“Тэнгис”-ийн урд талын барилгын ажлыг бүрэн зогсоожээ
“Тэнгис” кино театрын зүүн урд баригдаж байгаа иргэн К.Пүрэвийн 30/24 хэмжээтэй 16 давхар барилгын ажлыг өнгөрсөн оны есдүгээр сард түр зогсоосон.
Учир нь баригдаж байсан барилгын дээрээс төмөр унаж хүний амь нас хохироосон харамсалтай хэрэг гарсан билээ.
Гэвч энэ барилга баригдаж байна гэсэн мэдээлэл иргэдээс ирсэн юм. Тиймээс энэ барилгын тухай нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилга, техникийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.Цэнгэлээс тодрууллаа.
-’’Тэнгис” кино театрын зүүн урд баригдаж байгаа барилгын ажилд танайхаас ямар хяналт тавьж байна вэ?
-Бид энэ барилга дээр байнгын хяналт тавин ажиллаж байна. Энэ барилга дээрээс төмөр унаж хүний аминд хүрсэн харамсалтай хэрэг өнгөрсөн оны есдүгээр сард гарсан. Тиймээс нийслэлийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу манайхаас хяналт, шалгалт хийж 2012 оны есдүгээр сард барилгын ажлыг түр зогсоох тухай улсын байцаагчийн акт гаргаж, барилга барих ажлыг бүрэн зогсоосон.
Харин өнгөрсөн өдрүүдэд болсон хүчтэй салхи шуурганы улмаас баригдаж байгаа барилга дээрээс барилгын төмөр унах зэрэг нөхцөл байдал үүсч магадгүй болсон учраас манайхаас албан шаардлага хүргүүлж, барилгын гадна талаар хамгаалалтын хашлага, хаалт хийлгэж, аюулгүй болгосон. Энэ байдлыг иргэд барилга баригдаад эхэлсэн мэтээр ойлгосон байж болох юм.
-Энэ барилгын асуудлыг цаашид хэрхэн шийдвэрлэх вэ?
-Энэ барилгын асуудлыг Чингэлтэй дүүргийн шүүх шалгаж байгаа. Шүүхийн шийдвэрийн дагуу дараагийн асуудал яригдана. Ямар ч байсан одоо барилгын ажил яваагүй, үйл ажиллагааг нь бүрэн зогсоосон байгаа гэдгийг дахин хэлье.
Ж.Ганцэцэг
URL: