Хятад ноёдын монгол тосгон

a823a8952b5e50f4bigБ.ЭНХЗАЯА

Монгол дахь хятадууд. Гаднаас ажиллах хүч авах Засгийн газрын бодлогын дагуу Монгол Улсын бүтээн байгуулалтад гар бие оролцож буй “ажилчин зөгийнүүд”. Тэд дулааны улирал эхлэх үед зам, барилгын ажилд дайчлагдахаар өглөө бүр Улаанбаатарт олон зуугаараа буудаг. Тэдний олонх нь орон нутгийг зорьдог ч цөөнгүй хэсэг нь нийслэлд үлддэг. Олон хятад ажилладаг Налайх дахь тоосгоны үйлдвэрийн талаар сурвалжиллаа. Тэндхийн үйлдвэрүүд ойролцоогоор 20-70 хятад ажилчинтай юм.

Налайх дүүрэг замын түгжрэлгүй, хөл хөдөлгөөн ч ба­гатай. Харин тоосгоны үйлдвэрүүд нь дүүргээс нэлээд зайдуу. Нийслэлийн иргэдийг нүүрсээр хангадаг Налайхын уурхайг залгаж арав гаруй жилийн өмнөөс тоосгоны үйлдвэрүүд сууриа тавьж эхэлжээ. Дүүргийн өмнөд захын дэнж давангуут олон зуугаар нь эгнүүлэн өрсөн тоосгыг хар уутаар нөмөрсөн, дэргэд нь улаан тоосгон хэрмүүд хөндийг бүрхэж харагдана. 2001 онд Хунхуа хэмээх тоосгоны үйлдвэр сууриа тавьж байсан бол одоо үйлдвэрийн тоо аль хэдийнэ 35-д хүрчихэж. Хэрэм барилгын нэгээхэн хэсгийн дээврээр яндангууд цухуйна. Дэргэдээ монгол гэртэй юм. Нутгийн хүмүүсээс лавлавал гэрт монгол ажилчид ундаалж амардаг, харин яндан цухуйх тоосгон байшинд хятадууд хэд хэдээрээ амьдардаг гэнэ. Газар гэсч, үйлдвэрлэлийн улирал эхлэхэд хятад ажилчид ирж тэндээ амьдрангаа ажилладаг аж. Харин үйлдвэр нь зогсохоор намартаа нутаг буцна. Энэ хугацаанд олон зуун хятад хүний тосгон үүсч буй нь энэ. Тосгон гэсний учир нь тэнд жилийн гурван улирал дамжин амьдрал өрнөнө.Түүнчлэн тэдний амьдралыг тэтгэгчид төдийгүй мөнгөнд нь хууртагчид бол монгол охид. Охидыг дүүргийн такси үйлчилгээний жолооч нар үйлдвэрийг зорихыг анддаггүй болж. Учир нь монгол охид оройд такси барьж, үйлдвэрт хүргүүлнэ, цаг тохирч буцааж авахуулна. Өөрийн дураар ганц нэгээр очих охид байхад тэднийг зохион байгуулалтаар хүргэх үйлчлэгч ч байдаг гэнэ. Охидын үнэ 10 мянган төгрөг. Тэд шөнөжин наргиж цэнгэж, зодолдож хононо. Нүцгэн охид дэргэдээ суулгачихаад тоглож байсныг харсан хүмүүс ч байх аж. Тэд үйлдвэртээ наргихаас гадна дугааргүй машин хөлөглөж дүүргийн цэнгээний газруудыг хэсдэг бололтой. Бүр хятад цэнгээний газар ажилладгийг зарим эх сурвалж мэдээлэв. Түүнчлэн дүүрэг орчмын үйлдвэрүүд харьцангуй цэвэр ч захын үйлдвэрүүд нь хүн ойртохын аргагүй бохир. Үйлдвэрийнхэн хог новш, ялгадсан дундаа ажиллаж, амьдрах нь хэвийн үзэгдэл болжээ. Иргэдийн хэлж буйгаар үйлдвэрийн эзэд цагдаа болон мэргэжлийн хяналтынхныг хялбархан аргалчихдаг учир тэр мэтийн зүйлдээ санаа зовдоггүй бололтой.

 

“13 ЦАГ АЖИЛЛААД 12 МЯНГАН ТӨГРӨГ АВНА”

 

Хятад эзэдтэй үйлдвэрийн ажилчдын олонхи нь монгол юм. Тоосгоны үйлдвэрүүдэд хөдөөний голдуу хүмүүс ажилладаг юм байна. Цөөн хэсэг нь Налайхын иргэд. Тэдэнд тулгардаг хамгийн том бэрхшээл нь хөдөлмөрийн үнэлэмж гэнэ.Зарим үйлдвэрүүд орон нутгийн иргэдийг далимдуулж цалинг нь бодож өгдөггүй гэх яриа байна. Хунхуа гэх үйлдвэрийн монгол ажилчид ийнхүү ярив.

-Үйлдвэрийн эзэд монгол ажилчдад халтай гэж ярих хүмүүс байна. Танайх ямар вэ. Цалингаа авч чадаж байна уу?

-Манай үйлдвэр бараг анхных болохоор эзэд нь цалингаа яс тавьдаг. Харин сүүлийн жи­лүүдэд олноор нэ­мэг­д­сэн үйлдвэрийн эзэд монголчуудыг дарамталдаг гэдэг юм билээ.

-Та бүхний нэг өдрийн цалингийн хэмжээ хэд байна вэ?

-Нэг өдрийн цалин 10 мянган төгрөг байснаа 12 мянга болгосон. Цалингийн хэмжээ үнэхээр бага. Өглөө 6.00 цагаас эхлээд оройн 19.00 цаг хүртэл ажилладаг. Харин хятадуудын цалин монголчуудын цалинг хэд хэд нугалдаг гэсэн.

-Хятадууд өөрсдөө ямар ажлыг нь хийдэг юм бэ?

-Тэд үйлдвэрийн нарийн ширийн асуудлыг л хариуцдаг. Харин монгол ажилчид хамгийн хүнд хэцүү,  биеийн хүч шаардсан ажлыг хийдэг. Ажлын цаг урт мөртлөө цалин маш бага. Бүх үйлдвэрүүд хоорондоо холбоотой байдаг юм билээ. Бүгд л монголчуудад нэг ижил тоо хэлнэ.

-Танай үйлдвэр хэчнээн ажилчинтай вэ?

-Манай үйлдвэрт одоо­­гоор 40 орчим мон­­гол ажилчин, 10 гару­й хятад ажилчин байгаа” гэсэн юм. Ийнхүү учирлах монгол ажилчдын яриаг хаанаас ч сонсож болохоор. Ха­рин үйлдвэрийн хятад ажилчид 1-2 сая төгрөгөөр ца­линждаг юм байна. Монгол нутагт эздийнх нь хөдөлмөрийг мөлжиж, доромжилж байгаа нь хятадуудын ноёрхол гэмээр. Тэд намар нутаг буцталаа ийм маягаараа л амьдардаг гэнэ. Ийнхүү Монгол нутагт хятад иргэдийн бүхэл бүтэн тосгон бий болжээ. Энэ сэдвийг бид үргэлжлүүлэн сурвалжлах болно.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих