Авлига биднээс 200 бага сургууль байгуулах мөнгийг завшсан
Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшсэн Цахиагийн Элбэгдорж эмэгтэйчүүдтэй Соёлын төв өргөөнд өнөөдөр уулзаж, саналыг нь сонсох ялдамд өнгөрсөн дөрвөн жилд амжуулсан зүйлээ, ирэх дөрвөн жилд хийхээр төлөвлөсөн ажлаа танилцууллаа. Танхим залуухан оюутан охидоос эхлээд азай буурал эмээ хүртэлх янз бүрийн насны эмэгтэйчүүдээр дүүрсэн байв. Нэр дэвшигчийг дэмжихээр АН-аас УИХ-д сууж байгаа Д.Арвин, Л.Эрдэнэчимэг, Р.Бурмаа, М.Батчимэг, Ц.Оюунгэрэл, С.Оюун нарын эмэгтэй гишүүд энд хүрэлцэн иржээ.
Харьд буй монголчуудын маань сэтгэл эх орон руугаа эргэж байна
УИХ –ын гишүүн Ц.Оюунгэрэл үг хэлэхдээ Ерөнхийлөгч өнгөрсөн дөрвөн жилд эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг баталгаажуулахаар олон зүйл хийснийг дурдаад “Эмэгтэйчүүдийг дэмждэг түүний бодлогын нэг үр дүнд бид АН-аас УИХ-д олуулаа нэр дэвшиж, өнөөдөр зургуулаа та бүхний өмнө зогсож байна. АН өмнөх УИХ-д эмэгтэй гишүүнгүй байсан шүү дээ” гэв. Мөн дөрөвхөн жилийн өмнө бид гудамжинд үгээ хэлэхээр жагсахад гудамжны хүүхнүүд гэж ад үздэг байсан. Тэгвэл ардчилсан Ерөнхийлөгчийнхөө ачаар бид сум, баг, аймаг, нийслэл, дүүрэгт үгээ хэлэх танхимтай боллоо. Олон хүүхэд төрүүлж өсгөнө гэдэг хэцүү. Үүнийг маань Ерөнхийлөгч бас л ойлгон болзол нөхцөлийг нь зөөллөж, өнгөрсөн хугацаанд урьд өмнө хэзээ ч байгаагүй олуулаа буюу 130 гаруй мянган ээж алдарт эхийн одон хүртлээ. Германы иргэн болсон мэргэн буудагч Мөнхбаяр маань хүртэл эргээд Монголынхоо иргэн болох сураг байна. Эрхийг нь, аюулгүй байдлыг нь хамгаалаад, урамшуулаад, дэмжээд ирэхээр харьд байгаа монголчуудын маань сэтгэл эх орон руу эргэж байна. Ийм Ерөнхийлөгч л монголчуудыг олуулаа болгож чадна. Тиймээс эмэгтэйчүүдийнхээ өмнөөс Ерөнхийлөгчдөө баярлалаа гэж хэлье хэмээн нэмэн өгүүллээ.
Дөрөвхөн жилд Монгол Улс авлигын индексээр 26 байраар урагшилж чадлаа
УИХ-ын гишүүн С.Оюун “Бид маш хариуцлагатай сонголтын өмнө байна. Бид өөрсдөө ирээдүйгээ бий болгодог ч Ерөнхийлөгчийн санаачилга, шийдвэр шийдвэрлэх чухал нөлөөтэй байдаг. ИЗНН шударга ёс, сайн засаглал, авлигын эсрэг бодлогынхоо хүрээнд өнгөрсөн сонгуулиар Ц.Элбэгдоржийг дэмжсэн. Ингэснээрээ бид алдаагүй, хожсон гэдгийг өнгөрсөн жилүүд харууллаа. Дөрөвхөн жилд Монгол Улс авлигын индексээр 26 байраар урагшилж чадлаа. Ерөнхийлөгч маань ногоон хөгжил, байгаль орчноо тууштай хамгаалагч байсан. Тиймээс ч НҮБ-ын байгаль орчны хөтөлбөр “эх дэлхийн бодлогын манлайлагч”-аар Ерөнхийлөгчийг шалгаруулж шагнасныг дурдахад таатай байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бол тулгамдсан асуудлыг нэн тэргүүний зорилт болгож чаддаг. Дотоодод ярьснаа гадаадад, гадаадад хэлснээ дотооддоо чухал асуудал гэдгийг нь ойлгуулж дэмжлэг авч чаддаг удирдагч. Ийм удирдагчийг ИЗНН дэмжиж байгаадаа баяртай байна. Тэр хорь гаруй жил ардчилал, шударга ёсонд үнэнч байж чадсан. Цаашид ч чадна гэдэгт итгэлтэй байна. Бүгдээрээ ардчилсан Ерөнхийлөгчтэйгөө хамтдаа байж, хамтдаа ялалт байгуулъя” хэмээв.
Жендерийн мэдрэмжээр Ц.Элбэгдорж улс төрчдөө тэргүүлж байлаа
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хамт мөр зэрэгцэн 20 гаруй жил ардчилал, хүний эрх, эрх чөлөөний төлөө тэмцэгч, Э.Бат-Үүл “Ц.Элбэгдорж жендерийн мэдрэмжээр улс төрчдийг шалгаруулахад түрүүлж, би удаалсан юм. Тэрээр эмэгтэйчүүдийг бусдаас илүү ойлгож, мэдэрдэг, дэмждэг хүн. УИХ дээр хүртэл “Гэрээ аваад явж чадаж байгаа эмэгтэй хүн төрөө аваад явж чадна” гэж хүртэл хэлж байсан. Ерөнхий сайд байхдаа Гадаад харилцааны сайдад анх эмэгтэй хүн томилж байсан. Бас намын дарга байхдаа анх удаа эмэгтэй хүнээр Ерөнхий нарийн бичгийн дарга тавьж байлаа. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар эмэгтэйчүүдийг дэмжин бүсгүйчүүд анх удаа хамгийн олон суудалтай боллоо. Үнэхээр эмэгтэйчүүдийг тэр илүү ойлгодог, хүндэлдэг, бас итгэдэг хүн” хэмээн атаархангуй өгүүлнэ билээ. Тэрээр бас АОХН-ийн сайд нарын бага хурлаар Ерөнхийлөгч хэр зэрэг нэр хүндтэй байгааг харахаар тэсч ядан анхаарчээ. Тэгээд Ц.Элбэгдорж маань олон улсад ямар их нэр хүндтэй юм бэ гэж алмайрсан гэнэ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хүртэл хоёр Суданы асуудлыг эвтэйхэн зохицуулаад өгөөч гэж утсаар ярихыг нь Батлан хамгаалахын сайд сонсоод Ерөнхийлөгчөөрөө бахархсаныг хүртэл дурдана лээ. Тэрээр олон жилийн журмын андаа олон улсад нэр хүндтэй, нөлөөтэй нэгэн болсныг ийнхүү бахархан ярьсан юм.
Үүний дараа олон бүсгүй Ерөнхийлөгчийнхөө хийсэн, бүтээснийг бахархан өгүүлж, баярласнаа болон дэмжиж байгаагаа илэрхийлж, “Эмэгтэйчүүд ээ, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчдөө дахин нэг боломж олгоё” хэмээн хэлж удтал алга нижигнүүлэн ташиж уухайлж байлаа.
Монголд ес алхахад найм нь чөлөөтэй болсон
Нэр дэвшигч Ц.Элбэгдорж “Ямар хүнийг дэмжихээ гэр бүлээ, ажил амьдралаа, улс орноо бодож сонгоорой. Энэ бол хариуцлагатай сонголт шүү” гэж үгийнхээ эхэнд хэлэв. “Бид нэг зүйлийг мартаад байна. Хүнээ мартаад байна” гэж УИХ-ын чуулган дээр би хэлж байсан. Тиймээс би хөтөлбөртөө хүмүүсээ анхаарах асуудлыг түлхүү тусгалаа. Төрөх болчихсон аль эмнэлэгт очихоо мэдэхгүй сандарч яваа ээжийг, хүүхдэд нь цэцэрлэг олддоггүй гэрээ сахиж суугаа ээжийг, хүү нь, охин нь сургуульд гурван ээлжээр хичээллэж харуй бүрийгээр тэднийгээ хүргэж өгдөг, бас очиж авдаг ээжийг бодож, хүүхэд харсны тэтгэмжийг таван сар биш хоёр жил олгох, гэрийнх нь дэргэд бага сургууль бариулах, гэр цэцэрлэг ажиллуулж тэднийг ажилтай эсвэл ажиллах боломжтой болгох талаар тусгалаа. Эмэгтэй түшээд маань энэ санааг ажил болгохоор одооноос хуулийн төсөл боловсруулаад явж байна. Айлын таван хүүхэд харахад жилдээ долоон саяын цалин авах боломж бүрдэнэ. Ахмадуудыг байрны зээлээс гадуурхаад байдаг. Тэгэхээр тэдэндээ төрийн орон сууц барьж өгөхөөр ярилцаж, Э.Бат-Үүлтэйгээ хамтран ажиллаж байна. Тийм байранд бас залуучуудаа ч оруулна. Ажил, амьдралын гараагаа эхэлж байгаа залуучуудад маань юун хуримтлуулсан мөнгө байх билээ. Тэднийг дэмжих ёстой. Ажилласан жилийн нэмэгдэл авахад шалгалт өгөх, гадаад хэл эзэмшсэн байхыг шаарддаг гэнэ. Үүнийг өөрчилнө. Ажилласан жил нь тодорхой байхад л болно шүү дээ. Ер нь шалгалтаар бүтээгчдээ дарамталдгийг болиулна. Өөрсдөө хүсэлт гаргасан газрыг л шалгадаг байх хэрэгтэй. Бидэнд сонгуульгүй хоёрхон жил байдаг. Ирэх жил эхэлнэ. Маш бага хугацаа. Их зүйлийг амжуулах хэрэгтэй. УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч тулгын гурван чулуу шиг нийлж ажиллах хэрэгтэй байна. Ингэж ажиллахыг ч хүсч байна.
Тамхины хяналтын хууль шиг архины хатуу хууль удахгүй гарна. Би хоёр лицензийг хориглосон юм. Нэг нь архины үйлдвэр нэмж байгуулах зөвшөөрөл өгөхгүй байх, нөгөө нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл нэмж олгохгүй байх. Сүүлчийнх хоригийн ачаар монголд ес алхахад найм нь чөлөөтэй болсон шүү.
Авлигатай хатуу тэмцэнэ. Алдсан мөнгийг эргүүлж авна. Авлига биднээс 200 бага сургууль байгуулах мөнгийг завшсан байсан. Зөвхөн МИАТ-ын авлигачид гэхэд л 40 цэцэрлэг барих мөнгө идсэн шүү дээ. Одоо авлигачид “Элбэгдорж л биш бол Ерөнхийлөгч хэн ч болсон яах вэ” гэж залбирч байна. Энэ бол явцгүй зүйл гэж хэлмээр байна. Би ялбал энэ дугаар сарын 27-нд л шууд ажилдаа орно. Цаг алдаж судалж, суралцах шаардлагагүй. Сонгуулийн маргаашаас л ээж нарынхаа өмнө ярьж байсан зүйлээ хэрэгжүүлэх ажилдаа орно гэж нэр дэвшигч маань ярилаа.
Ээжүүд, эмэгтэйчүүд, охид оюутнууд танхимд “Хамтдаа шүү”, “Авлигагүй, ардчилсан ерөнхийлөгчөө дэмжинэ шүү” “Ээбий, чи шүү” хэмээн уухайлан дэмжиж, тайзнаас бууж ирмэгц нь бүчин тойрч амжилт хүсч байв. Ерөнхийлөгч “Ээжүүдтэйгээ уулзаж хийморио сэргээлээ, одоо алсын замд шууд гарна, их баярлалаа” хэмээн хэлж тэдэнтэй гар бариад “Чингис хаан” нисэх онгоцны буудал руу хөлгийн жолоо заллаа.
Н.Мөнх-Ялалт
URL: