Би бол Өвөрмонголын энгийн нэгэн эмч хүн юм. Хүмүүний бие махбодыг зовоодог өвчин зовлонг эмчлэх тангарагтай хүн. Миний хувьд уран бүтээлч урлагын хүнийг бол оюун санааны эмч гэж үздэг. Одоо хүмүүс оюун санааны хүнд өвчинд нэрвэгдсэн, шуналын сэтгэл, хувиа хичээх сэтгэл, атхаг дүүрсэн энэхүү цөвүүн цагт урлагынханы дуу хоолой бол ард түмний оюун санааны өвчнийг засах эм байх ёстой гэж бодож явдаг.
Ардчилал бадарсан Монгол улсад адилхан эмч мэргэжилтэн гэж үздэг Монгол улсын хошин шогынхонд хэдэн үг хэлэхэд буруутгахгүй байлгүй дээ. M.Баярмагнай тэргүүтэй Монгол шогчид оо… та нараас би хэдэн зүйл асууя? “Эмэгтэйчүүдийн салтаа байцаах газар” гэсэн үүдний хаягийг Өвөрмонголын аль эмнэлэгт үзэв ээ? Өвөр монголд бол Үүдний хаягийг тусгай хянах албан газраас зөв бурууг нь хянаж үзээд Монгол бичгийг нь дээд талд нь хятад бичгийг нь доод талд нь бичиж хаддаг хуультай юм. Төвдөд бол төвд үсгийг нь дээд талд нь гэх мэт дундад улсад үндэстэн орон нутгийн хууль гэж байдаг юм. Энэ хуулийг ямар нэгэн байгууллага зөрчихөд хүрвэл үйл ажлиллагааны эрхийг хасаж үүдийг хаадаг юм.
Монгол уламжлалт эмнэлэгт анагаах ухааны есөн мод гэж байдаг. Энэ нь 9 модноос 47 салаа гарч 224 навч, 2 цэцэг 3 үр ургасанаар зүйрлэж хэдэн зуун жилийн турш манай дээдэс Монгол анагаах ухааныг эрүүл бие оношлох ухаан эмчлэх аргатай нь энэхүү 9 модоор зүйрлэж заан сургаах арга зүйгээ уламжласаар ирсэн билээ. Иймээс Өвөр Монголд эмнэлэгээ нэг мод гэж үзээд доторх тасгуудыг салаа гэж нэрлэдэг юм. Жишээ нь: Таван эрхтэний салаа, эмэгтэйчүүдийн салаа, хүүхдийн салаа гэх мэт хэрвээ та нар нүдээрээ үзсэн бол салаа гэсэн монгол үсгийг салтаа гэж буруу уншсан байна. Бас та нарын хэлдэг зайрмагыг “мөсөн мөлжүүр гэнэ” гэдэг чинь мөсийг яс мөлжихтэй адил мөлжихийг хэлж байгаа юм бишээ “мөсмөлж” гэсэн үг ээ… мөс арай болоогүй байгаа үеийг хэлдэг юм. Харин зайрмаг гэдэг чинь усны дээгүүр өрөм шиг юм тогтож зайр суухыг хэлдэг юм биш үү… Тиймээс зайрмаг гэдэг үг чинь гадуураа мөсөөр хучигдсан дотроо шингэнтэй юм уу эсхүл дээгүүрээ өрөм сууж хөлдсөн усыг хэлэх юм шиг санагдана. Хоёр хэрээ нэгнийхээ харийг гайхав гэдэг шиг мэдэхгүй юм даа… Монгол үгэнд мөсмөлжтэй адилхан үг олон байдаг. Бас бялууг Өвөрмонголчууд насан баярын боов гэдэг гээд их инээлцэх юм даа… Өвөрмонголд бялууг зөөхийтэй боов гэдэг юмаа, ер нь боов гэдэг чинь боожгойг хэлж байгаа юм бишээ… түүхээс аваад бүлдэгийг боов гэж бичсэн ном судар байдаггүй юм. боов иддэг боовоороо … … одоо болсон. харин та нар чинь бүлдэгээ иддэг боовоороо нэрлэчихээд хүнийг элэглэдэг чинь хачин санагдана.
Хэрэв та нар дээрх үгүүдийг хүнээс сонссон бол лав Цэвэр Монгол хүнээс сонсоогүй байх. Монгол хүн бол арай тэгэж өөрийн үндэстэндээ оргүй юм хэлэхгүй байхаа. Өөр үндэстэний нэг нөхөр юм уу эсхүл нөгөө эрлийз хурлийз нь өвөр, ар хоёр Монголын дунд яс хаясаныг олж аваад нэг их юм болгоод хошин шог зохиогоод алаг махны тасархай алтан ясны хэлтэрхийгээ муулж улсаараа үзээд инээлцэж суух нь зохисгүй ээ? Одоо бол дэлхийд тархасан монголчууд нэг нэгнээсээ үгүй дутуугаа нөхөж эв дүнжинтэй байх нь чухал болохоос хамаг монголыг хагацуулан салгах үг яриа үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийг бол миний хувьд монголчуудыг эвлэрэн нийлэхээс айдаг хүний үйл ажиллагаа боддог. Монгол үгэнд бичгийн үг, хар ярианы үг гэж байдаг юмаа. Монгол хэл баялаг шүү дээ… Өвөрмонголд бол та нарын хэлдэг боов гэдгийг чинь гэхэд хар ярианы үгэнд, хүүхэд үед нь мөнжөө, боожгой, бөөсөг, боов, чавга, үзэм, насма /хамрын тамхи гэсэн төвд үг/, шомбог, хувалз гэх мэтээр өхөөрдөн хэлдэг. Том хүн болоход нь халдаг, бүлдэг, шодой, балдага гэдэг. Өтөлсөн хүнийхийг бол муу мах, уруу царайт, нөгөөдөх гэх мэтээр зөвхөн эр бэлгийг хүртэл ийм олон янзаар насыг тааруулан, үйл ажиллагаанд тохируулан нэрлэдэг боловч бичигт бичихдээ эр бэлэг буюу бэлэг эрхтэн гэж бичдэг. Боов гэдэг чинь эр бэлгийн тогтоосон нэр биш шүү. … боов гэж хэлбэл иддэг боов … байх ёстой. харин хүүхдэд боовыг чинь авна гэвэл бөөсгийг чинь авна гэж хүүхдийг айлгасан үг болж мэднэ.
Монгол улс бол халх ястанаар гол болсон болохоор зарим газрын хүмүүс Монгол улсыг халх улс гэдэг юм. Халх Монгол ах дүү нар минь ээ… оюуны эмч байх ёстой Монгол уран бүтээлч, хошин шогийнхон минь… та нар бол дэлхийн Монголчуудын дуриалал байх ёстой. Та нар бол Монголчуудын голомт нь дээр байгаа хүмүүс шүү. Та нарыг дэлхийн бүх Монголчууд харж байгаа. Та нараас их юм сурч оюун тархиа зөв байлгаж Монгол хүн Монголоороо байх дархлааг дэлхийн өнцөг буланд дэлүү шиг наалдсан Монгол хүмүүс Та нараас … сурахыг хичээдэг шүү. Та нар минь Монгол бичиг, түүх, ёс заншилаа сайн уншихгүйгээр кирилл бичигтэй, хэдхэн хар ярианы үгтэй байж болохгүй ээ, Монгол үг баялаг шүү… хар ярианы үг … … нэг юмыг олон … хэлдэг юмаа. бидний түүх зан үйл шашин шүтлэг эм эмнэлэг бүхий юмаа Монгол бичиг дээрээ Монгол бичгийн хэлээр боловсон сайхан хэллэгээр бичээстэй буй. Та нар адаглаад Монгол бичгээрээ Монголын түүх, дээр үеийн уран зохиолуудыг унших хэрэгтэй байна. Тэгвэл та нарын хэлээд байгаа хэлний ядуурал чинь үндэснээсээ эмчлэгдэнэ. Тийм үгүйгээр салаа салтааг хоёрыг ялгахгүй байж Монгол бичгийг язгуур үндэс дагавартай нь өсөх наснаасаа сурсан, Монгол түүхээ уул эх бичгээр нь уншсан Өвөрмонгол ах дүү нараа доош хийж элдвээр муулж оргүй худал үгүүд зохиож хошин шог гаргаад улсаараа инээлдэж суугааг хажуугаас чинь харийнхан хараад өмдгүй нь өвдөг цоорхойгоо элэглэв гэж хэлэх вий дээ.
Өвөрмонголын эмч З. Сүхээ 2013.06.01
https://www.facebook.com/purevsuren.ragchabazar/posts/500069963397998