Орон нутагт уруул тагнайн мэс заслыг үнэ төлбөргүй хийнэ

5904efb920b46f92d82ad6e67c3d77eb_LТайваний Хүүхэд гэр бүлийг дэмжих сан ЭХЭМҮТ-ийн Эрүү нүүрний мэс заслын болон Чих хамар хоолойн мэс заслын тасагтай хамтран 17 хүний бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 8-15-нд Хөвсгөл аймагт очиж уруул тагнайн эмгэгтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй мэс засал хийнэ.

Тус сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар, ЭХЭМҮТ-ийн Эрүү нүүрний мэс заслын тасаг, Уруул тагнайн төрөлхийн эмгэг судлалын нийгэмлэг, “ Эрхэмсэг  инээмсэглэл” ТББ хамтран өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Эдгээр байгууллагууд өнгөрсөн жил алслагдмал 9 аймгийн нийт 165 хүүхдэд үнэ төлбөргүй мэс засал хийжээ. Орон нутгийн хүүхдүүд мөнгө санхүүгийн байдлын улмаас Улаанбаатар хотод ирж эмчлүүлж чадахгүй байгаа нь хүүхдийн ирээдүйдээ итгэх итгэлгүй болж өөрсдийн эмзэг байдлаас хамааран нийгмээс тусгаарлагддаг байна. Сүүлийн жилүүдэд уруул тагнайн сэтэрхийн эмгэг нэмэгдэж байгаа нь эмч, мэргэжилтнүүдийн сэтгэлийг түгшээсэн асуудал болжээ.

Дэлхий дээр 500-1500 гаруй төрөлт тутамд нэг уруул тагнайн сэтэрхийн эмгэгтэй хүүхэд төрдөг судалгаа бий. Харин Монгол улсад 997 төрөлт тутмын нэг нь уруул тагнайн сэтэрхийн эмгэгтэй төрдөг ба жилд дунджаар 65-75 тохиолддог аж.
Тайваний Хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгч Ли Куй Пин, “Уруул тагнай нь сэтэрхий хүүхдүүд баяр баясгалангүй байдаг. Энэ нь амь насанд аюулгүй ч хүүхдүүд өдөр тутмын амьдрал, хичээл сургуульдаа санаа зовохгүйгээр явах, хүмүүстэй энгийн байдлаар харьцахад бэрхшээл тулгардаг. Эмчилгээний үр дүн нь хүүхдүүд насан турш өөртөө итгэлтэй, аз жаргалтай болдог. Тайваний хүүхэд гэр бүлийг дэмжих сан нь Тайваний сайхан сэтгэлт ард түмний тусламжийг цуглуулан, энэхүү хүүхдүүдэд урт хугацааны дэмжлэг үзүүлэхээр зорьж байна. Хамтарсан баг алслагдмал орон нутгийн хүүхдүүдэд үнэ төлбөргүй эмчилгээ, мэс засал хийж хүүхдүүдэд инээд баяр бэлэглэх болно” гэв.
ЭХЭМҮТ-ийн Эрүү нүүрний мэс заслын тасгийн эрхлэгч Г.Аянгаас дараах зүйлийг тодруулав.
-Уруул тагнайн эмгэгтэй төрөлт нэмэгдэж байгаагийн шалтгаан?
-Шалтгааны хувьд олон судалгаа байдаг. Уруул тагнайн эмгэгтэй төрсөн хүүхэд бие эрхтэн, оюун санааны хувьд амьдрах бүрэн боломжтой боловч нүүрний гоо сайхны өөрчлөлт, гуншиж ярих зэргээс болж хүссэн ажил хөдөлмөрөө эрхлээд хүссэнээрээ амьдарч чаддаггүй. Хүн эхийн хэвлийд хүн болж бүрэлдэх явцдаа сэтэрхий байдаг бөгөөд ургийн хөгжлийн 4-6 дахь долоо хоногт уруул, 8-12 дахь долоо хоногт тагнай хоёр талаасаа нийлж бүрэлддэг. Эдгээр үед жирэмсэн эхэд гадаад болон дотоод хүчин зүйл нөлөөлснөөр уг хөгжил саатаж сэтэрхий төрдөг. Тухайлбал, жирэмсэн эх өдөрт 10 хүртэл тооны тамхи татвал ураг гаж хөгжилтэй төрөхөөс гадна тэмбүү өвчин, архаг архичин хүний хүүхэд ингэж төрөх магадлал өндөр байдаг.
-Мэс заслыг хүүхдийн хэдэн настайд нь хийвэл тохиромжтой вэ?
-Уруул тагнайн сэтэрхий олон хэлбэрээр тохиолддог. Тухайлбал, зөвхөн уруул нь сэтэрхий, уруул тагнайн хавсарсан сэтэрхий, уруулын хагас, бүтэн сэтэрхий гэх мэт. Дэлхийн стандарт эмчилгээ нь уруулын сэтэрхийн мэс заслыг 3 сартайд нь, тагнайн сэтэрхийн мэс заслыг 12 сартайд хийдэг. Замын зардал, байр хоолны зардлаас болж орон нутагт олон хүүхдүүд эмчилгээгээ тохирох насандаа хийлгэж чаддаггүй.  Алслагдмал орон нутагт  20 нас гарчихсан залуус олон байдаг. Эдгээр залуус оюун санааны хувьд эрүүл болохоор малаа хариулаад явдаг. Энэ сард Хөвсгөл аймагт очиж 40 гаруй хүүхдэд эмчилгээ, мэс засал хийх төлөвлөгөөтэй байна.

-Хагалгааны үнэ өртөг хэд байдаг вэ?

-Хөгжилтэй оронд нэг хагалгаа хийхэд 3000-5000 ам.доллар байдаг. Манай улсын хувьд даатгалын хуулиараа 16 нас хүртэлх хүүхдийн бүх эмчилгээ, мэс засал үнэ төлбөргүй.
-Хагалгаа хийлгэхэд ямар шаардлага хангасан байх хэрэгтэй вэ?
-Хүүхэд бусад бие эрхтний талаас эрүүл байх хэрэгтэй. Жишээ нь, ханиадтай хүүхдэд хагалгаа хийж болохгүй.
- Жирэмсэн байхдаа эхчүүд юуг анхаарах хэрэгтэй вэ?
-Гэр бүлээ төлөвлөх хэрэгтэй. Жирэмсэн үедээ ажлын хортой нөхцөл, халдварт өвчнөөр өвчлөхгүй байх, эм тариа хэрэглэхгүй байх, тайван байх хэрэгтэй.
Хамтарсан багийнхан Монгол улс даяар уруул тагнайн эмгэгтэй төрсөн хүүхдүүдийг цогц эмчлэх зорилго тавьж Хөвсгөл аймагт энэ сарын 8-15-нд, Архангай аймагт 8 дугаар сарын 8-17-нд, Баян-Өлгий аймагт 9 дүгээр сарын 7-14-нд, Дундговь аймагт 10 дугаар сарын 1-7 нд очиж ажиллах юм.

Ж.Болор

МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих