Хорио цээр үргэлжилж байна

Хорио цээр үргэлжилж байна

Нийслэлийн Хан-Уул дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэр Яармагийн товчоо орчимд “Үхэр үхсэн” гэх мэдээллийг тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст өнгөрсөн сарын 22-ны өдөр хүргүүлсэн байдаг.

Харин үхрийг боом өвчний улмаас үхсэн болохыг тогтоосон. Тухайн үед үхрийн эзэн тодорхойгүй байсан ч малын чихэн дэх ээмгээр нь ХУД-ийн XIV хороо, Өлзийтийн 25-3** тоотод амьдардаг П-гийн мал болохыг тогтоож, боом өвчнийг малаас хүнд халдаахгүйн тулд тухайн бүс нутагт хөл хорио тогтоож өнөөдрийг хүртэл хаагаад байгаа.

Өвчний голомтод 19 айлын 1713 мал байдаг бөгөөд хоёр үхэрт боомын шижиг илэрсэн ч бүрэн эмчилж чаджээ. Хорио цээрийн хугацаа энэ долоо хоногийн сүүлээр дуусах боловч хүн, малд нарийн шинжилгээ хийсний дараа хорио цээрийг татан буулгах эсэхийг шийдэхээр болжээ. Боом өвчний дээрх тохиолдол гарснаас хойших хугацаанд Хан-Уул дүүрэгт дөрвөн үхэр үхсэн ч тэдгээрийг халдварт бус өвчнөөр үхсэн болохыг нь тогтоожээ.

Харин өнгөрсөн хугцаанд хорио цээрийн бүсэд байгаа 16 айл, өрхийн нохойд мал эмнэлгийн эмч нар галзуугийн өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийх ажлыг зохион байгуулсан бол 11-н айл өрхийн 348 үхэр, 1059 ямаа, 1206 хонь нийт 1713 малд вакцинжуулалт хийсэн байна.

Голомтын бүсэд байгаа хоёр объектын хоёр мянган метр кв талбай, 10 автомашин, дүүргийн X дугаар хороо Нисэхийн товчоогоор дамжин өнгөрч байгаа 200 автомашин, Яармагийн товчоогоор дамжин өнгөрч байгаа 1027 автомашинд долоон киллса, 68 кг хлорийн шохойгоор ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих