“Б.Бат-Эрдэнэ бол бидний захиалга байсан юм”

Саяхан хадсан товчных нь шилбэ наранд гялалзах говийн бүсгүйчүүд, хөрслөг бор эрчүүд замын хоёр талаар зайгүй эгнэн зогсоно. Тэдний урдуур одон, медалиараа энгэрээ чимсэн өвгөд, хөгшид хүүхдүүд цувран зогссон нь Алтай хотын нисэх буудлын гаднах талбайг дүүргэжээ.
Тэд бол Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг угтахаар ирсэн хүмүүс. Онцлог нь тэднийг энд ир гэж хэн ч албадаагүй. Гагцхүү сэтгэл зүрхээрээ аваргаа дэмжихээр ирсэн говь-алтайчууд гэдэг нь харваас илт байв.
Ардын намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ хаана ч явсан ард түмэнтэйгээ ойр байдаг билээ. Нисэх буудлын гадна зогсч байсан 500 гаруй хүнээс аваргатайгаа гар бариагүй нэг ч хүн үлдсэнгүй.
Тэр бүгдтэй нь дотноор мэндчилж, гар барьсан учраас бүгд л сэтгэл хангалуунаар “За, аваргатайгаа гар барьчихлаа. Хийморь сэргэлээ” гэцгээж байв. Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ Говь-Алтай аймагт энэ сарын 4, 5-ны өдөр ажилласан юм.
Тэрээр ирсэн даруйдаа Алтай хотын төв талбайг зорьсон. Монгол Улсын баатар Жанчивын хөшөө сүндэрлэсэн төв талбайд нисэх буудлын гадна байснаас ч олон дэмжигчид нь түүнийг хүлээж байв.
Говь-Алтай аймаг газар нутгийн хэмжээгээрээ Монгол Улсдаа хоёрт ордог. Далайн түвшнээс дээш 2181 метрт өргөгдсөн. Зүйрлэвэл, Богд-Хан уулын ноён оргил Цэцээ гүнтэй дүйцэхүйц өндөрт оршдог аж. Хүн амын тоо нь 53 мянга орчим.
Тэдний 45 хувь нь малчин бол төр болон хувийн хэвшилд 22.4 мянган хүн ажилладаг ажээ. Нэр дэвшигчийг ирэх сургаар засаг захиргааны 18 сум, 83 баг бүрээс хүмүүс цугласан талаар аймгийн удирдлагууд нь өгүүлж байв.
Өмнөх өдөр нь нэр дэвшигчийг Говь-Алтай аймагтай хил залгаа Баянхонгор аймагт ажиллахад бас л олон хүн цугласан. Гэхдээ Баянхонгорт төрийн албан хаагчдыг “МАН-ын нэр дэвшигчтэй уулзвал хариуцлага тооцно”,
“АН-ын нэр дэвшигчтэй уулзах уулзалтад очихгүй бол хариуцлага тооцно” гэж аймгийн удирдлагын зүгээс дарамталсан гэсэн яриаг хүмүүс ам дамжуулан ярьж байсан. Түүнчлэн “АН-ын нэр дэвшигчийн уулзалтын үеэр анхааралгүй сууж хоорондоо үг сольсон хүмүүсийг томоотой суу “ гэж загнасан талаар хүмүүс ам уралдан ярьж байхтай ч таарав.
Харин Говь-Алтайд иймэрхүү үг яриа сонсогдсонгүй. МАН-ын нэр дэвшигчийг ирэхийн өмнөхөн АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж ирээд гурван цаг орчим ажиллаад буцсан. Дараа нь МАХН-ын нэр дэвшигч Н.Удвал ирж таарсан.
Аль алиных нь зохион байгуулсан арга хэмжээнд Говь-Алтай аймгийн иргэд эрх чөлөөтэй оролцож, нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй танилцлаа. Харин хөрш хоёр аймагт ардчилал нэг иймэрхүү л ялгаатай хөгжиж байгаа бололтой.
Хаана ч явсан “энгийн байх” гэдэг зарчим МАН-ын нэр дэвшигчийн нэрийн хуудас. Тэр зам хааж, сүржин хамгаалалтаар өөрийгөө хүрээлүүлдэггүй. Очсон газар бүхэндээ олны дотор ороод бужигнаж явах дуртай. Энэ удаа ч уг жишгээ эвдсэнгүй.
Түүнийг ирнэ хэмээн төв талбайдаа хүлээж байсан дэмжигчидтэйгээ гар барьж, уулзаж ярилцангаа дараагийнхаа арга хэмжээнд алхаад л очиж байв. Ялангуяа зах, худалдааны төвүүдээр байнга орно.
Учир нь тэрээр УИХ-ын гишүүнээр есөн жил ажиллахдаа жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр олон ажил сэдэж хэрэгжүүлсэн. Мөрийн хөтөлбөртөө ч “Чинээлэг дундаж давхарга”-ыг бий болгох, ажилтай, орлоготой, хуримтлалтай монгол айл өрхийг бий болгох зорилго дэвшүүлсэн.
Энэ зорилгынхоо хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэл болон худалдаа эрхлэгчидтэй уулзаж, санал бодлыг нь сонсч яваа юм. Хүмүүс ч “Аварга маань сайн байцгаана уу, ах дүү нар минь гээд гэнэтхэн ороод ирэх нь ямар энгийн, сайхан юм бэ” гээд ам сайтай байв.
Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд, Говь-Алтай аймагт усны асуудал хүнд байдаг гэнэ. Гэтэл дуунд мөнхөрсөн Эрээн нуур нь ширгэх аюулд ороод байх үед нь Б.Бат-Эрдэнэ гишүүн УИХ-ын байнгын хороонд асуудлыг тавьж, тухайн үеийн Байгаль орчны дэд сайдаар ахлуулсан ажлын хэсгийг томилж, байдалтай нь газар дээр нь танилцуулж, уг нуурыг ширгэх аюулаас аварч байжээ.
Говьд ус чандмань эрдэнэ гэдгийг ч хэлэх үү, “Хайртай нуурыг нь аварсан, Хэрлэн голоо хэрчүүлээгүй, “Оюутолгойн “-н гэрээг монголчуудад ашигтайгаар шийдүүлэхийн төлөө, эх орон, газар шорооныхоо төлөө тэмцэгч Б.Бат-Эрдэнийгээ бид 100 хувь дэмжинэ.
Бидэнд ийм л Ерөнхийлөгч хэрэгтэй. МАН-аас хэнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх талаар санал асуулга явуулахад говь-алтайчуудын дэмжлэг их байсан. Тийм учраас өнөөдөр Ерөнхийлөгчид нэр дэвшээд явж байгаа нь Алтай нутгийнхний захиалга байсан” хэмээн өгүүлж байв.
Түүнчлэн нэр дэвшигч явсан газар бүрийнхээ иргэдийн санал бодлыг цаасан дээр буулгуулж авч байгаа. Өөрөөр хэлбэл, иргэдийнхээ санал бодлыг өнөөдөр сонсоод маргааш нь мартдаг хүн тэр биш. Тийм учраас сонгогчдынхоо санал бодлыг архивлаж авч байгаа нь тэр.
Энэ удаа Говь-Алтай аймгийн иргэдийн цалин бага байгаа талаар гомдол их ирэв. Энэ талаар Б.Бат-Эрдэнэ “Би УИХ-д есөн жил ажиллахдаа цалин, тэтгэвэр нэмээгүй жилийг үзсэнгүй. Сая л анх удаа Засгийн газар цалин, тэтгэвэр нэмэхгүй байхыг харлаа.
Гэтэл улсынх нь төсөв томроод л байдаг. Үнэн хэрэгтээ тэр их мөнгө нь шинэчлэлийн гэх тодотголтой Засгийн газрын 19 сайд, дэд сайд, агентлагийн дарга нарын цалин болж очсон шүү дээ.
Би та нарынхаа зовлонг сайн мэднэ. Үнэхээр алслагдсан аймгуудын хөдөлмөрчдийн цалин, хөлс бага байгаа. Тийм учраас би Бүсийн нэмэгдэл олгох тухай хуулийн төсөл санаачлан өргөн бариад байгаа” гэлээ.

URL:

Сэтгэгдэл бичих