С.Ням-Очир, Д.Сумъяа нар “Мастерс”-т түрүүллээ

images025ЭБӨБӨБӨБӨД.НАДМИД

Олон улсын жүдо бө­хийн холбооноос зохион байгуулдаг “Мастерс” тэм­цээн ОХУ-ын Тюмень хотноо болж өндөрлөв. Жин тус бүрийн шилдэг 16-д өрсөлддөг энэ тэм­цээн тамирчдын хувьд жинхэнэ том сорилго бол­дог. Бас улс орны бөхийн түвшинг ямар байгааг ха­руулдаг гэж ч болно. “Мас­терс” цар хүрээгээрээ олимп, ДАШТ-ий дараа ордог. Шагналын сан нь 200 мянган ам.доллар гэдэг нь онцгой. Жиндээ түрүүлсэн тамирчин 6000, мөнгөн медальтан 4000, хүрэл медальтан 2000 ам.долларын шагнал хүрт­дэг. Бас медальтнууд маш өндөр оноо авдаг. Түрүүл­сэн жүдоч 700, мөнгө, хүрэл медальтанд 420, 208 оноо дагалддаг. Мөн тав­ду­гаар байрт орсон тамир­чин 140, нэг ялсан нь 112 оноо чансаандаа нэмэр­лэнэ. Тийм болохоор уг тэмцээн ямархуу төвшин­тэй нь харагдаж байгаа юм.

Манай улсаас энэ жи­лийн тэмцээнд өмнөхөөс олон буюу 13 тамирчин чансааны эхний 16-д эрэм­бэлэгдсэн амжилтаа­раа шалгаран оролцсон. Тэдэн дээр таван тамир­чин сонголтоор эл тэмцээнд зодоглосон билээ. Тэм­цээний эхний өдөр ма­найхан тун гарамгай ба­рилдаж алт хоёр, мөнгө хоёр, хүрэл медаль нэгийг хүртсэн юм. 73 кг-ын жин­гийн тэргүүн бөх, олим­пийн хүрэл ме­дальт С.Ням-Очир, ОУХМ Д.Сумъяа нар ал­тан меда­лийн эзэн болж монгол төрийн дууллаа Европын тэнгэрт эгшиглүүлэв. Тэг­вэл ОУХМ Г.Болдбаатар, А.Цолмон нар алтан меда­лийн оосроос атгаж алдаад мөнгөн медаль хүртсэн бол дэлхийн аварга Х.Цагаан­баатар хүрэл медаль хүрт­жээ. Мөн 60 кг-д Д.Төмөр­хүлэг, С.Мияарагчаа, 48 кг-д М.Уранцэцэг нар медалийн төлөө барилдаж тавдугаар байрт шалгар­чээ. Өнгөрсөн жилийн “Мастерс”-т манай хоёр жүдоч 66 кг-д шалгаран хоорондоо өрсөлдөж С.Мияарагчаа түрүүлж, Х.Цагаанбаатар удаалж байсан бол энэ жил 73 кг-д бас монгол жүдочид ха­гас шигшээд хүч үзэв. Тэ­гээд С.Ням-Очир авар­галж Х.Цагаанбаатар хү­рэл медаль хүртсэн нь энэ жинд монголчууд давам­гайлж байгааг харуулав.

Бас нэг хэлэхгүй өн­гөрч болохгүй амжилт нь Х.Цагаанбаатар “Мас­терс” тэмцээнээс гурван жил дараалан медаль хүрт­сэн анхны тамирчин болов.

Эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа ОХУ, Бразиль, Японы бөхийг дараа­лан ялж шигшээд Фран­цын тамирчин, энэ жи­нгийн манлай бөх Павиаг буулган авч аваргалсан нь бахархалтай байлаа. Тэг­вэл “Мастерс” тэмцээнд анх удаа зодоглосон залуу тамирчин А.Цолмон га­рам­гай сайхан барилдаж шигшээ барилдаанд Ко­со­вогийн М.Келмен­дид ялагдснаар мөнгөн меда­лийн эзэн болов. Түүний он гарснаас хойш олон улсын тэмцээ­нээс авч буй дөрөв дэх медаль нь энэ юм. Мөн эрэгтэй­чүүдийн 60 кг-д манай туршлагатай та­мирчны нэг Г.Болдбаатар мөнгөн медалиар энгэрээ мя­лаав. Энэ амжилтаар Мон­голын баг Японы дараа хоёрдугаар байрт бичигдлээ. Тэмцээний хоёр дахь өдөр манайхан медаль нэмж авсан бол тэр байр өөрчлөгдөх магадлал байсан юм.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих