“МИАТ”-ийн экс удирдлагуудыг шүүх хурал энэ сарын 10-нд болно
Их хэмжээний мөнгө завшсан, угаасан гэх “МИАТ” ТӨХК-ийн хуучин удирдлагууд, тэдний хамсаатнуудад холбогдох хэргийг шүүх хурал Цагдан хорих 461 дүгээр ангийн шүүх танхимд өчигдөр болох байсан ч хойшиллоо. Энэ хэрэгт 2006-2011 оны хооронд “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, дэд за-хирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн, түүний дүү “Монголиан эйрлайнс” группын захирал асан Ч.Суурьтогтох, мөн компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Гантөмөр нарыг холбогдуулан цагдан хориод байгаа билээ. Шүүгдэгч нарын өмгөөлөгчид “Шинэ өмгөөлөгчид хэрэг дээр дахин ажиллаж байгаа” гэх шалтгаанаар шүүх хурлыг 14 хоногоор хойшуулах хүсэлт гаргасан. Өмгөөлөгчдийн хүсэлтийг шүүгчид хэлэлцэж шүүх хурлыг хойшлуулсан бөгөөд энэ сарын 10-ны 09:00 цагт шүүх хуралдааныг товлосон. “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнэ хоригдож байгаа талаар дээр дурьдсан. Тэгвэл түүний биеийн байдал муудсан байна. Тиймээс эрүүл мэндийн шалтгааны улмаас батлан даалтад гарах хүсэлтийг удаа дараа тавьж байсан ч мөрдөн байцаагч, прокурорын зүгээс цагдан хорих таслан сэргийлэх ар-га хэмжээг өөрчлөөгүй байсан. Харин хэрэг шүүхэд шилжсэний дараа Баянзүрх дүүргийн шүүхээс түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж батлан даалтад гаргажээ. Бусад холбогдогчдын зүгээс ч өчигдөр болсон хурлын үеэр шүүх бүрэлдэхүүнд тус тусын өмгөөлөгчөөрөө дамжуулан цагдан хорих арга хэмжээг өөрчлөх хүсэлт тавьж байлаа. Хэрэгт холбогдогчдын эрүүл мэндийн байдал муудсан, ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэхийг шүүх бүрэлдэхүүнээс хүссэн ч хүсэлтийг хүлээж аваагүй юм байна.
Тус хэрэгт 1997-2007 оны хооронд “Голомт” банкны зургаадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэг нарын долоон хүн холбогдоод байгаа. Ц.Орхоны эхнэр Ү.Цэцэгмаа, Б.Эрдэнэбилэгийн дүү Б.Мандахбаяр нарын хэрэг үйлдсэнийг нотлох баримтаар тогтоогдоогүй хэмээн үзэж прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Дээрх хүмүүс 2007-2010 онд Дайны эрсдэлийн даатгал нэрээр тухайн үеийн ханшаар 9.3 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний ам.долларыг “Best Wealth Aviation Insurance Group” компанийн Хонконг, Япон дахь данс руу шилжүүлж байсан нь тогтоогдсон билээ. Тэдний шилжүүлсэн мөнгөний 4.3 тэрбум төгрөг нь Монгол Улс дахь арилжааны банк руу иргэдийн дансанд орж ирсэн байдаг.
Ж.Баттуул
URL: