1000 оюутан хөдөөг зорив
Өнгөрсөн нийгмээс салахдаа бид зарим нэг сайн зүйлийг нь авч үлдэж чаджээ. Энэ бол оюутнуудын үйлдвэрлэлийн дадлага юм.
Өөрөөр хэлбэл, танхимын сургалт бус дадлагаа амьдрал дунд хийхийг хэлж буй билээ. Хөдөө аж ахуйн их сургуулийнхан энэ жил мянган оюутнаа үйлдвэрлэлийн дадлагат Дархан, Эрдэнэт болон Төв аймаг руу өчигдөр үдлээ.
Тус сургууль дээр болсон “Сургалтын чанар-дадлагаас” сэдэвт өдөрлөгийн үйл ажиллагааг нээж ХААИС-ийн захирал Т.Хэрүгэ хэлэхдээ “Манай хамт олон “Үйлдвэрлэлийн эзэн, Үйлдвэрийн эзэн” байх зорилт тавихын зэрэгцээ зөвхөн дотооддоо бус ОХУ болон Францад 110 оюутан 10 багш, БНСУ-д 36 залуу багш ажиллаж, сургалт, дадлага хийхээр боллоо гэлээ.
Манай улсад мал зүйч, агротехникч дутагдалтай бөгөөд нэг малын эмчид 30 мянган мал ногдож байдаг учир илүү мэдлэг шингэсэн Инновацийн үйл ажиллагаа явуулж хөдөө аж ахуйд хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх оюутан залуусаа чадваржуулах амьдрал дунд сургахыг зорьж байна” гэв.
“Дээд боловсролд хамгийн чухал ажил бол сургууль өөрөө мөнгө олох чадвартай болох. Дэргэдээ компани байгуулж, профессорууд нь хувьцаа эзэмшдэг, шинэ гаргаж ирсэн шинэ технологийг сургууль нь санхүүжүүлдэг, төгсөөд нэг, нэг компани байгуулдаг болно гэдэгт би итгэж байна” хэмээн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр хэллээ.
СҮҮ, ЗАЙРМАГ ҮЙЛДВЭРЛЭНЭ
“Сүү, цагаан идээний дадлагаар тараг, цөцгий, аарц хийж 400-750 төгрөгөөр зараад бүтээгдэхүүнд шаардлагатай түүхий эдээ авч үлдсэнийг нь багшдаа тушааж кредитээ бөглүүлдэг. Төгсөөд бид сүү, цагаан идээний үйлдвэртэй болох төлөвлөгөөтэй байгаа гэж оюутан Э.Мөнхтулга, Б.Хишигтогтох нар ярьж байна.
Малын эмчийн ангийн оюутан Г.Дандар “Төв аймгийн Эрдэнэсант руу 14 хоног явна. Оюутнууд бид дадлага дээрээ л бүх зүйлээ сурч авдаг юм. Сая Л.Гантөмөр сайд “Картаа аваад яваарай 70 мянган төгрөгийг чинь хурдан шилжүүлэх үүрэг өгнө” гэсэн. Манай оюутнууд зарим нь мөнгөөр дутагдаж явдаг шүү” гэв.
Гурав дөрөвдүгээр ангийнхан үйлдвэрлэлийн дадлагаа дотоодод болон Солонгос, АНУ-д хийж дунджаар 250 мянган төгрөгийн цалин авдаг гэж байгалийн аялал жуулчлалын ангийн оюутан Ц.Далайхишиг хэллээ.
Малын эмч, агрономчи, автын инженер гээд төрөл бүрийн мэргэжлээр сурч буй оюутнууд дуу хуур, сүү цагаа дэлгэсэн урмаар тэтгэгдэн эгнэн зогссон автобусандаа сууж дадлагын урт аяндаа гарцгаалаа.
Д.Баттогтох /ЗУУНЫ МЭДЭЭ /
URL: