Үзүүрлэсэн бөхөд “аварга” цол өгвөл Үндэсний бөх “мөхөл” рүүгээ “АЛХААД МАРШ”

-Гишүүдэд өөр хийх ажил олддоггүй юм байх даа-

 

Манай УИХ-ын зарим гишүүд хийх ажлаа олж ядсан бололтой. Наадам болоход сар гаруйхан хугацаа дутуу байхад бас нэг хачирхалтай хуулийн төсөл санаачлаад УИХ-д өргөн барисан байх юм. Уг хуулийн төсөлд нь олон удаа үзүүрлэсэн бөхөд аварга цол өгдөг байхыг тусгасан юм байх.

 

Тодруулбал уг хуулийн төсөлд Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд арслан цолтой бөх 9 давбал үзүүр түрүүний барилдааны өмнө түүнд аварга цол олгоно. Харин 10 давж түрүүлвэл улсын даян аварга цол олгох юм байна. Цаашилбал улсын баяр наадамд 8 давж 3 удаа үзүүрлэсэн бөхөд арслан цол, арслан цолтой бөх 2 удаа 8 давж үзүүрлэсэн бол аварга цол олгох хуулийн төсөл санаачилсан байгаа юм. Арслантай цолтой бол 9 даваатай наадамд хоёр удаа үзүүрлэсэн байхад л аварга, харин 10 даваатай наадамд ганц л удаа 9 давж үзүүрлэсэн байхад л мөн аварга цол олгох юм гэнэ.

 

Үүнийгээ хууль санаачлагч гишүүд монгол үндэсний бөхийн үе үеийн түүхэнд олон удаа үзүүрлэсэн тохиолдолд аварга цол олгож байсан уламжлалаа сэргээж байгаа явдал гэж үзэж байгаа юм байх.

 

Мөн шинээр олгогдох болсон улсын “далай” аварга цол чимгийг олгодоггүй болгохоор хуульчилжээ. Бас л нэг хачирхалтай санаачилга биш гэж үү. Далай аварга гэхээр хамгийн түрүүнд А.Сүхбат “далай” аварга маань л санаанд бууна. Гэтэл энэ аваргын маань “далай” хэмээх цол тэмдгийг нь цаашид олгодоггүй болгох юм байна л даа. За яахав аварга хүн тэр “далай” гэх чимэгтэй байсан ч, чимэггүй байсан ч ард түмний дунд аваргаараа л үлдэнэ гэж бодьё. Энэ асуудлыг ингэсхийгээд орхиё.

 

Харин шинээр аварга цолыг үзүүрлэсэн бөхчүүдэд өгдөг болгох гээд байгаа нь ямар учиртай вэ. Наадамдаа ч түрүүлж үзээгүй байж аварга цол авна гэдэг яаж ч бодсон, цаашлаад нэршилтэйгээ ч уялдуулж бодсон таарамжгүй л баймаар. Аваргыг давж аварга болсон, улсын наадамд босоо аварга, улсын наадамд түрүү авсан бөх зэрэг хүндтэй үгнүүдээр дандаа ард түмэнд цоллуулж явдаг үндэсний бөхчүүд маань тэгээд энэ хууль нь батлагдчих юм бол “тээр жил тэр аваргад өвдөг шороодоод “аварга” цол авдаг жил” гэж ярих хэрэг үү. “Яагаав нөгөө хоёр удаа үзүүрлэн байж аварга авдаг нөхөр чинь энэ шүү дээ” гэж ирээд л ярих хэрэг үү.

 

Аль эсвэл “азтай бөх шүү, 10 даваатай наадамд барилдаад, аз нь таарч үзүүр түрүүнд үлдээд аварга авчихсан шүү дээ” гэж ярих эсвэл сайхан байна гэж үү.

 

Өвдөг шороодчихоод аварга цол авна гэдэг яав ч эрүүл хүний санаанд багтах зүйл биш ээ. Адаглаад ард түмнийхээ дунд ч нэр төр муутай, цэвэр биш л байж таарна шүү дээ…

 

Ядаж байхад сар гаруйхан хугацааны дараа наадам болох гэж байхад ийм л хууль гарч ирж, батлагдаад энэ жилийн наадмын үндэсний бөхийг минь хачин болгочихоосой билээ дээ….

Гишүүдэд өөр хийх ажил олддоггүй юм байх даа…

 

П.Галаа /undesten.mn/

URL:

Сэтгэгдэл бичих