Ямар том басамжлал вэ Ерөнхий сайд аа
Н.Алтанхуягийг Ерөнхий сайд болно гэж огт бодож байгаагүй гэнэ. Ямар их басамжлал бас доромжлол вэ, Н.Алтанхуяг сайд аа. Хүргэн тань таныг ямар ч ирээдүйгүй нэгэн гэж дүгнэдэг байж. Долоон жил таныг дагаж намирахдаа улс төрийн карьер нь дуусч, харьж яваа өвгөн гэж дүгнэдэг байсан бололтой юм.
Түүнээс биш 20 гаруй жилийн турш улс төрд ул мөрөө үлдээж, хүчтэй сөрөг хүчин байсаар ирсэн АН-ын даргыг Ерөнхий сайд болно гэж бодож байгаагүй гэхээр хэзээ ч энэ нам олонх болж чадахгүй, тийм чадамжгүй гэж тэр дүгнэж явсан хэрэг. Харамсалтай нь, түүний төсөөлж байснаас өөрөөр эргэж, АН эрх баригч болов.
Тэр ч бүү хэл, хэзээ ч Засгийн тамгыг атгахгүй гэж бодож явсан хүргэх ах нь Ерөнхий сайдын албан тушаалд тухалж, мань хүн ч далбаан дор нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргын сэнтийгээр мялаалгав. Тэр ч бүү хэл, 25-хан настай шавилхан залуу “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн даргаар томилогдлоо.
Азтай аавын хүү юм даа гэж үе тэнгийнхэн нь атаархаж байв. МУИС-ийг хэрэглээний математикч мэргэжлээр төгсөж, тооцон бодох, тоглоомын онолын чиглэлээр мэргэшсэн нэгэн гэж тэр өөрийгөө танилцуулж байна лаа.
Мэргэжлээрээ төгсөөд сургуульдаа эрдэм шинжилгээний ажилтан, багшаар ажиллаж байгаад долоон жилийн өмнө одоогийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг хамтарч ажиллах санал тавьжээ.
Энэ дагуу АН-ын зөвлөлд ажиллаж, уул уурхай, Оюутолгой болон төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх чиглэлээр математик загвар боловсруулан ажиллах болсон аж.
Тооны ухаанд гаргуу, толгой сайтай энэ залууг Н.Алтанхуяг өөд нь татаж, өөрийнхөө хажууд байлгах болсон түүхийн талаар тэрбээр ийнхүү товч мэдээлэл өгсөн. Илүү дэлгэрүүлбэл Г.Дэнзэн нь өмнөх Засгийн үед Тэргүүн Шадар сайдын ажлын албанд ажиллаж байсан юм.
Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуягийн туслахаар өнгөрсөн дөрвөн жил ажилласан нэгэн. Үүний дараа буюу 2012 оны нэгдүгээр сараар “Монгол хүн 2020″ мөрийн хөтөлбөрт ажиллаж, УИХ-ын сонгуулийн үеэр АН-ын Шуурхай албаны даргаар томилогдсоны зэрэгцээ хяналт, шалгалтыг нь давхар хийж байлаа.
Түүний хэлдгээр нэг бүсгүйд хайртай, дуртай болсон нь даргынх нь хамаатан. Гол нь албан ёсоор батлуулаагүй учраас тэр айлын хүргэн мөн эсэхэд эргэлзээтэй. Тэгээд ч батлуулах сонирхолгүй гэхэд хилсдэхгүй.
Хэрэв тэд албан ёсны гэр бүл болбол Ашиг сонирхлын зөрчлийн хуулийн дагуу албан тушаалаасаа татгалзах шаардлагатай. Тэгэхээр түүнд гэр бүлээс нь илүү өнөөдрийнх нь албан тушаал чухал.
Өнөөдрийн өндөрлөгт яаж хүрсэн билээ дээ. Харин хамтран амьдрагч байснаараа Х.Тэмүүжин сайдын санаачлан боловсруулсан хуулийн цоорхойг ашиглаж болох юм чинь. Монголын хууль заавал цоорхойтой байдгийн ганц жишээ энэ.
Энүүхэндээ гэхэд эрхэм мэдэлтнүүдийн хүүхэд, хүргэн аль болох гэрлэлтээ баталгаажуулахгүй байх нь ирээдүйн зам мөрөө засахад ашигтай тус юм . гэдгийг Г.Дэнзэн өөрийн биеэр үлгэрлэж байна, цаана чинь. Ер нь нийтээрээ хамтран амьдрагчид болчихвол зүгээр юм биш үү.
Хэдийд ч хаалга саваад хаяад явсан амар. Ямар албан ёсоор баталгаажуулсан биш. Дээр нь хурим найр гэж хөрөнгө мөнгө зарлагадаад байхгүй хялбар юм байна, энэ чинь. Г.Дэнзэнгээс суралцах юм их байна аа, ер нь.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн гадаад удирдлагыг ажлаас нь чөлөөлөхөд л зөвхөн удирдлагын зардал 65 хувиар багассан гэж байна. Гэхдээ мань хүн Г.Дэнзэн “Эрдэнэс МГЛ”, “Эрдэнэс Тавантолгой” компани болон ШУТИС, Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд давхар ажиллаж, хуулиар тогтоосон цалин хөлсийг нь авдаг.
Ганц байгууллагаас нь гэхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгийг зүгээр л халаасалчихна. Хэдийгээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга ч гэсэн дотоод үйл ажиллагаанд нөлөөлөх боломжгүй, харин шаардлагатай үед л ТУЗ-ийн хуралд нь оролцдог гэж тэр өөрөө хэлсэн юм чинь.
Тэгэхээр тэр дөрвөн байгууллагаас сая гаруй төгрөгийг зүгээр л халаасалж суудаг гэж байгаа биз дээ. Бараг л цайны мөнгө гээд өгдөг юм байх. Хар бор ажил хийж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний цалингаар зарим нэг нь амьдралаа залгуулдаг бол нөгөө хэсэг нь хэд дахин үржүүлээд халааслах нь аргагүй л тооны ухаанд суралцсан хүний арга барил.
Хачирхалтай нь, тооны ухааны мэргэшсэн мастер маань 70, 53 хоёрын аль нь их вэ гэдгийг олохгүй мунгинаж байгаа гэдэг шүү. “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсийг “Чалко”-той байгуулсан гэрээний дагуу өмнөх Засгийн газрын үед 70 ам.доллараар нийлүүлж байж. Харин өдгөө 53 ам.доллараар гаргаж буй.
Гэхдээ энэ бол хамгийн ашигтай хувилбар гэж ТУЗ-ийн дарга Г.Дэнзэн тодотгосон. Манийн үед гэдэг шиг сурагч байхад тооны багш 70, 53 хоёрын 70 нь их гэж зааж билээ. Цаг төр өөрчлөгдөж, тооны ухаан ч шинэчлэгдсэн юм даг уу. Г.Дэнзэн даргын хэлснээр 53 нь их юм гэнэ лээ.
Толгой сайтай, тооны мундаг хүн алдаагүй байлгүй дээ. Тийм болоод л “Ажил хуваарийн дагуу “Эрдэнэс тавантолгой”-н ТУЗ-ийн даргаар ажиллаж байгаа бөгөөд анх энэ компанийг авахад их хэмжээний өртэй, санхүүгийн алдагдалтай байхад нь хүлээн авсан.
Тээврийн асуудлыг зөв зохион байгуулалтад оруулснаар энэ асуудпыг цэгцэлж эхэлсэн” гэж байх вэ дээ. Түүний хэлж байгаагаар одоо ашигтай ажиллаж байгаа гэхээр нэрээ л 53 нь их юм шиг байна. Өнөөх алдарт 17 тэрбумын хэрэгт мань хүн ямар ч холбоогүй.
Түүнд болон хамтран амьдрагчид нь ямар ч компани байхгүй гэсэн. Тиймээс нэр төрөө сэргээлгэхээр хуулийн байгууллагад хандсан гэнэ. АТГ-аас шалгах нь зүйтэй гэж үзсэн хэргийг нийслэлийн прокурорын байгууллага шалгахаас татгалзаж, хав дарсан. Тэгэхээр ийм бардам байх нь зөв биз дээ.
Тийм болоод л “Хүн гүтгэх хуультай” гэдгийг Н.Номтойбаяр гишүүнд шууд бусаар хаягласан байлгүй. Гэхдээ яаран, сандран хурал зарлаж, барин тавин ярьсан нь АН-ыг, тэр дундаа хүргэн ахыгаа тун муухай харагдуулсныг харсан байгаа, Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой сөрөг мэдээллийг няцаах гэсэн түүний сэтгэл хөсөр хаягдчих шиг болсон.
Түүнийг ийнхүү учирлаж, тайлбарлаж ядаж байх зуур Ерөнхийлөгч “Би Ерөнхий сайдад хэлсэн. Ер нь энэ Г.Дэнзэн гэдэг хүнээ ажлаас нь өөрчил. Шалгуул гэж хэлсэн” хэмээн тайлбар хийсэн байх юм. Өөрийг нь муухай харагдуулна гэдгийг урьдчилан харж байж.
Харин Н.Алтанхуяг үгэнд нь ороогүйгээс болж, өөрөө ч эвгүй байдалд орчихлоо. Долоон жил туслах шиг нь ажилласан тэр дүүгийнх нь охинтой хамтран амьдрагч төдийнхнөөр өдөр хоногийг өнгөрөөж байгаагаа ил зарлав. Мөн хүргэн ахыгаа ирээдүйгүй нэгэн байсан тухай ам алдлаа.
Энэ үйлдэл нь их сунгааны өмнө АН-ыг муухай харагдуулаад байгаа юм биш үү гэсэн сэтгүүлчийн асуултад “Үгүй ээ. Би ажлаа хийж байна” гэж хариулна лээ. Ингэж ажлаа хийдэг хүргэнийг өнөөдрийг хүртэл тэжээж ирсэн гэдгээ харсан биз дээ, Ерөнхий сайд аа.
Д.Дорж
Эх сурвалж:
URL: