэ?
Манай төвд 18-21 насны 40 гаруй залуу хандаад байгаа. Бид эдгээр залуусыг мэргэжил, ажилтай болгож, амьдралд хөл алдахаас нь сэргийлэх зорилгоор нийслэлийн 37 асрамж, халамжийн төвүүдээс авсан. Тэд бол бүтэн өнчин, гэр оронгүй, боловсролгүй, зайлшгүй дэмжих шаардлагатай залуус.
-Ямар мэргэжил олгох вэ?
Барилгын өргөн мэргэжил, мужаан, Зочид буудлын аж ахуйн ажилтан, Гэр бүлийн асаргаа, үйлчилгээний ажилтан, гутал засварчин гэсэн таван мэргэжлээр сургаж байгаа. Гадаадад чиглэл чиглэлээрээ сурч, ажиллаж байсан багш нар хичээл заана. Эдгээр залуусыг мэргэжлээ эзэмшиж, ажилд ороод орон гэртэй болтол нь төвдөө байрлуулна.
-Танай төв хэдэн хүн хүлээн авах хүчин чадалтай юм бэ?
-Манай төвд 70-80 хүний багтаамжтай. Дахиад 30 орчим хүн хүлээж авах боломжтой гэсэн үг.
-Жилд насанд хүрсэн хэдэн залуу асрамжийн төвөөс гардаг талаар судалгаа бий юу. Эдгээр хүмүүсийгээ хэр хурдан амьдрал дээр гаргаад дараачийн залуусаа хүлээж авах боломжтой вэ?
-Жил дунджаар 100 залуу асрамжийн төвөөс гардаг гэсэн судалгаа байдаг. Тиймээс одоо байгаа хүмүүсээ маш хурдан төлөвшүүлж, мэргэжил олгоод ажлын байртай болгох шаардлагатай. Тэгж байж дараачийн залуусаа хүлээж авна. 45 хоногийн сургалтад хамруулаад ажилд оруулна гэж төлөвлөсөн. Тэгвэл ажилтай залуус зургаан сараас нэг жилийн хугацаанд хуримтлал үүсгэхэд амьдрах орон байрныхаа мөнгийг олох боломжтой гэж үзэж байгаа. Гэхдээ энэ зөвхөн биднээс шалтгаалахгүй. Залуусын өөрсдийнх нь хурд, авхаалж самбаа, идэвхи зүтгэл хэрэгтэй.
-Асрамжийн газар амьдарч байгаагүй ч бүтэн өнчин, мэргэжилгүй залуус олон байдаг. Тэднийг хүлээн авч мэргэжил олгох боломжтой юу?
-Дүүргийн болон нийслэлийн Засаг даргын захирамж гарсан тохиолдолд хүлээн авч мэргэжил олгоно. Гэхдээ эхний ээлжинд асрамж, халамжийн төвүүдээр хүмүүжсэн залуусыг авч байгаа. Цаашид асрамж, халамжийн төвд байгаагүй ч бүтэн өнчин, мэргэжилгүй, асран хамгаалагчгүй залуусыг хүлээн авч сургана гэж бодож байгаа. Энэ тал дээр шат дараалсан арга хэмжээг авна.
Залуучуудын төвийн Хөдөлмөр зуучлал хариуцсан нийгмийн ажилтан С.Эрдэнэтуяа, “Бид мэргэжил олгосон залуусаа ажилд оруулах тал дээр анхаарч ажиллана. Хөдөлмөрийн төв бирж, Нийслэлийн хөдөлмөрийн газар болон бусад ажилд зуучилдаг байгууллагуудтай хамтран ажилладаг. Зочид буудлуудаас “Одоо суралцаж байгаа залуусыг чинь шөнийн цагаар ажиллах үндсэн ажилтнаар авья” гэсэн хүсэлт их ирж байна. Гэхдээ бид удирдамжийн дагуу эдгээр залуусыг дадлага хосолсон сургалтад 45 хоногийн сургалтад хамруулах ёстой. Тэгээд мэргэжлийн үнэмлэхийг нь гардуулан өгсөний дараа л ажилд оруулна. Гэхдээ залууст маань дадлага хийж мэргэжилдээ гарших боломж хомс байна. Үүнийг л шийдвэрлэчих юм бол сайн боловсон хүчин болгож чадна” гэлээ.
Ч.Ариунболд
МОНЦАМЭ
URL: