МАН нэр дэвшихийг горилогсдодоо 100 сая төгрөгийн босго тогтоох уу

Сонгууль болох хугацаа ч ойртож, улс төрийн намууд санхүүжилтээ босгож эхэлжээ. Эрх баригч нам сонгуулиар зарцуулах, пиар хийх мөнгөө олоход зовлонгүй. Улс төрд хөл тавьж том дарга болох мөрөөсөлд автсан залуус, бизнесмэнүүд хэдэн зуун саяар нь бариад дугаарлаж байхад арга ч үгүй биз ээ. Том компани, групп, корпорациуд ч нөлөө бүхий намд гар татдаггүй юм гэсэн. Бодвол бизнесээ тэлэх, том мөнгөн дүнтэй тендер авах, бизнест нь эерүү тусах шийдвэр гаргуулахад дөхөм гээд алсаа боддог байлгүй. Ер нь Монголын улс төрийн намууд дундаас хамгийн бийлэгжүү гишүүд, дэмжигчидтэй нь МАН. Намын байр нь шатаж балгас болсон ч төд удалгүй орд харш сүндэрлүүлж байна. Эрх баригч хүчин улсын төсөвт намынхаа байр барих хөрөнгийн тодорхой хэсгийг тусгуулж, татвар төлөгчдийн мөнгөнөөс хумслахын зэрэгцээ үлдсэн санхүүжилтийг нь намдаа хайр найргүй мөнгө цацдаг гишүүд, дэмжигчид, томоохон компаниудын дэмжлэгээр босгож байгаа гэнэ лээ. Саяхан болсон уулзалт дээр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх хандив өргөж байгаа гишүүдээ нэр цохон магтсан юм байх. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир л гэхэд 500 сая төгрөг бэлэглэсэн гээд л. Харин хамгийн нүнжигтэйгээр МАК-ийн ерөнхий захирал Б.Нямтайшир тодорч байгаа бололтой.

Тэрбээр тэрбум төгрөг хандивлаж аргагүй л шинэ цагийн баян гэдгээ харуулжээ. Дараагаар нь Ш.Отгонбилэг агсны хүү Содбилэг хошуучилж байгаа юм байх. Эцгийнхээ шийрийг хатаах улстөрч болохоор нэлээд шаргуу давшиж байгаа тэрбээр МАН-ын Бага хурлын гишүүн болж, намын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоонд дээгүүр алба хашдаг болжээ. Энэ залуу хувиасаа 400 сая төгрөг, НИК-ийн нэрийн өмнөөс 300 сая төгрөг бэлэглэсэн гэж намынхан нь шивэр авир хийцгээж байна. За тэгээд хандив өргөсөн хүмүүсийн нэрс ч хөвөрч байгаа гэнэ. Уг нь 2005 онд шинэчлэн найруулга хийж баталсан Улс төрийн намын тухай хуульд гишүүдээс авах татвар, хандивын талаар тодорхой зохицуулалт байдаг ч бодит хөрсөн дээр хэрэгждэггүй, тунхаг төдий л зүйл юм. Тухайн нам сонгуулиар ч, сонгуулийн бус үед ч гишүүд, дэмжигчдээс татвар, хандив авах нь нээлттэй. Харин зөвхөн тухайн шатны намын байгууллагын даргаар дамжуулж авна. Намд зориулж компани, байгууллага нэг удаа өргөх хандивын дээд хэмжээ нь 10 сая төгрөг, иргэн нэг сая төгрөгөөс хэтэрч болохгүй гэж заасан байдаг л юм билээ. Гэвч засгийн эрх барьж байгаа намын удирдлагууд Улс төрийн намын тухай хуулиа хэрэгжүүлэх байтугай улайм цайм зөрчиж байгаагаа юман чинээ санахгүй, харин ч бахдаж сайрхдаг болов. Чемодан дүүрэн мөнгө авчраад бичиг цаасан дээр гар хөлийн үсгээ зуралгүй тушаасан бол хэн түүнийг шалгаад гаргаж ирэхэв гэж боддог биз. 2008 оны УИХ-ын Сонгуулийн дараа намууд санхүүжилтийнхээ тайланг СЕХ-д хүргүүлэхэд МАН буюу тэр үеийн МАХН арав хүрэхгүй хүний нэрийг дэвшүүлсэн жижиг намаас ч бага хөрөнгө зарцуулсан гээд биччихсэн байсан юм даг. Гэвч түүнийг нь нягтлаа ч үгүй, зарим нэг хүмүүс энэ арай ч дэндэнэ ээ , ийм улайм цайм хуурамч тайлан гаргасан байхад гэж шүүмжлээд л өнгөрсөн. Ер нь МАН ч аргагүй л ах нам гэдгээ үйлдэл бүрээрээ харуулах юм аа. Саяхан МАН-ын удирдах түвшинд сонгуулиар нэр дэвшихийг горилогсдод мөнгөний өндөр босго тогтоох тухай яригджээ. Сонгуулийн зардал ирэх 2012 онд улам л өснө, өрсөлдөөн ч ширүүснэ, босго мөнгөний хэмжээг 100 сая төгрөгөөр тогтоох уу гэсэн санал гарсан ч сонгуулийн хуулийн тогтолцоо одоогоор тодорхойгүй байна хэмээн шийдвэр гаргахаа түр хойшлуулжээ. Хэрэв холимог тогтолцоотой болбол намын нэрээр парламентад, сонгогдох нь илүү өндөр босго мөнгийг төлөх шаардлагатай ч болж мэднэ хэмээн ярилцсан байна. АН 50 сая төгрөгийн босго тавиад гишүүдийнхээ эсэргүүцэлтэй тулгарч, ирэх долдугаар сарын 1-н хүртэл мөнгө хураахыг зогсоогоод байгаа. Гэхдээ МАН 100 сая төгрөгийн босго тогтоолоо ч түүнийг нь торохгүй төлчих, би УИХ-д нэр дэвшье гээд дугаарлаж байгаа бэлтэй гишүүд олонтой юм чинь дээ.

Д.ДОРЖПАГМА


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих