Гэрэл, дохио ашиглах журам шинэчлэгдэв
Хууль зүйн яам, Замыг цагдаагийн газартай хамтран өнөөдөр тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам шинэчлэгдсэн талаар мэдээлэл хийлээ.
Шинэчилсэн журам ирэх долдугаар сарын 5-ны өдрөөс хэрэгжиж эхлэх юм. Шинэчилсэн журамд тусгай дуут болон гэрэл дохиог өмнө нь ЗЦГ-аас олгож байсан бол одоо ЦЕГ-аас олгохоор болсон байна.
Мөн тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглох шуурхай ажлын тээврийн хэрэгсэл нь өнгө будаг, таних тэмдэг /байгууллагын эмблем/ бичлэгтэй байна гэж заажээ. Ингэснээр ямар байгууллагын тээврийн хэрэгсэл гэдгийг шууд таних бололцоотой болох юм.
Мөн хойшлуулшгүй албан үүрэг гүйцэтгэдэг шуурхай ажлын болон тусгайлан тоноглох төрийн үйлчилгээний тээврийн хэрэгсэлд шинэ журмаар Дотоодын цэрэг /хөх-улаан/, Төрийн тусгай хамгаалалт /хөх/, Онцгой байдлын шуурхай албаны бүх төрлийн тээврийн хэрэгсэл, шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн хэргийн газрын үзлэгийн болон цогцос зөөвөрлөх /улаан/ Байгаль хамгаалах, хот тохижилт, чирэгч, ачигч, техникийн хяналт болон замын арчлалт үйлчилгээний /ногоон/ байгууллагад ногоон тусгай дуут болон гэрэл дохиог тус тус олгохоор болсон.
Эх сурвалж: Шуурхай.мн
URL: