О.Нарантуяа: Согтууруулах ундаа борлуулах эрхтэй ААН-д шалгалт хийж байна

arkhiНийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Улаанбаатар хотын хэмжээнд худалдаа, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулжээ.

Мөн зарим байгууллагын архи, согтууруулах ундаа худалдаалах зөвшөөрлийг хүчингүй болгох, мөн шинээр олгох, сунгах, тухай захирамж гаргажээ. Тус захирамжийн талаар нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяагаас тодрууллаа.

-Худалдаа үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт  оруулсан гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Нийтийн үйлчилгээний цайны газар өвлийн улиралд 09:00-20:00, зуны улиралд 08:00-22:00 хүртэл ажиллана. Мөн хүнсний мухлаг өвлийн улиралд 09:00-22:00, зуны улиралд 08:00-22:00 хүртэл, аж үйлдвэрийн барааны дэлгүүр өвлийн улиралд 10:00-20:00, зуны улиралд 09:00-21:00 цаг хүртэл ажиллана.

Харин албан байгууллагуудын дэргэдэх цайны газрууд байгууллагын цагийн хуваарьт зохицож ажиллах юм. Түүнчлэн эмийн сан, шатахуун түгээгүүрийн станцууд 24 цагаар нэгдсэн нэг төрлийн хаягтай үйлчилгээ эрхэлж болно. Сүүлийн үед түргэн үйлчилгээний хоолны газрууд 24 цагаар ажиллаж байсныг байхгүй болгож, өглөөний 07:00-03:00 цагийн хооронд үйлчилж байхаар болгосон.

Мөн шөнийн цэнгээний газруудын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан байна. Согтууруулах ундаа түүгээр үйлчлүүлэх тусгай зөвшөөрөлтэй газрууд шөнийн 00:00 цаг гэхэд архи, согтууруулах ундааны худалдааг зогсоож байсан. Ингэхдээ бусад төрлийн үйлчилгээг давхар хорьчихоод байсныг цуцалж, тусгай хөтөлбөртэй караоке, шөнийн цэнгээний газрууд долоо хоногийн пүрэв, баасан, бямба гарагийн шөнийн 00:00-03:00 цаг хүртэл үйлчилгээ явуулж болно. Гэхдээ согтууруулах ундаагаар үйчлэхгүй. Согтууруулах ундааг  00:00 цагаас хойш борлуулах буюу үйлчлэхийг хуулиараа хориглочихсон. Харин бусад гарагт 15:00-00:00 цаг хүртэл үйлчилгээ хэвийн үргэлжилнэ.

-Энэхүү цагийн хуваарийн өөрчлөлт хэзээнээс хэрэгжих вэ?
-Өнөөдрөөс (өчигдөр) эхлэн мөрдөгдөх юм.

-Зарим байгууллагын согтууруулах ундаа худалдаалах тусгай зөвшөөрлийг цуцалсан гэсэн. Хэчнээн байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцалсан бэ?
-Энэ оны байдлаар 80 гаруй байгууллагын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Одоогоор согтууруулах ундаа худалдаалах зөвшөөрөлтэй байгууллагууудад атестатчилах шалгалт хийж байгаа. Энэхүү шалгалтаар стандартын шаардлага хангаагүй аж ахуйн нэгж байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлах болон бусад холбогдох захирамжууд нэгдсэн байдлаар гарна.

-Шалгалтын нэгдсэн дүн хэзээ гарах вэ?
-Ирэх сарын 20-н хавьцаа дуусна.

-Тусгай зөвшөөрлөө цуцлуулсан аж ахуйн нэгж байгууллага тусгай зөвшөөрлөө сэргээх боломжтой юу?
-Стандартын шаардлага хангаад гурван сарын хугацаанд цагдаа, мэргэжлийн хяналтынхны өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн тохиолдолд шинээр авч байгаа юм шиг тусгай зөвшөөрөл олгоно.

-Тусгай зөвшөөрлөө олон удаа цуцлуулаад буцааж сэргээсэн тохиолдол байдаг уу. Ийм тохиолдолд яах вэ?
-Энэ асуудлыг Архины хяналтын тухай хуульд нэлээн нарийн тусгаж өгсөн байгаа. Одоогоор тусгай зөвшөөрлөө олон удаа цуцлуулсан аж ахуйн нэгж байгууллагад дахин олгохгүй гэсэн зүйл заалт байхгүй. Хууль хэрэгжээд эхэлбэл манай байгууллагаас тусгай зөвшөөрөл олгох журмаа өөрчилж, нарийн тусгах байх.

-Тусгай зөвшөөрлөө цуцлуулсан байгууллагуудын нийтлэг алдаа нь юу байв?
-Цагийн хуваарийн дагуу ажлалгүй. Цаг хэтрүүлсэн тохиолдол.

-Наадмын үеэр хэчнээн байгууллага үйл ажиллагаа явуулах вэ?
-Наадмын ажлын хэсэг гарчихсан ажиллаад явж байгаа. Худалдаа үйлчилгээний чиглэлээр нийт 700 гаруй аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулна. Үүнд хүнсний бүтээгдэхүүнээс өөр зүйл зарахгүй. Ойрын үед гар дээрээс худалдаа хийхийг хориод байгаа. Харин энэ жил Ард түмний худалдаа гэх нэрээр цэнгэлдэхийн гадаа автомашины зогсоолын хажууд байрлуулж худалдаа хийлгэхээр болсон. Ингэхдээ хоол зарахгүй ундаа, ус зарна.

Ж.Баттуул


URL:

Сэтгэгдэл бичих