Хот хогтой байгаагийн бурууг өөрсдөөсөө эрье

Энэ жил Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр Сүхбаатарын талбай, гудамж, ҮСАХ зэрэг олны хөлийн газарт нэг алхаад л хогийн сав байрлуулсан байв.

Харамсалтай нь Сүхбаатарын талбай өмнөх жилүүдээсээ ч илүү хогонд дарагдсан байсан юм. Сүхбаатарын талбай хогийн цэг болоод хувирчихав уу гэлтэй дүр зураг харагдаж байлаа. Ганц алхмын цаана байх хогийн саванд хогоо хийчихэж сураагүй монголчуудын соёлын илэрхийлэл нь энэ байсан гэхэд буруудахгүй болов уу.

Учир нь урьд өмнөх жилүүдэд монголчууд наадмын талбайд, баяр ёслолоор, энгийн өдрүүдэд ч яагаад гудамж талбай хогондоо дарагдаад байгаагийн учрыг ердөө зориулалтын савтай холбож тайлбарладаг байсан юм. “Хогийн сав байхгүй юм чинь гудамжинд хаяхгүй яах юм, хогийн сав байрлуулчихсан бол наадмын талбайд хогоо хаяхгүй л байлаа” гэх мэтчилэн бүхний бурууг саванд нь чихдэг байв.

Тэгвэл энэ жил өнөөх хүсээд байсан хогийн савыг чинь бүр дахивар гэх тодотголтой болгоод, шил, лааз, цаас, уутаар нь ялгаж хийх тасалгаа нэмчихлээ. Гэтэл байдал дээрдсэнгүй. Харин ч бүр улам дордож, Сүх жанжны талбай өнгөрсөн жилийнхээс ч их хогонд дарагдсан байв. Нийслэлчүүдийн хүсээд байсан хогийн савыг нь байрлуулчихсан чинь түүнийг нь иргэд олж харахгүй байгаа бололтой. Ямар сайндаа л хэдхэн алхмын цаана байх хогийн саванд хийчихэж чадахгүй байх вэ дээ. Монголчууд бид ийм л хүмүүс.

Шаардлагыг нь хүлээж аваад биелүүлчихээр өөрсдөө дүрэм, журмын дагуу амьдарч сураагүй сонин ард түмэн юм. Ёстой зүйлийг ёсоор нь гүйцэлдүүлж сураагүй, заавал хэлүүлж, зэмлүүлж байж биелүүлдэг хэнэггүй, зөрүүд нь дэндсэн хүмүүс гэж хэлэхээс өөр юу ч гэх вэ дээ. Энэ жилээс эхлэн уг нь дахивар хогийн савыг туршиж байгаа. Иргэдийн хэрэглээнд нэвтрүүлэхээр хичээж буй. Гэтэл иргэд дахивар хогийн савыг нь эвдэлчихсэн байгаа тохиолдол хэд хэдэн удаа таарсан. Тухайлбал, XI хорооллын автобусны буудлын ойролцоо байрлуулсан хогийн савыг эвдэлж, доторх төмрийг нь авсан байсан юм.

Энэ мэтчилэн хогийн савыг төмрөөр хийхээр тушаачихдаг, модоор хийхээр шатаачихдаг тухай ч мэргэжилтнүүд халаглаж байсан. Тэгэхээр одоо бидэнд хогийн саваа зөв зүйтэй ашиглаж суръя. Хогийн савыг эвдэлж сүйтгээд төмрийн хаягдал авдаг цэгт тушаа гэж хэдэн зуун саяар нь мөнгө төсөвлөөгүй. Хог хаягдлын шинэ менежментыг ч хэрэгжүүлэх гэж мэргэжилтнүүд олон өдөр зориулаагүй биз.

Сүүлийн жилүүдэд нүд ирмэхийн зуур сүндэрлэж буй өнөөх тансаг хорооллуудын иргэд ч тойруулаад хогийн цэг үүсгэчихсэн байгааг бид өмнө нь сурвалжилж байсан. Тиймээс хот хогтой байгаагийн бурууг өөрсдөөсөө эхлээд эрье. ТҮК-ийн ажилчид болон хогийн саванд бурууг тохох шаардлагагүй.

Угаасаа ТҮК-ийнхэн ажлаа хэнээр ч хэлүүлэлтгүй сайн хийж байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Өвлийн хүйтэн, зуны халуунд ч тэд та бидний тарьсан хогийг цэвэрлэдэг. Та бидний шаардаад байсан хогийн савыг чинь энд тэндгүй байрлуулчихлаа. Харин одоо бид л зөв, соёлтой амьдрах шаардлагатай байна.

Хэрэв өөрсдийгөө хотын иргэд гэж бодож байгаа бол ядаж хогоо саванд нь хийгээд сурчих. Дараа нь тэр их хотын соёл энэ тэр гэж том ярьцгаая. Хүрээлэн буй орчноо хайрлаж, хотоо хоггүй цэвэр, цэмцгэр байлгахаас л соёл эхэлнэ.

Идсэн чихрийнхээ цаасыг, уусан ундааныхаа савыг машиныхаа цонхоор шидэхээсээ өмнө ТҮК-ийн ажилчдын хөдөлмөрийг нэг санахад илүүдэхгүй. Өглөөнөөс орой хүртэл та бидний тарьсан хогийг цэвэрлэдэг тэдний хөдөлмөрийг үнэлье.

Х.Өнөржаргал


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих