Дуусаагүй барилгадаа иргэдээс мөнгө авчихаад дараа нь үнээ нэмдэг луйвар байхгүй болно

2fb5466a104eac2a47f2a0a18a529671_LУИХ дахь АН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаар Сум хөгжлийн сангийн тухай болон, Засгийн газраас хэрэгжүүлэх гэж буй найман хувийн хүүтэй орон сууцны зээл, УИХ-ын гишүүн, БОНХ-ийн сайд С.Оюуны өргөн барьсан Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн талаар хэлэлцжээ. Эдгээр асуудлаар бүлэг ямар байр суурьтай байгаа талаар бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас тодрууллаа.

-Сум хөгжүүлэх сангийн эрх зүйн орчныг өөрчлөх талаар Хөдөлмөрийн яаманд чиглэл өгчээ. Тодорхой ямар чиглэл өгсөн бэ?
-Өнөөдрийн хуралдаанд Сум хөгжүүлэх сангийн зээлийн асуудлаар Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавын мэдээллийг сонслоо. 3-4 жил хэрэгжиж байгаа “Сум хөгжүүлэх сан”-гаар дамжиж орон нутагт нийт 24 тэрбум төгрөг олгогдсон байна. Гэтэл энэ сангийн нэг онцлог нь банкаар зээлждэггүй, Сум хөгжүүлэх сангийн зөвлөл болон нутгийн удирдлагын саналаар иргэдэд хүрдэг. Хамгийн ноцтой нь сангийн үр дүнг огт тооцож, дүгнэж байгаагүй, улс төрийн нөлөөлөл ихтэй, зөвхөн Засаг даргын үзэмжээр явдаг гэсэн шүүмжлэл, хардлага иргэдэд ч байгаа. Тиймээс тус сангийн журам, дүрмийг эрх зүйн орчинд нийцүүлж өөрчлөх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байна. Хөдөлмөрийн яам шинээр байгуулагдсан. Тэгэхээр Сум хөгжүүлэх сан, Жижиг, дунд үйлдвэрлэлийн сан болоод бусад давхцал үүсгэж байгаа олон сангуудаа нэгтгэж, эрх зүйн шинэ орчин, журам боловсруулж оруулж ирэх үүргийг АН-ын бүлэг Хөдөлмөрийн сайдад өглөө.
Сумдад очсон нийт төсвийн 50 хувь бодит зээл болж очоогүй байна. Өөрөөр хэлбэл Засаг дарга нь өөрийнхөө мэдэлд байлгаж байгаа гэсэн үг. Мөн сум бүрт дунджаар 150 сая төгрөг олгогдож байгаа ч энэ нь 30 мянга, 3000 хүн амтай сумдад адилхан хэмжээтэй байна. Тиймээс энэ төсвийг өөрчлөхийн тулд нэгдүгээрт банкаар заавал дамждаг болгох, үр дүнг нь хянаж, үүнээс үндэслэн дараагийн зээлийг олгодог болгох тогтолцоонд шилжих, хүн амынх нь тоонд харьцуулсан харьцааг зөв зүйтэй болгох ёстой гэж тус бүлгээс чиглэл өгч байгаа юм. Маш их үр дүнд хүрэх ёстой энэ сангийн эзэнгүйдлийг таслан зогсоож, бодитой үр дүн гаргах цаг болсон.

-Моргейжийн зээлийг энэ долоо хоногоос эхлүүлэхээр Засгийн газарт АН-ын бүлгээс чиглэл болгосон гэлээ. Энэ удаагийн зээл өмнөхөөсөө илүү удаан хугацаанд хэрэгжиж чадах уу?
-Энэ зээл бол ажилтай, орлоготой бүх хүнд хүрнэ. Хоёрдугаарт бэлэн болсон барилгад энэ зээлийг олгоно. Эндээс юу харагдаж байна гэхээр ажил мэргэжилтэй хүн өнөөдөр алтнаас илүү үнэтэй байна гэсэн ойлголт гарч ирж байгаа юм. Мөн барилгаа дуусгахын тулд улсаас зээл аваад иргэдэд өндөр үнээр шахдаг цаг үе дуусч байна. Барилгын компаниуд дуусаагүй барилгадаа ард иргэдээс мөнгө авчихаад дараа нь үнээ нэмдэг луйврын зарчим байсан. Харин одоо үүнийг зогсоож барилгаа дууссан үед энэ зээлд хамруулан мөнгөө авдаг болгож байна. Тиймээс энэ зээл цоо шинэ хувилбараар, иргэдэд ашигтай хэлбэрээр хүрэх гэж байгаа юм.

-Өмнөх зээл эх үүсвэргүйгээс болж зогссон. Харин энэ удаад эх үүсвэрийг хэрхэн хангаж байгаа бол?
-Бэлэн байгаа байрны хэрэгцээг санхүүжүүлэхэд 800 тэрбум төгрөгийн нөөц байгаа гэсэн мэдээлэл манай бүлэгт өгсөн. Харин иргэдийн нийт эрэлтийг хангахуйц хэмжээний бэлэн болсон байр хангалтгүй байгаа юм. Тиймээс одоо байгаа байранд олгох зээлийг санхүүжүүлэх нөөц хангалттай гэж ойлгож болно. Байрны нийлүүлэлтийг нэмэх тал дээр тусдаа бодлого барьж байгаа. Энэ хүрээнд Монголбанкнаас 350 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээлийг барилгын компаниудад 5.5-7 хувийн хүүтэй зээл олгож эхэлсэн.

-Мод, модон материалыг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг танай бүлэг дэмжиж байгаа юм байна. Дэмжих үндэслэл нь юу байна вэ?
-Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас боловсруулан УИХ-д өргөн мэдүүлсэн импортын мод, модон материалыг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төсөл УИХ-аар батлагдсанаар Гэр хорооллыг барилгажуулах болон Сум хөгжүүлэх төслийг хэрэгжүүлэхэд ач холбогдлоо өгнө гэж манай бүлгийн гишүүд үзлээ. Нөгөө талдаа Монгол Улс ойн нөөц багатай, тиймээс орон байр барих зориулалтаар нойтон мод огтолдог байдал зогсох юм. Түүнчлэн дотоодын үйлдвэрлэгчид импортын зүсмэл материал хэрэглэх сонирхол их байгаа учир импортоор оруулж ирж байгаа бөөрөнхий мод, гуалин, зүсмэл материал, банз, дүнз, модон бэлдэц зэргийг нэмэгдсэн өртгийн албан татвар болон Гаалийн албан татвараас чөлөөлөх нь зүйтэй.
Үүнтэй холбогдож Алтанбулагийн чөлөөт бүсийн асуудлыг амьдрал дээр хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага гарч байна. Ингэхдээ Оросуудтай хамтарч модны импортыг хөгжүүлэх бүрэн боломж байна. Энэ нь эргээд ажлын байрны асар том багтаамжийг бий болгох бололцоо нээгдэх учир асуудлыг хурдан хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатай болж байгаа юм.

Н.Гантуяа

МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих