Хууль бусаар мод огтолсны торгууль бага байгааг шүүмжлэв

ea48ff17d3ccf718acf3dcc4a67275d4_LБайгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хууль бусаар мод огтолсны торгууль түймэр тавьсанаас бага байгаад гишүүд шүүмжлэлтэй хандлаа.

Ойн тухай хууль 2012 онд шинэчлэн батлагдаж, орон нутагт ойн ангийн бүтэц бий болж, эерэг үр дүн гарч байгаа ч ойг түймрээс хамгаалах талаар хуульчлан тогтоож, орон нутагт төрийн нэрийн өмнөөс ой хамгаалах үйл ажиллагаа явуулдаг байгаль хамгаалагчийн эрх үүргийг нэмэгдүүлэх шаардлага байсаар байгаа аж. Манай улсад гарч байсан ой, хээрийн түймрийн олон жилийн статистик бүртгэлээс үзэхэд жилийн нийт түймрийн 95 хувь нь хүний хариуцлагагүй, галтай болгоомжгүй харьцдаг, хууль биелүүлдэггүй үйлдлийн шалтгаанаар гарсан гэсэн тоо баримт байдаг юм байна.
Тиймээс Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж УИХ-д өргөн бариад байгаа юм. Энэ хуулийн төсөлд ойд нөхөж баршгүй хохирол учруулдаг түймэр гарахаас сэргийлэх зорилгоор түймрийн аюултай буюу хуурайшлын үед иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн зүгээс хориглох үйлдлүүдийг хуульчлан тогтоож, зөрчсөн тохиолдолд захиргааны хариуцлага ногдуулах эрх зүйн орчин бий болгохоор тусгажээ. Түүнчлэн ойн нөөцийн судалгааны ажлыг олон улсын түвшинд хүргэх зорилгоор ойн тооллого, зохион байгуулалтын ажлын хүрээг өргөтгөж, хүлэмжийн хийн шингээх чадавх, биомассын үнэлгээний түвшинд хийх зохицуулалтыг бий болгохоор оруулжээ.
Ой ашиглах эрхийн бичиг олгох, гарал үүслийн гэрчилгээ олгох, ойг гэрээгээр эзэмшигчидтэй гэрээ байгуулах зэрэг ажлуудыг байгаль хамгаалагчид хариуцуулах нь зүйтэй гэж үзэн төсөлд тусгажээ.
Мөн түймрийн улмаас байгаль орчинд хохирол учруулсан аж ахуйн нэгжид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгуулийг оногдуулах аж. Харин хууль бусаар мод огтолсон аж ахуйн нэгжид ногдуулах торгууль үүнээс бага байгааг гишүүд шүүмжилж, илүү өндөр торгууль тогтоох ёстой гэсэн байр суурь илэрхийлж байв. Ингээд гишүүд уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Н.Гантуяа

монцамэ


URL:

Сэтгэгдэл бичих